Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч М.Мөнхсүрэн

          Шүүгдэгч П.Отгонжаргал нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Отгонжаргалд холбогдох эрүүгийн 2222000000094 дугаартай  хэргийг 2022 оны  06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн 1976 оны 08 сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, эксваторчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын 15-7 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 сарын 21-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар 500 цаг албадан ажил хийлгэх ял,

 Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 03 сарын 10-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 7 жилийн хорих ял,

 

 Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 07 сарын 24-ний өдрийн 198 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хорих ял,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 12 сарын 03-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2-т зааснаар 03 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж хянан харгалзаж байсан Начин овогт Пүрэвсүрэнгийн Отгонжаргал РД:/ЗЮ76082379/.

 

   Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

 Шүүгдэгч П.Отгонжаргал 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Цолмонбаатарын чихэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

           Шүүгдэгч П.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуултад хариулна” гэв.

 

           Шүүгдэгч П.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “...Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өглөө 07 цаг 30 минутын үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар сургуулийн гадна том охиноо хүргэж өгөхөөр очсон. Тэгтэл нэг жижиг хар машин сургуулийн урд явж байсан хүүхдүүдийг мөргөх шахаад маш хурдтай орж ирсэн. Тэгээд хүүхэд ордог жижиг хаалганд тулж зогсоод хүүхдээ буулгасан. Би яваад очтол жоншны хулгайч байсан. Тэгээд сургуулийн орчимд 500 метр зай дотор 20 километр цагийн хурдтай явна гэсэн тэмдэглэгээ шон болгон дээр байхад чи яаж яваад байгаа юм бэ? гэж хэлтэл чамд хамаагүй битгий хуц гэж хэлээд тоос манаруулаад дрифт маягаар эргээд хөдөлсөн. Тэгэхээр нь би хойноос нь явтал нэг хашаа руу ороод зогссон. Би араас нь орж зогсоод машинаасаа согтуу буугаад ирэхээр нь чи муу айлын олон нялх нойтон хүүхдүүд дайрч алах нь уу, яаж яваад байгаа юм гэж хэлээд баруун гараараа зүүн хацар, шанаа хэсэгт нь 2 удаа алгадсан. Тэгж байтал араас сургуулийн гадна зогсож байсан танил Болдбаатар гэх хүн орж ирээд боль, явъя гэж хэлээд явсан. Тухайн үед ямар нэгэн цус харагдаагүй. Б.Цолмонбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд сургуулийн хүүхдүүд дундуур давхиад байхаар нь зодсон юм. Би Цолмонбаатарт хохирол төлбөр өгөөгүй. Нэхсэн ч өгөхгүй. Өгөх ч шаардлагагүй. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/

 

Хохирогч Б.Цолмонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өглөө хүүхэд хичээлдээ хоцрох гээд яаруухан 5 дугаар сургууль дээр очиж, хүүхдээ буулгачихаад хөдөлсөн. Тэгтэл нэг танихгүй хүн гар өргөхөөр нь такси барих гэж байгаа хүн байна гэж бодоод зогсолгүй яваад гэрийн хашаан дотор ороод зогстол араас мотоциклтой хүн давхиж ирээд “чи муу юм үзээгүй юм шиг яасан ширүүн явдаг юм” гээд шууд мотоциклоо данхараадаад бууж ирсэн. Би ч машинаас буутал миний зүүн талын чих рүү 2-3 удаа цохисон. Тэгтэл араас машинтай хүн бууж ирээд голоор орж салгасан. Тэгээд буцаад давиад явсан. Явсных нь дараа толгой дүүрээд гэрт орсон чинь чихнээс цус гараад байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Чих дүнгэнээд толгой дүүрээд байсан. Чихэндээ 4 оёдол тавиулсан. Би тэр хүнийг зодсон асуудал байхгүй. Намайг зодсон хүн эрүүл байсан байх. Архи үнэртээгүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/

 

Гэрч Б.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 05 сарын 02-ны өдөр 07 цаг 45 минутын үед хүүхдээ 5 дугаар сургуульд хүргэж өгөх гээд машинтай очсон. Тэгтэл жижиг хар машинтай хүн учиргүй ширүүн ирээд сургуулийн хаалган дээр тулж зогсоод хүүхдээ буулгачихаад ширүүн хөдлөөд миний хажуугаар гараад явсан. Араас нь Отгонжаргал хүүхдээ буулгачихаад хүүхэд дайрах нь согтуу юм уу? хаашаа юм очиж хэлнэ гээд явахаар нь би араас нь яваад очсон. Тэгтэл Отгонжаргал хацар руу нь 2 удаа алгадаж байгаа харагдсан. Би цонхоо доошлуулаад яасан ширүүн явдаг юм бэ? согтуу юм уу? гэж хэлсэн чинь би архи уудаггүй гэж хэлж байсан. Би Отгонжаргалыг согтуу хүнтэй юу ярих юм явъя гэж хэлээд дагуулаад явсан.Сургуулийн орчимд хүчтэй явлаа, хүүхэд дайрах гэж байна. Зөөлөн яваач гэж хэлснээс болж маргалдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

 

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

          Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 144 дугаартай:

          1) Б.Цолмонбаатарын биед зүүн гадна чихний шарх, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

            2) Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Чихний шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт, хацар шанаанд зөөлөн эдийн няцралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            3) Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

           4)Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 30-33/

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/

           Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 сарын 21-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-42/

           Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 03 сарын 10-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-51/

           Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 07 сарын 24-ний өдрийн 198 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-89/

           Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 12 сарын 03-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 97-98/

           Хохирогч Б.Цолмонбаатарын Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” тухай хүсэлт /хх-ийн 92/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

           Шүүгдэгч П.Отгонжаргал нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Цолмонбаатартай сургуулийн орчимд хурдтай явлаа, зөөлөн яваач гэж хэлснээс болж маргалдан чихэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “зүүн гадна чихний шарх, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           Шүүгдэгч П.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “...Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өглөө 07 цаг 30 минутын үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар сургуулийн гадна том охиноо хүргэж өгөхөөр очсон. Тэгтэл нэг жижиг хар машин сургуулийн урд явж байсан хүүхдүүдийг мөргөх шахаад маш хурдтай орж ирсэн. Тэгээд хүүхэд ордог жижиг хаалганд тулж зогсоод хүүхдээ буулгасан. Би явж очоод сургуулийн орчимд 500 метр зай дотор 20 километр цагийн хурдтай явна гэсэн тэмдэглэгээ шон болгон дээр байхад чи яаж яваад байгаа юм бэ? гэж хэлтэл чамд хамаагүй битгий хуц гэж хэлээд тоос манаруулаад дрифт маягаар эргээд хөдөлсөн. Тэгэхээр араас нь очоод чи муу айлын олон нялх нойтон хүүхдүүд дайрч алах нь уу, яаж яваад байгаа юм гэж хэлээд баруун гараараа зүүн хацар, шанаа хэсэгт нь 2 удаа алгадсан. Б.Цолмонбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд сургуулийн хүүхдүүд дундуур давхиад байхаар нь зодсон юм. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх,

Хохирогч Б.Цолмонбаатарын: “Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өглөө хүүхэд хичээлдээ хоцрох гээд яаруухан 5 дугаар сургууль дээр очиж, хүүхдээ буулгачихаад хөдөлсөн. Тэгтэл нэг танихгүй хүн гар өргөхөөр нь такси барих гэж байгаа хүн байна гэж бодоод зогсолгүй яваад гэрийн хашаан дотор ороод зогстол араас мотоциклтой хүн давхиж ирээд “чи муу юм үзээгүй юм шиг яасан ширүүн явдаг юм” гээд шууд мотоциклоо данхараадаад бууж ирсэн. Би ч машинаас буутал миний зүүн талын чих рүү 2-3 удаа цохисон. Явсных нь дараа толгой дүүрээд гэрт орсон чинь чихнээс цус гараад байсан. Чихэндээ 4 оёдол тавиулсан. Гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх

Гэрч Б.Болдбаатарын: “Би 2022 оны 05 сарын 02-ны өдөр 07 цаг 45 минутын үед хүүхдээ 5 дугаар сургуульд хүргэж өгөх гээд машинтай очсон. Тэгтэл жижиг хар машинтай хүн учиргүй ширүүн ирээд сургуулийн хаалган дээр тулж зогсоод хүүхдээ буулгачихаад ширүүн хөдлөөд миний хажуугаар гараад явсан. Араас нь Отгонжаргал хүүхдээ буулгачихаад хүүхэд дайрах нь согтуу юм уу? хаашаа юм очиж хэлнэ гээд явахаар нь би араас нь яваад очсон. Отгонжаргал хацар руу нь 2 удаа алгадаж байгаа харагдсан.” гэх мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “Б.Цолмонбаатарын биед зүүн гадна чихний шарх, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

 

  Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.

  

  Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Отгонжаргалыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

  Шүүгдэгч П.Отгонжаргалын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

           Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

           Шүүгдэгч П.Отгонжаргалын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Цолмонбаатарын биед “зүүн гадна чихний шарх, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал  бүхий” хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүх шүүгдэгч П.Отгонжаргалыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урд нь 4 удаа ял шийтгэл эдэлж байсан, хувиараа хүний бараа зарж өдөр тутам өрхийн орлогоо бүрдүүлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг хувийн байдалд дүгнэлт хийж, улсын яллагчаас гаргасан ялын саналын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч П.Отгонжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

           Шүүгдэгч П.Отгонжаргал энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэл зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Начин овогт Пүрэвсүрэнгийн Отгонжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Шүүгдэгч Начин овогт Пүрэвсүрэнгийн Отгонжаргалд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Отгонжаргалд 3 /гурав/ сарын хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Отгонжаргал нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

            5. Шүүгдэгч П.Отгонжаргал энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэл зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Отгонжаргалд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР