Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/203

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Т.Д

Насанд хүрээгүй хохирогч Б.Г

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2225000000201 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ насанд хүрээгүй Б.Г тэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б“2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дэлгүүр орох гээд гарсан. Г-тэй маргалдаад нүүр рүү нь 2 удаа цохьсон тэгээд цагдаад баригдсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Б.Г тайлбартаа “2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр орой 22 цаг өнгөрч байхад нэг хүн замын хажууд газар суусан байсан. Тэгээд тойроод явж байхад намайг хүнтэй андуурсан байх надтай маргаан үүсгээд байсан. Манай найз охин салгах гэж байхад давуулаад намайг цохьсон. Тэгээд барьцалдаад байж байхад миний хамарнаас цус гараад доошоо тонгойж байхад ирээд нүүр рүү цөлсөн.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М тайлбартаа “Хүүгийнхээ эрүүл мэндэд санаа зовж байна. Цаашид шүдээ эмчлүүлэх шаардлагатай байгаа. Имплант хийлгэх боломжгүй, шүдэнд нь хиймэл бүрээс суулгах шаардлагатай гэсэн. Зүгээр гэмгүй явж байгаад бага залуу насандаа эрүүл мэндээрээ хохирч шүдгүй болж байгаад нь харамсаж байна. 1 720 000 төгрөгийг авсан нь үнэн. Цаашид шүд эмчлүүлэхэд их хэмжээний зардал гарна гэсэн. Гомдолтой байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Насанд хүрээгүй хохирогч Б.Г-ий “Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн орчим найз охин С-ийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг. Олон хүнсний дэлгүүрийн ойр орчим алхаад явж байтал миний араас үл таних хүн хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь бид хоёр тоохгүй алхаад явж байтал тэр хүн ард талаас гүйцэж хүрч ирээд надтай ойлгомжгүй нэг юм яриад хэрүүл хийгээд байсан. Тэгсэн манай найз охин салгах гээд тэр хүнийг цаашлуултал тэр хүн миний нүүрлүү гараараа нэг удаа цохисон юм.Тэгэхээр нь би юм хэлээгүй зогсож байтал ахиад миний толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиод байсан. Тэгэхээр нь өөрийгөө хамгаалах гээд тэр хүнийг барьж аваад нүүр лүү нь цохичихсон юм. Тэгсэн чинь тэр ах миний хамар луу ахиад гараагаа цохиод хамарнаас минь цус гаргачихсан. Тэгээд би цусаа тогтоох гээд доошоо тонгойгоод байж байтал тэр хөлөөрөө миний нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөөд зугтаачихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/

2. Насанд хүрээгүй гэрч Ө.С-н “2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орой найз банди Б.Г-ий хамт 5 дугаар микрийн зүүн талын явган хүний замаар явж байсан чинь бид хоёрын ард явж байсан согтуу хүн бид хоёрыг дуудаад хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Тэр хүн бид хоёрын араас гүйцэж ирээд Б.Г-тэй юм яриад маргалдсан тэгээд шууд нүүр лүү нь гараараа цохисон. Энэ үед Б.Г нүүрээ дарсан чинь нүүр лүү хоёр гурван удаа хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед би түүнийг түлхэж холдуулсан юм, тэр үед Г хамраасаа цус гарч байгааг мэдээд доошоо тонгойгоод суусан чинь нүүр лүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

3. Гэрч М.М-н “...би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны орой найзууд болох Б, Б, Ш нарын хамт түрээслэн сууж байгаа 5-18 дугаар байрын подволд 2,5 литрийн савтай 4 сав пиво хувааж уусан. 22-23 цагийн орчим Б дэлгүүрээс хоол хийх материал авна гээд ганцаараа гараад явсан. Хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд хүнтэй маргаан зодоон хийчихлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 339 дугаартай “Б.Г-ий биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 11, 21-р шүдний цөгцийн хугарал, 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хохирогчийг босоо, суугаа байрлалд байхад нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 11, 21-р шүдний цөгцийн хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 27-28 дахь тал /

5. Яллагдагч Б.Б-н сэжигтнээр мэдүүлсэн “2022 он 04 дүгээр сарын 0-ны өдөр би гэртээ буюу түрээсэлж байгаа байрандаа найзууд болох М, Ш, Б нарын хамт 2.5 литрийн савтай пиво 4 савыг хувааж уусан. Орой 22 цагийн орчим байрныхаа ойролцоо байх дэлгүүрээсс юм авах гээд ганцаараа явсан. Дэлгүүр орох гэж яваад урдаас ирж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эрэгтэй хүнтэй мөрөөрөө шүргэлцээд өнгөрсөн. Үүнээс болж тэр залуутай маргалдсан чинь нөгөө залуу түрүүлээд миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний нүүр лүү цохиод, тонгойхоор нь нүүр лүү нь хоёр удаа өшиглөсөн юм” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

6. Яллагдагч Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б.Г-тэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 11, 21-р шүдний цөгцийн хугарал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 1 720 000 төгрөг төлсөн ба хохирогчийн хохирлыг шууд барагдуулсан гэж үзэх боломжгүй тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Г-ий “тэр хүн миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон юм.Тэгэхээр нь би юм хэлээгүй зогсож байтал ахиад миний толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиод байсан, тэр ах миний хамар луу ахиад гараагаа цохиод хамарнаас минь цус гаргачихсан тэгээд би цусаа тогтоох гээд доошоо тонгойгоод байж байтал тэр хөлөөрөө миний нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөөд зугтаачихсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ө.С-н “шууд нүүр лүү нь гараараа цохисон. Энэ үед Б.Г нүүрээ дарсан чинь нүүр лүү хоёр гурван удаа хөлөөрөө өшиглөсөн. Г хамраасаа цус гарч байгааг мэдээд доошоо тонгойгоод суусан чинь нүүр лүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч М.М-н “Хэсэг хугацааны дараа эргэж орж ирээд хүнтэй маргаан зодоон хийчихлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 339 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Б.Б-н сэжигтнээр мэдүүлсэн “нөгөө залуу түрүүлээд миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний нүүр лүү цохиод, тонгойхоор нь нүүр лүү нь хоёр удаа өшиглөсөн юм” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Бнь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б.Г-ий нүүрэн тус газар цохиж хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 11, 21-р шүдний цөгцийн хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б нь шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Г-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч гэм хорын хохиролд 1 720 000 төгрөг төлсөн байна. Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэнд хэвийн байдалд ороогүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь шинжээчийн дүгнэлт, эмчилгээний баримтаар нотлогдсон бөгөөд эмчилгээний зардлын баримтаа шүүхэд ирүүлгүй байх тул хэлэлцэгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овгийн Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь  шүүхээс оногдуулсан 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС