| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/00902/И |
| Дугаар | 1165 |
| Огноо | 2018-04-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 1165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 72 дугаар гудамжнй 58 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар АГ 91050506, Балбар овогт Эрдэнэбатын Саранчимэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 26 дугаар байрны 9 тоотод оршин суух, регистрийн дугаар НК 67101011, Боржигон овогт Батмөнхийн Даваадоржид холбогдох
2 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Э.Саранчимэг, хариуцагч Б.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Саранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн байрлан ажиллаж 1 метр квадратыг 700 000 төгрөгөөр шавардлагын ажлыг 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт 328 метр квадрат шавардлагын ажлын нөхрийн хамт хийж дууссан өдөр 1 000 000 төгрөг гуйж авсан дараа нь үлдэгдэл мөнгөө авья гэхэд өгөөгүй, угсардаг шинэ 3 шат, шаварын үлдэгдэл багаж хэрэгсэл, зодуулсан доромжлуулсан хохирол 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Саранчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2017 оны 7 дугаар сарын 9-нд Эмээлтэд 2 давхар байрны дотор шавардлагын ажлыг хийсэн нийт 2 296 000 төгрөг авах байснаас 1 000 000 төгрөгийг авсан, барилгын япон 3 ширхэг шат байгаа, нэг нь 150 000 төгрөгийн үнэтэй туд 450 000 төгрөг болж байгаа.Би шатаа авах гэж очоод Цогоод зодуулсан, цуг явсан хүмүүсийг газугаар цохисон, тухайн үед би жирэмсэн байсан.Ингээд ажлын хөлсний үлдэгдэл 1 296 000 төгрөг, шатны үнэ 450 000 төгрөг, эмчилгээний зардал 254 000 төгрөг нийт 2 000 000 төгрөгийг Б.Даваадоржоос нэхэмжилсэн боловч эмчилгээний зардал 254 000 төгрөг, шатны үнэ 450 000 төгрөгөөс татгалзаж байна.Учир нь Даваадорж намайг зодоогүй, шатыг буцааж өгнө гэж байна.Одоо ажлын хөлсний үлдэгдэл 1 296 000 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч Б.Даваадорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Э.Саранчимэгээс эмээлтэд 2 давхар байранд 7 сарын 09-ний өдрөөс 7 сарын 24-ний хооронд ажил хийлгэсэн, 328 метр квадратаас бага хэмжээний ажил хийсэн, хийсэн ажлын хэмжээнд тохирсон 1 000 000 төгрөгийг 7 сарын 24-нд өгсөн, би өөр 2 хүнээр Э.Саранчимэгийн дутуу орхисон ажлыг хийлгэж 3-4 сая төгрөгийн хөлс төлсөн.Тэр шатыг очоод авч болно, өгнө, би Э.Саранчимэгийг зодоогүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Саранчимэг хариуцагч Б.Даваадоржид холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 1 296 000 төгрөг, шатны үнэ 450 000 төгрөг, эмчилгээний зардалд нийт 2 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ шаардлагын 704 000 төгрөгөөс татгалзан нэхэмжлэлийнхээ хэмжээг багасган ажлын хөлс 1 296 000 төгрөгийг шаардаж байна.
Хариуцагч Б.Даваадорж Э.Саранчимэгээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох Эмээлтэд байрлах 2 давхар барилгын дотор шавардлагын ажлыг хийлгэсэн, гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 1 000 000 төгрөг өгсөн болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх хэлцэл хийгдсэн байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.
Талууд ажил гүйцэтгэх хэлцлийг амаар хийсэн байх тул Э.Саранчимэг бодитоор хэдэн метр квадрат талбайд шавардлагын ажил хийх байснаас хэдий хэмжээний талбайд шавардлага хийсэн, хэдий хэмжээний талбайд шавардлага хийгээгүй орхисон болох нь баримтаар нотлогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл Э.Саранчимэг 328 метр квадрат талбайд шавардлагын ажил хийсэн гэж тайлбарлаж байхад хариуцагч нь Э.Саранчимэгийг 328 метр квадратаас бага хэмжээний талбайд шавардлага хийсэн гэж тайлбарлаж байх боловч талуудын тайлбар баримтаар нотлогдоогүй байна.
Иймд Э.Саранчимэгийг 328 метр квадрат талбайд шавардлагын ажил гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байх тул гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс гэх 1 296 000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Э.Саранчимэг эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн 254 000 төгрөг, шатны үнэ 450 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Батмөнхийн Даваадоржоос 1 396 000 /нэг сая гурван зуун ерэн зургаан мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн Эрдэнэбатын Саранчимэгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан, сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН