Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2225001450153 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.О-г 2022 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл дотор болон Зэст баг **тоотод, нүүр, толгой, цээжэн тус газарт нь олон удаа цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч С.О “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 4-6 дахь тал/

2. Хохирогч С.О-н “Би Говил багийн уулзвар дээр үйл ажиллагаа явуулдаг Магнай Трейд ШТС дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхад 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шөнө 04 байна уу 05 цагийн үед манай ажлын утас руу манай нөхөр залгахаар нь би утсыг авч ярихад манай нөхөр удалгүй ажил дээр ирж намайг машинтайгаа ирж авсан. Машин дотор суугаад явж байхад Б.Б миний нүүр, толгой, цээж хэсэг рүү гараа атгаж байгаад олон удаа цохиж байгаад миний үснээс зулгааж үсдэж байхдаа чиний нүүрийг тэгшлэж, алаад хүүрийг чинь ах дээр чинь аваачиж өгнө гэхээр нь би айсандаа машинаасаа буух гээд хаалгаа онгойлгоход Б.Б Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн урд талд машинаа зогсоохоор нь би машинаас буугаад зугтааж байгаад хальтарч газарт унахад намайг барьж аваад эргүүлээд машин руу суулгасан тэгээд би ажлын гар утсыг авсан байсан болохоор ажлын утсыг ажил дээр үлдээхээр эргэж очин, утсыг үлдээж нөхөр бид 2 гэртээ харьхаар явсан. Тэгээд гэрийн гадаа буюу Зэст багийн 1-1 дүгээр байрны гадаа ирэн би машинаас буухад намайг үсдэж чирэн гэр лүү оруулсан. Гэрт ороод үүдний хэсэгт Б.Б гараараа миний нүүрэн хэсэг рүү 1 удаа цохиж намайг ухаан алдуулсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 164 дугаартай “С.О-н биед тархи доргилт, нүүр, хүзүү, цээж, хэвлийд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

4. Зэст багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 67-71 дэх тал/,

6. Сэжигтэн Б.Б-н “2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн орой архи уугаад согтсондоо шөнө нь эхнэр С.О-н Говил багийн уулзвар дээр байдаг Магнай Трейд ХХК-ийн ШТС-ын ажил дээр нь очиж аван машиндаа эхнэрийгээ суулган явж байгаад Эрдэнэтийн Дулааны Цахилгааны Станцын урд талд зогсож байхдаа машин дотор өөрийн эхнэр С.О-ын нүүр хэсэг рүү гараараа цохиж болон алгадсан. Тэгээд л манай эхнэр Цагдаад гомдол гаргах болсон. Хайраа гэсэн дуу бичлэгийг сонсоод миний уур хүрээд байсан болохоор эхнэр С.О-г зодсон. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.О-г 2022 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл дотор болон Зэст баг **тоотод, нүүр, толгой, цээжин тус газарт нь олон удаа цохин зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.О-н “...Машин дотор суугаад явж байхад Б.Б миний нүүр, толгой, цээж хэсэг рүү гараа атгаж байгаад олон удаа цохиж байгаад миний үснээс зулгааж үсдэж байхдаа чиний нүүрийг тэгшлэж, алаад хүүрийг чинь ах дээр чинь аваачиж өгнө гэхээр нь би айсандаа машинаасаа буух гээд хаалгаа онгойлгоход Б.Б Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн урд талд машинаа зогсоохоор нь би машинаас буугаад зугтааж байгаад хальтарч газарт унахад намайг барьж аваад эргүүлээд машин руу суулгасан тэгээд би ажлын гар утсыг авсан байсан болохоор ажлын утсыг ажил дээр үлдээхээр эргэж очин, утсыг үлдээж нөхөр бид 2 гэртээ харьхаар явсан. Тэгээд гэрийн гадаа буюу Зэст багийн ** дүгээр байрны гадаа ирж, би машинаас буухад намайг үсдэж чирэн гэр лүү оруулсан. Гэрт ороод үүдний хэсэгт Б.Б гараараа миний нүүрэн хэсэг рүү 1 удаа цохиж намайг ухаан алдуулсан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 164 дугаартай дүгнэлт, Б.Б-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр болон Зэст баг **тоотод эхнэр С.О-г нүүр, толгой, цээжэн тус газарт нь олон удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох эхнэр С.О-г ажил дээрээс нь хүчээр авч явж эрүүл мэндэд халдан зодож, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч С.О-н эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, хүзүү, цээж, хэвлийд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овгийн Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС