Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Г.А

Хохирогч П.Б /цахим/

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2125003480010 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Даниста худалдааны төвийн гадна таксины жолооч П.Б-тэй маргаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “гэм буруутай гэдэгээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч П.Б мэдүүлэхдээ “Гарын гэмтлээ өөрөө эмчилж эдгээсэн болохоор эмчилгээний зардалын баримт цуглуулах боломжгүй юм байна лээ. Мөн гар гэмтэлтэй ажил хийхэд их хүндрэлтэй хэцүү байсан боловч чөлөө аваагүй учир ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх боломжгүй байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 сарын 05-ны өдрийн №9364 дугаартай: “...П.Б-н биед баруун алганы 5-р шивнүүрийн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна… гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

2. Хохирогч П.Б-ий “...Эрдэнэт хотод 21 цагийн үед очсон бөгөөд тухайн 3 зорчигчийг Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Даниста худалдааны төвийн автобусны буудал дээр буулгасан бөгөөд 1 эрэгтэй зорчигч нь надад хандаж чи намайг хүргэж өг гээд хэл амаар доромжлоод эхэлсэн бөгөөд улмаар тэр эрэгтэй би маргалдаж байгаа тухайн эрэгтэй ачаа болох 1 ширхэг цүнхийг буулгаж тухайн эрэгтэйд өгсөн бөгөөд тэр эрэгтэй чи муу мангар бацаан гэж хэлээд миний нүүрэн тус газарт нэг удаа цохиод би тэр үед нь биеэ хамгаалах гээд барилцаад авсан ба тэр эрэгтэйтэй зууралдаж байгаад хойш нь түлхээд унагасан бөгөөд тэр эрэгтэй босож ирээд миний тээврийн хэрэгслийн хойд хэсгийн улсын дугаарыг аваад над руу шидэхээр нь би улсын дугаараа машиндаа оруулаад хаалгаа хаагаад хөдлөх гэтэл миний баруун гар бугуй хэсгээрээ маш их хөндүүртэй болсон байсан ба тэр эрэгтэй зорчигч дахин ирж миний тээврийн хэрэгслийн жолооч талын цонх руу цохиод байхаар нь машинаасаа буугаад тэр залуутай маргалдаад тэр залуу миний машин руу чулуу шидэх гээд байхаар нь би тэр эрэгтэйг дахин газар түлхэж унагаад машиндаа суугаад хөдлөөд явсан. Ийм л зүйл болсон. Б гэх хүн над руу чи намайг гэрт хүргэж өгсөнгүй гэж хэлээд нүүрэн тус газар цохиод авсан. Би түрүүлж хэрүүл маргаан хийсэн зүйл огт байхгүй. Б гэх хүн миний нүүрэн тус газар цохиод дахиад цохих гээд дайрах үед нь би тухайн хүний цохилтуудыг гараараа хаасан бөгөөд тэр үед л миний гар гэмтсэн. Тэр Б гэх зорчигч л миний гарт гэмтэл учруулсан. Би тухайн Б гэх хүний цохилтуудыг баруун гараа өргөөд нүүрэн болон толгой хэсгээ хааж хамгаалсан. Машиндаа суугаад хөдлөх гэж байтал тэр хүн машины хаалга цонх руу өшиглөөд цохиод байсан ба машиндаа анх явах гээд суух үед миний баруун гар хөндүүртэй өвдөөд байсан тэр үед л мэдсэн. Тэр Б гэх хүн миний нүүрэн хэсэг рүү цохих гээд далайх үед би баруун гараа өргөж нүүрнийхээ урд хэсэгт авчирч хамгаалсан тэр үед л миний гар гэмтсэн. Тэр хүний далайж дээрээс цохисон. Би тэр хүнийг бол би цохиогүй бөгөөд тэр хүнтэй барьцалдаж нэлээн зууралдаж зогссон. Би машинаа зогсоолд байрлуулах гэж байх үед миний гар аль хэдийн гэмтсэн, хөндүүртэй болсон байсан...” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 43-44, 107-108 дахь тал/

3. Яллагдагч Б.Б-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Бид хоёр маргалдаж байгаад шууд барьцалдаад авсан. Б намайг түлхэж унагасан тэгээд би газарт унаад босож ирээд Б-г нүүрэн тус газар нь цохисон. Тэгсэн чинь миний урдаас Б нүүрэн тус газар цохисон. Гарынх нь гэмтлийг яг яаж учруулснаа санахгүй байна. Ямар ч байсан бид хоёр нэлээн зодолдож ноцолдсон тэр үед л гар нь гэмтсэн байх. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Улаанбаатар хотоос гарахдаа нэг лааз пиво, замдаа дахин нэгийг авч уусан. Би Б гэх хүний нүүрэн тус газар цохиж бид хоёр харилцан цохилцож, хэрүүл маргаан хийсэн. Б-г гараараа хааж байсныг санахгүй байна. Тухайн үед хоёулаа муудалцан хэрүүл маргаан хийж зодолдож байсан учир анзаарч хараагүй. Б-н гарт учирсан гэмтэл нь зодоон хийж байхад л үүссэн байх. Тийм зүйл яриагүй би гарыг нь анзаарч хараагүй. Машинаасаа бууж ирээд ар талын тээшээ онгойлгож дайвар болон хүмүүсийн ачааг авч өгөөд байсан. Би хүлээн зөвшөөрч байна харилцан зодолдож байхад гарт нь гэмтэл учруулсан юм байна. Тухайн үед би баруун гараараа цохьсон намайг цохих үед яаг аль гараараа миний цолхилтуудыг хааж хамгаалсан эсэхийг би санахгүй байна. Б бид хоёр харилцан зодолдож цохилцож байх үед л үүссэн байх гэж бодож байна. Б зогсож байсан газраасаа хөдлөөд машинаа хол байрлуулчхаад эргэж над дээр ирээд дахиад хэрүүл маргаан хийж золдолдсон юм. Тухайн үед хэрхэн яаж цохиж байсан эсэхээ санахгүй байна....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47, 105 дахь тал/,

4. Шинжээч эмч Г.Г: “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар чөмөгт ясны далд хугарал нь Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаардаг тул дээрх дүгнэлтийг гаргасан. Дээрх гэмтэл цохих болон цохиулах аль алинд нь үүсэх брлотожтой. Дээрх гэмтэл нь 4 долоо хоног буюу 20 хоногоор дээш хугацаанд буюу удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулна. Дээрх ясны хугарал нь далд хугарал ба зөрүүтэй, зөрүүгүй эсэх талаар хэлэх боломжгүй. Шаардлагатай рентгэн зургийг дахин явуулах. Хугарал бол далд хугарал зөрүүтэй, зөрүүгүй гэдгээс шалтгаалж эрүүл мэндийг сарниулах хугацаа өөрчлөгдөхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 111-113 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Даниста худалдааны төвийн гадна таксины жолооч П.Б-тэй маргаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон учир түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч эмчилгээний зардлын баримтаа ирүүлээгүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 сарын 05-ны өдрийн №9364 дугаартай дүгнэлт, хохирогч П.Б-ий “...миний нүүрэн тус газарт нэг удаа цохиод би тэр үед нь биеэ хамгаалах гээд барилцаад авсан ба тэр эрэгтэйтэй зууралдаж байгаад хойш нь түлхээд унагасан. Тэр Б гэх хүн миний нүүрэн хэсэг рүү цохих гээд далайх үед би баруун гараа өргөж нүүрнийхээ урд хэсэгт авчирч хамгаалсан тэр үед л миний гар гэмтсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Б-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Б намайг түлхэж унагасан тэгээд би газарт унаад босож ирээд Б-г нүүрэн тус газар нь цохисон....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47, 105 дахь тал/, шинжээч эмч Г.Г-н: “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар чөмөгт ясны далд хугарал нь Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаардаг тул дээрх дүгнэлтийг гаргасан. Дээрх гэмтэл цохих болон цохиулах аль алинд нь үүсэх брлотожтой. Дээрх гэмтэл нь 4 долоо хоног буюу 20 хоногоор дээш хугацаанд буюу удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Даниста худалдааны төвийн гадна П.Б-тэй марган зодож хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-ий эрүүл мэндэд баруун алганы 5-р шивнүүрийн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гэм хорын нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлж ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч П.Б нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС