| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/00884/И |
| Дугаар | 1093 |
| Огноо | 2018-04-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 1093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гэндэнгийн гудамж Ардчиллын өргөө 3 давхарт байрлах, регистрийн дугаар 5354897, Фүжи Холдинг ББСБ ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 13 дугаар байрны 113 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЦВ 62011811, Саруул овогт Вандан-Очирын Оросмаад холбогдох
Барьцаа хөрөнгийг албадан худалдаж, эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Фүжи Холдинг ББСБ ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:В.Оросмаа манай компанитай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12/19 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн.Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 25 дугаар гудамжны 296 тоотод байршилтай, 52 метр квадрат талбайтай хувийн сууц 2 ширхэг, тус хаягт байршилтай 621 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газрыг тавьсан.Фүжи Холдинг ББСБ ХХКомпани 2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлдэгч В.Оросмааг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 357 тоот магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06783 тоот шийдвэрээр В.Оросмаагаас 13 808 408 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 226 992 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч В.Оросмаа анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг сайн дураар биелүүлэхгүй байгаа тул Фүжи Холдинг ББСБ ХХКомпанитай байгуулсан барьцааны гэрээний 6.1, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 25 дугаар гудамжны 296 тоотод байршилтай, 52 метр квадрат талбайтай 2 ширхэг хувийн сууц, тус хаягт байршилтай 621 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг албадан худалдаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Фүжи Холдинг ББСБ ХХКомпани нь В.Оросмаатай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлсэн.В.Оросмаа зээлийн гэрээ байгуулсанаас хойш зээл төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа зээл, зээлийн хүүгээ төлдөггүй байсан.Ийм учраас Фүжи Холдинг ББСБ ХХКомпани Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжпэл гаргасан.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар В.Оросмаагаас 13.808.408 төгрөгийг гаргуулж Фүжи Холдинг ББСБ ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн.В.Оросмаатай зээлийн гэрээ байгуулахад барьцааны гэрээг хуульд заасны дагуу бичгээр, нотариатаар баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж байгуулсан байдаг.Барьцааны гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээл хүүг гэрээний хавсралтанд заасан хуваарийн дагуу удаа дараа төлөөгүй, эсхүл зээлийг бүхэлд нь төлөх хугацаандаа ямар нэгэн байдлаар төлөөгүй бол барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар заасан.Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-т заасан үндэслэлээр В.Оросмаагийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийгийн 25 дугаар гудамжны 296 тоот 52 м.кв талбайтай 2 хувийн сууц, 621 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаанд оруулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, В.Оросмаа огт төлөлт хийгээгүй, барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн боловч барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг шаардахад гүйцэтгэх хуудсанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дурдаагүй, шинэ хуулиар зөвхөн гүйцэтгэх хуудсанд бичигдсэн ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага хийнэ гэсэн тул хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж өгнө үү, В.Оросмаа төлбөрөөс огт төлөөгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байна гэв.
Хариуцагч В.Оросмаа шүүхэд гаргасан тайлбартаа:Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 06783 тоот шийдвэрээр надаас 13 808 408 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаа.Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд даалгах үндэслэлгүй юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар В.Оросмаагаас 13.808.408 төгрөгийг гаргуулж Фүжи Холдинг ББСБ ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас В.Оросмаад холбогдох гүйцэтгэх хуудаст шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд В.Оросмаа төлбөрөөс төлөлт хийсэн байгаа.В.Оросмаагаас төлбөрийг гаргуулахаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа учраас Фүжи Холдинг ББСБ ХХКомпанийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, В.Оросмаа 2017 оны 6 дугаар арын 12-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 1 500 000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансаар төлсөн, үүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэхгүй байна, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хийх ажлыг дахин даалгаж шийдвэрлэх нь үндэслэлгүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Фүжи Холдинг ББСБ ХХКомпани хариуцагч В.Оросмаад холбогдуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 25 дугаар гудамжны 296 тоотод байршилтай, 52 метр квадрат талбайтай 2 ширхэг хувийн сууц, тус хаягт байршилтай 621 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Фүжи Холдинг ББСБ ХХКомпани нь В.Оросмаатай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн байгуулж В.Оросмаа нь 10 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлж авсан байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06783 дугаартай шийдвэрээр В.Оросмаагаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10 187 318 төгрөгийг Фүжи Холдинг ББСБ ХХКомпанид олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 357 дугаартай магадлалаар В.Оросмаагаас 13 808 408 төгрөгийг гаргуулан Фүжи Холдинг ББСБ ХХКомпанид олгож шийдвэрлэсэн байна.
Мөн талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд В.Оросмаа дээрх зээлийн гэрээний барьцаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 25 дугаар гудамжны 296 тоотод байршилтай, 52 метр квадрат талбайтай 2 ширхэг хувийн сууц, тус хаягт байршилтай 621 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тавьсан байна.
Энэхүү гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т “зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээл, зээлийн хүүний төлбөрийг зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу удаа дараа төлөөгүй эсхүл зээлийг бүхэлд нь төлөх хугацаандаа төлөөгүй бол барьцааны зүйлээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүснэ” гэж талууд тохирсон байна.
Мөн гэрээний 6.7-д “барьцааны зүйлийг эхний ээлжинд шүүхээс гадуур худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах ба ийнхүү худалдан борлуулах боломжгүй бол шүүхийн журмаар худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж тохирсон байна.
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага шаардах эрхтэй байна.
Хариуцагч В.Оросмаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06783 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 357 дугаартай магадлалыг сайн дураар биелүүлсэн, улмаар 2 удаагийн төлөлтөөр 2 100 000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Иймд В.Оросмаагийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөөр түүний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч В.Оросмаагийн өмчлөлийн барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 25 дугаар гудамжны 296 тоотод байршилтай, 52 метр квадрат талбайтай 2 ширхэг хувийн сууц болон 621 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Оросмаагаас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Фүжи Холдинг ББСБ ХХКомпанид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН