Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-т холбогдох эрүүгийн 2225000000231 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 1 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр **дугаар байрны гадна Х.Э-тай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, өшиглөн биед нь зүүн гарын 5-р хурууны 3-р шивгүүр ясны далд хугарал, ташуу хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, баруун хацар, зүүн дээд зовхинд зулгаралт, дээд уруул, завьжинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-г  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “мэдүүлэг өгөхгүй. Миний буруу” гэв.

 

Хохирогч Х.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Яллагдагч Б.Д-н  “…Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч өөрийн буруугаа ойлгож байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

2. Хохирогч Х.Э “…2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн Б зааланд Орхон аймгийн шагайн харвааны аймгийн аврага шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан юм. Ингээд манай баг тамирчид дэд байранд орсон тул орой 20 цагийн үед “Орхон Молл” худалдааны төвд байрлах караокед зургуулаа орж тэндээ 2 шил 0,75 граммын “Эдин” архи хувааж уугаад нилээн дуулж байгаад шөнө 00 цагийн үед гарсан. Би тухайн үед нилээн согтолттой байсан учраас хэзээ гарч явсанаа сайн санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь гадаа цасан дээр хүнд зодуулаад сэргэсэн. Ингээд юу болж байгаа юм бэ гээд тэр залуутай зууралдаад босоод иртэл миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тухайн үед надад ямар ч өөрийгөө хамгаалах чадвар байхгүй байсан ба тэр залуутай зууралдаад зогсож байхад тэр залуу чи намайг тэрний тэр гэж мэдэх үү гээд орилоод байсан ба яг хэний хэн гэдгийг нь одоо сайн санахгүй байна. Тэгээд цаашаа яваад өгсөн. Би тэр үед нүүрээ дартал нүд рүү халуун оригоод юм урсаад ирэхээр нь гараараа арчиж хартал нойтон зүйл байхаар нь хамар амнаас цус гараад байна гэж бодоод өөрийнхөө өмсөж явсан подволкоор арчсан. Ингээд шууд зам гарч гэрлүүгээ явсан. Тухайн үед миний нүүр ам хавдсан, зүүн талын хөмсөг сэтэрсэн, баруун талын хацар хавдаж зулгарсан, үүдэн 2 шүд хөдөлсөн, амны дотор талын жавьж язарсан, зүүн талын чигчий хуруу савхан яс нь хугарсан, зүүн талын нүд хөхөрсөн байна. Одоо миний биеийн байдал дунд зэрэг толгой болон бүх бие хөндүүртэй байна. Эмийн сангаас өвчин намдаах эм тариа авч хэрэглэж байна. Нэг мэдсэн чинь миний нүүр лүү хүн хөлөөрөө өшиглөхөөр нь сэрээд ухаан орсон. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 17 дахь тал /,

3. Гэрч Б.Г “...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 5 дугар сургууль дээр шагайн харвааны тэмцээн болсон, манай баг дэд байранд орж багийнхаа хүмүүстэй Орхон молл худалдааны төвийн караокед орж тэндээ 2 шил архи ууцгаасан караокед хааж бид нар гарч ирэхэд Орхон молл худалдааны төвийн зогсоол дээр машин дотор нэг залуу чанга дуугараад байсан ба бид нарыг хажуугаар нь өнгөрөх үед тэр залуу нь бид нар луу та нар яах болоогүй шүү гээд нэг юм хэлээд агсрах янзтай болсон. Надтай хамт явсан хүмүүс болон нөгөө талын залуустай маргалдах гэж байгаад болиод салцгаасан юм. Учир нь нөгөө агсрах янзтай байсан залуу манай нутгийн таньдаг дүү Д буюу Б гэж дууддаг байсан дүү байсан. Надтай хамт явсан Э Д нар муудалцах гээд байхаар нь учрыг олоод би Д-г аваад гэрт нь дөхүүлэх санаатай 5-р сургуулийн хажуугаар уруудсан юм. Тэгээд явж байтал араас Э ирээд тэр хоёр нэгнээ таниад юм ярьж байснаа нэг байрны болж таараад тэр хоёр цуг явчихна гэхээр нь би тэндээс за тэгвэл би явлаа гээд явсан Д нутгийнхаа ахтай таарлаа ганц юм авч өгөе гээд байхаар нь ах нь болсон уухгүй гээд тэр хоёр цааш явсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 24 дэх тал/,

4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 329 дугаартай “Х.Э биед зүүн гарын 5 дугаар хурууны 3-р шивнүүр ясны далд, ташуу хугарал, зүүн хөмсөг няцарсан шарх, баруун хацар, зүүн дээд зовхинд 2 тооны зулгаралт, дээд уруул, завьжинд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Шивнүүр ясны хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, няцарсан шарх нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 41 дэх тал/,

            6. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 1 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр **дугаар байрны гадна Х.Э-тай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унагасны дараа дахин хөлөөрөө өшиглөж биед нь зүүн гарын 5-р хурууны 3-р шивгүүр ясны далд хугарал, ташуу хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, баруун хацар, зүүн дээд зовхинд зулгаралт, дээд уруул, завьжинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан яллагдагч Б.Д-н  “…Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч өөрийн буруугаа ойлгож байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг, хохирогч Х.Э “…Тухайн үед миний нүүр ам хавдсан, зүүн талын хөмсөг сэтэрсэн, баруун талын хацар хавдаж зулгарсан, үүдэн 2 шүд хөдөлсөн, амны дотор талын жавьж язарсан, зүүн талын чигчий хуруу савхан яс нь хугарсан, зүүн талын нүд хөхөрсөн байна. Одоо миний биеийн байдал дунд зэрэг толгой болон бүх бие хөндүүртэй байна. Эмийн сангаас өвчин намдаах эм тариа авч хэрэглэж байна. Нэг мэдсэн чинь миний нүүр лүү хүн хөлөөрөө өшиглөхөөр нь сэрээд ухаан орсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Г-н “...Надтай хамт явсан Э Д нар муудалцах гээд байхаар нь учрыг олоод би Д-г аваад гэрт нь дөхүүлэх санаатай 5-р сургуулийн хажуугаар уруудсан юм. Тэгээд явж байтал араас Э ирээд тэр хоёр нэгнээ таниад юм ярьж байснаа нэг байрны болж таараад тэр хоёр цуг явчихна гэхээр нь би тэндээс за тэгвэл би явлаа гээд явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 329 дугаартай дүгнэлт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 03 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 1 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэр **дугаар байрны гадна Х.Э-тай маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж унаган, өшиглөж, зүүн гарын 5-р хурууны 3-р шивгүүр ясны далд хугарал, ташуу хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, баруун хацар, зүүн дээд зовхинд зулгаралт, дээд уруул, завьжинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Д-н  үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-г  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

  1. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овгийн Б-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г  550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550 000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС