| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2019/0076/Э |
| Дугаар | 2019/ДШМ/475 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Д.Туяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2019/ДШМ/475
Ш.Ут холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Туяа,
шүүгдэгч Ш.У, түүний өмгөөлөгч М.Машбат,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Х.Одбаяр, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Мөнхсайханы бичсэн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Ш.Уын давж заалдах гомдлоор Ш.Ут холбогдох 1810020540541 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ш-ийн У, 1989 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа "Мишээл" гэр бүлийн саун ажиллуулдаг гэх, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 87-6 тоотод оршин суух бүртгэлтэй,
Дүүргийн Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 513 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Шүүгдэгч Ш.У нь 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702-45 тоотод иргэн Г.Быг салсан эхнэр Х.Гтэй хардан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулан алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ш.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Уыг хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь дэх хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Уыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Ут оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Д.Мөнхсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим нь "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон" байх явдал юм.
Анхан шатны шүүх "...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг ..." хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцсон нь үндэслэлтэй боловч шүүгдэгч Ш.Ут хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах ямар нөхцөл байдал байгаад дүгнэлт хийгээгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн заалтыг хэрэглэх гол үндэслэл болох "гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй" байхад шүүгдэгч Ш.Ут хуульд зааснаас доогуур буюу 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй.
Өөрөөр хэлбэл, Ш.Ут оногдуулсан ял нь түүний үйлдсэн хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүгдэгч Ш.У давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гэрчээр мэдүүлэг өгч байсан бөгөөд ахлах мөрдөн байцаагч, хошууч Энх-Ирээдүй нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан байцаалт авсан. Иймд миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, дээрх 2 хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. Миний бие үйлдсэн хэргээ ухааран ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд татгалзах зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч Ш.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдол гаргаснаас хойш 7 хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас яллагдагчаар татагдсаныг хэрэгсэхгүй болгосон гэж хэлээд гэрчээр мэдүүлэг авсан. Миний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж хэлсэн.” гэв.
Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх "...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг ..." хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцсон нь үндэслэлтэй боловч шүүгдэгч Ш.Ут хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах ямар нөхцөл байдал байгаад дүгнэлт хийгээгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн заалтыг хэрэглэх гол үндэслэл болох "гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй" байхад шүүгдэгч Ш.Ут хуульд зааснаас доогуур буюу 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй. Өөрөөр хэлбэл Ш.Ут оногдуулсан ял нь түүний үйлдсэн хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна.
Дээд шатны прокурорын эсэргүүцлийг залруулж дүгнэхэд анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Ут ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан "Гэм буруугаа зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх..." заалтыг журамлаагүй, харин мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамласан байна. Хуулийн тухайн зүйл, хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээг заасан бөгөөд доод хэмжээг заагаагүй боловч анхан шатны шүүхээс оногдуулсан ял шүүгдэгч Ш.Уын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, өөрөөр хэлбэл, хөнгөдсөн гэж үзэж байна.
Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Машбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тугны зэв биедээ авч явсан нь тогтоогдоогүй бөгөөд өмгөөлөгчийн зүгээс тугны зэв тухайн газар байсан эсэх талаар ажиллагаа хийж өгнө үү. ...” гэсэн хүсэлт тавьсан боловч прокурорын зүгээс ажиллагаа хийлгэж өгөөгүй. Мөн зэвсгийн чанартай зүйл мөн эсэх асуудлаар мэтгэлцээн явагдсан. Хавтас хэргийн материалаас үзэхэд эдгээр хүмүүс нь гэр бүлийн харилцаатай байсан хүмүүс бөгөөд сэдэлт нь хардалтаас үүссэн.
Анхан шатны шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бичихдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байгаа. Хавтас хэрэгт миний үйлчлүүлэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд авагдсан байгаа. 2009 онд төрсөн Ариун-Эрдэнэ охин нь Ш.Уын хөдөлмөрлөж олсон мөнгөөр Ш.У болон түүний эх дээр өссөн. Салсан эхнэр нь эх хүний үүргээ гүйцэтгэдэггүй. Иймд, түүний хохирол төлбөрөө төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ш.У нь 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 702-45 тоотод иргэн Г.Быг салсан эхнэр Х.Гтэй хардан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулан алахыг завдсан болох нь:
хохирогч Г.Бын “...Толгой дээрээс 4 удаа цохисон ба хүзүү дагаад цус гарсан. Би болиулах гээд гарнаас нь барихад шовх үзүүртэй, бөөрөнхий, 10 орчим см урттай төмөр барьчихсан байсан. ...Тэгээд би тэр залууг түлхээд гараад зугтаасан. Тэр хүнийг урьд нь харж байгаагүй. ...” /1хх 27-36, 38-39/,
шүүгдэгч Ш.Уын “...Гарт баригдсан хатуу зүйлээр толгой хэсэг рүү нь 2 удаа цохиход тэр залуу хувцасгүй зугтаагаад гараад явсан. ...” /1хх 85-87/,
гэрч Д.Мөнхзаяагийн “...Толгойноос нь цус гарсан байдалтай, 30 орчим насны эрэгтэй хүн дэлгүүрт орж ирээд шууд миний сууж байсан кассын араар ороод ирсэн. ...Өндөр нуруутай, биерхүү залуу өөдөөс гарч ирээд "Сая энүүгээр нүцгэн залуу явсан уу" гэхээр нь "мэдэхгүй" гэж хэлэхэд нөгөө залуу дэлгүүрт оролгүй байрны ар тал, дэлгүүрийн хойд хэсгээр хайж байгаад яваад өгсөн. ...” /1хх 48/,
гэрч Н.Ганбаатарын “...Зодуулсан гэх залуугийн толгойны ар хэсгээс нь нилээн их цус гарч байсан. ...” /1хх 57/,
гэрч Ч.Чимэддоржийн “...Зодуулсан гэх залуу орцонд байсан ба хөл нүцгэн, толгойноос нь нилээд их хэмжээгээр цус гарсан байсан. ...Гадна хаалга нь хагас хаалттай, дотогш ороход хаалга, үүд, шал нь цус болсон байсан. ...” /1хх 182/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Бын биед баруун зулайн ясанд цөмөрсөн хугарал, тархины няцрал, хуйх, хүзүү, зүүн бугуй, зүүн чигчий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” 10938 дугаартай /1хх 61/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Ш.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ш.У нь юмыг зөвөөр тусган ойлгож, зөвөөр мэдүүлэх чадвартай байна. Ш.У нь өөрийн үйлдлийг удирдан жолоодож хянах чадвартай байна. Ш.У нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ..." 839 дугаартай /1хх 63-64/ дүгнэлтүүд, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 6-16/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Уыг хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Уын хүнийг алахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Ут 4 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Дээд шатны прокурорын “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. ...Шүүгдэгч Ш.Ут хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах ямар нөхцөл байдал байгаад дүгнэлт хийгээгүй байна. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Уыг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ хохирогч Г.Бын “Миний бие Ш.Ут гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн хүсэлт /хх 93/-ийг харгалзсан байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Уын “...Хошууч Энх-Ирээдүй нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан байцаалт авсан. Иймд миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, дээрх 2 хэргийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, шүүгдэгч Ш.У нь өөр хэрэгт холбогдсон талаарх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан тогтоол, яллагдагчаар мэдүүлэг өгсөн тухайгаа нотолсон баримтыг ирүүлээгүйгээс гадна, хэрвээ тухайн гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Ш.Уын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Ш.Уын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ