Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 140

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүү,

хохирогч: Ш.Гэгээнжаргал, түүний өмгөөлөгч  Н.Дашдулам /0725/

шүүгдэгч: Б.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар /0130/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батчулууны Өсөхбаярт холбогдох эрүүгийн 2016 2400 0272 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20 дугаар гудамж, 1114 б тоотод оршин суух, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн лабораторийн техникчийн 3 дугаар дамжааны оюутан, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВИ 94091313, Боржигон овогт Батчулууны Өсөхбаяр.

 

Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Улаанбаатар палас” төвийн хашаан дахь зогсоол бүхий замд 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнийн 03 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ М.Амарболдын эзэмшлийн “Тоёота чейзер” маркийн, 80-67 БНХ улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 7.6 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Ш.Гэгээнжаргалыг газар унасан байхад нь зүүн хөлийг дайрч, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Өсөхбаяр мэдүүлэхдээ:

   2016 оны 3 дугаар сарын 08-ны шөнийн 01 цагийн үед найз М.Амарболдын төрсөн өдрийг тэмдэглэхээр Улаанбаатар паласын хашаан дотор байдаг “Коко банана” бааранд найз Ж.Доржсэмбэ, М.Амарболд нарын хамт орсон. Шөнө 03 цагийн үед тэндээс гарах болоход Ж.Доржсэмбэ, М.Амарболд хоёр түрүүлж гарч, би бие засах газар орохоор үлдсэн юм. Намайг баарнаас гарч ирэхэд машины талбай дээр хэсэг залуус зодолдож байсан. Бидний унаж явсан машин зогсоолоос гараад “Улаанбаатар палас”-ын хашаанаас гарах хаалганы чигт асаалттай зогсож байсан. Учир нь би баар руу ирэхдээ машин барьж ирсэн бааранд пиво уусан тул машинаа бариулахаар дүүгээ дуудсан байсан. Гэтэл машин асаалттай, дүү маань тэр үед байхгүй байсан. Машины ард 2 хүн, цаана нь бас 2 хүн зодолдож байсан. Гэтэл 1 хүн намайг “машинаа холдуулаач” гэж орилохоор нь “машины цонхыг хагалчих болов уу” гэж бодоод машиныг холдуулахаар машинд сууж, зүүн дараад 5-6 алхам зайд урагшлан, буцаж жолоогоо хариулаад ухарсан. Гэтэл цонхоор нэг залуу “чи хүн шүргэчих шиг боллоо” гэж хэлэхээр нь машинаа зогсоож, буусан. Тэгээд “би хүн шүргээгүй, юу яриад байгаа юм бэ” гээд машины ард талаар нь тойроход хүн байгаагүй. Тэгэхээр нь тэр чигтээ тойроод машины урд талд ирэхэд Ш.Гэгээнжаргал хэвтэж байсан. Түүний хажууд нь нэг охин байсан. Ш.Гэгээнжаргалтай юм ярих гэтэл тэр согтуу, миний асуусан асуултанд хариулахгүй байсан. Удалгүй түргэн тусламж ирж, түүнийг авч явсан. Мөн цагдаа ирж, үзлэг хийж, зураг авч, тухайн баарны камерын бичлэгийг үзсэн. Намайг Баянгол дүүргийн цагдаагийн газар аваачиж согтуурлын хэмжээг шалгасан. Тэр үед би 4 шил 0.33 литрийн пиво уусан байсан. Тухайн үед намайг шалгасан цагдаа “чи хүн дайраагүй юм байна, захиргааны арга хэмжээ авна” гэж хэлээд явуулж, машиныг журмын хашаа руу аваад явсан. Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 384 000 төгрөгөөр торгосон. Тухайн үед машинд хүн дайруулахыг би хараагүй, машин ямар нэгэн зүйл дээгүүр гарч байгаа нь мэдэгдээгүй тул би хүн дайраагүй, шүргээгүй гэж бодсон. Гэрч нар намайг машинаар хохирогчийг мөргөсөн гэж мэдүүлж байх тул би машинаа зүүн дарж, урагшлахдаа зүүн талын гуперээр Ш.Гэгээнжаргалыг мөргөсөн байх. Тухайн үед найз М.Амарболдын машиныг согтуугаар жолоодон, орчноо сайн хараагүй, Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, мөн дүрмийн 7.6 буюу тухайн авто машины бүх аюулгүй байдлыг хангаж байж хөдөлгөөн эхэлнэ гэснийг зөрчсөнөөс Ш.Гэгээнжаргалын биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь миний буруу. Би хохирогчид 2 000 000 төгрөгийг төлсөн. “Тоёота чейзер” маркийн, 80-67 БНХ улсын дугаартай автомашин нь манай найз М.Амарболдын машин байсан ба би хааяа тэр машиныг унадаг байсан.  Би Ш.Гэгээнжаргалыг толгойгооороо мөргөөгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ш.Гэгээнжаргал мэдүүлэхдээ:

 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад “Улаанбаатар палас” төвийн хажуугийн “Коко банана” бааранд сууж байгаад гарсан. Баарны гадаа найз охинтойгоо юм ярьж байхад 5-6 залуу над руу дайраад, бужигнаад ирсэн. Б.Өсөхбаяр толгойгоороо миний хамар руу мөргөсөн, бас тэр залуу машинаараа мөргөсөн гэж найз охин маань надад хэлсэн. Тэр мөргөөгүй ч байж болно. Бид хоорондоо маргалдаагүй. Намайг машины урд хэсгээр мөргөсөн гэсэн. Би мөргүүлчихээд ухаан алдаад унасан. Хамгаалагч нар гарч ирж харсан байсан. Ослын улмаас миний зүүн шилбэ, зүүн гарын долоовор хуруу хугаралтай, хамар хугаралтай, зүүн нүд хэсэг цөмөрсөн байсан. Зүүн нүдний дотор ханын яс цөмөрснийг одоогоор эмчилгээ хийгээгүй, “харна” гэж эмч хэлсэн. Энэ гэмтэлд пластик хийлгэж болох ч манайд олддоггүй гэж байсан. Хөлөө  нугалахад шөрмөсний хавьцаа хааяа өвддөг. Цаашдаа миний бие ослоос болж өвдөж, эмчилгээ хийлгэвэл эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэнэ. Одоо надад гомдол санал байхгүй, биеийн байдал гайгүй байна. Б.Өсөхбаярт холбогдуулан гаргах гомдол байхгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй. Эмчилгээний зардалд 2 000 000 төгрөг авсан гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Мандухай мэдүүлэхдээ:

2016 оны 3 дугаар сарын 08-ны шөнийн 03 цагийн үед “Коко банана” баарнаас найз Ш.Гэгээнжаргал, Жавзаа, Ууганаа нарын хамт гараад зогсоол дээр байсан таксинд суухаар болоод манай найз Ш.Гэгээнжаргал бид хоёр юм яриад зогсож байсан. Гэтэл хажуугаар 5 залуу орж ирээд бид хоёрын ярианд оролцож, нэг залуу нь Ш.Гэгээнжаргалыг цохиод газарт унаад хэвтэж байхад нь цагаан өнгийн “Тоёота чейзер” маркийн автомашин урагшаа гэнэт хөдлөөд зүүн талын гар болон хөл хэсэг рүү мөргөсөн гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Жавзандулам мэдүүлэхдээ:

“Коко банана” баарнаас найз Ш.Гэгээнжаргал, Б.Мандухай, Ууганаа нарын хамт гараад зогсоол дээр байсан таксинд сууж байхад хэсэг залуус машины хажуугаар гарч ирээд Ш.Гэгээнжаргалтай зууралдахаар нь манай найз Ууганаа нэг залуутай барилцаад авсан. Гэнэт эмэгтэй хүн чарлахаар нь эргээд хартал Б.Мандухай Гэгээнээг тэвэрчихсэн уйлаад машины өмнө сууж байсан. Тэгээд хамгаалагч нар гарч ирээд машин жолоодсон залууг барьж аваад цагдаа, түргэн дуудсан. Ш.Гэгээнжаргалын хөл, гар гэмтсэн гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Доржсэмбэ мэдүүлэхдээ:

“Коко банана” бааранд Б.Өсөхбаяр, М.Амарболд нартай хамт орсон. М.Амарболд бид хоёр түрүүлж гараад машин руугаа явж байхад араас хүн цохих шиг болоод, би газар унасан. Нэг хэсэг цохиулж байгаад босоод ирэхэд машин хөдөлгөсөн гээд хүмүүс яриад байсан. Цагдаа нар ирсэн. Миний шанаа шалбарсан байсан, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Намайг хэн цохисныг хараагүй. Машиныг хэн жолоодсоныг хараагүй гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ууганпүрэв мэдүүлэхдээ:

Шөнийн 03 цагийн үед бид баарнаас гарсан. М.Бат-Эрдэнэ түрүүлээд явсан. Би Л.Жавзандуламтай юм яриад машины зогсоолын шатан дээр зогсож байсан. Ш.Гэгээнжаргал, Б.Мандухай хоёр шатны доор зогсож байсан. Гэтэл гэнэт хэсэг залуучууд Ш.Гэгээнжаргал дээр хүрч ирээд “эмэгтэй хүнийг яагаад байна” гэж хэлээд заамдаад авахаар нь би шууд Ш.Гэгээнжаргал дээр явж очсон. Бид хоёртой маргалдаад зууралдсан, зодоон болоогүй. Гэнэт Б.Мандухай орилохоор нь харахад Ш.Гэгээнжаргал цагаан суудлын автомашины баруун урд талд хэвтэж байсан. Намайг очиход нөгөө машин хойшоо ухарсан. Хамгаалагч нар гарч ирээд нөгөө залуучуудыг барьж авсан. Ш.Гэгээнжаргалыг дайрсан машин нь цагаан өнгийн “Тоёоа чейзер” маркийн автомашин байсан. Ш.Гэгээнжаргал доошоо харсан, ухаан алдсан байдалтай байсан гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Зоригтбаатар мэдүүлэхдээ:

Гадаа машины зогсоол дээр зодоон болоод байна гэхээр нь гарахад зогсоол дээр нэг залуу газар унасан, машин нь урагшаа харсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад машин мөргөсөн гэж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. 7-8 залуучууд байсан гэжээ. (хэргийн 120 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-М.Амарболд мэдүүлэхдээ:

80-67 БНХ улсын дугаартай, “Тоёота чейзер” маркийн автомашин миний эзэмшлийн машин. Эхлээд Ж.Доржсэмбэ бид хоёр баарнаас гарсан. Б.Өсөхбаяр араас гарья гээд үлдсэн. Бид хоёрыг алхаж явтал хойноос гэнэт цохиж, зодсон. Ш.Гэгээнжаргал нэг эмэгтэйтэй маргалдаж байхад хажууд нь 3-4 согтуу залуу зогсож байсан. Миний бодлоор танихгүй залуучууд андуураад зодсон байх. Б.Өсөхбаяр миний машиныг жолоодож ирсэн. Тэгээд архи, пиво уухаар болоод дүүгээ дуудсан гэжээ. (хэргийн 125 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Б.Долгормаа мэдүүлэхдээ: 

            Ш.Гэгээнжаргалын биед учирсан зүүн шилбэний тахилзуур ясны хугарал, зүүн гарын 4 дүгээр хурууны хугарал гэмтлүүд нь машинд дайрагдах, шүргэгдэх унах үед үүсэх боломжтой. Зүүн нүдний ухархай дотор ханын хугарал нь машины эд ангид цохигдох үед эсвэл унахдаа хатуу мохоо зүйлээр цохих үед үүсэх боломжтой гэжээ. (хэргийн 49 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3531 тоот дүгнэлтэд:

1. Ш.Гэгээнжаргалын биед зүүн шилбэний тахилзуур ясны далд, зүүн гарын 4 дүгээр хурууны ил, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, дух, зүүн хацар, хамрын үзүүр, уруул эрүүний зулгаралт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 51 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дугаар сарын 14-ны өдрийн 1205 тоот нэмэлт дүгнэлтэд:

Ш.Гэгээнжаргалын биед учирсан зүүн шилбэний тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд, зүүн гарын 4 дүгээр хурууны ил хугарал гэмтэл нь дан дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Хамар яс, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал нь дан дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дух, зүүн хацар, хамрын үзүүр уруул, эрүүний зулгаралт, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 140 дүгээр хуудас)

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 311 тоот дүгнэлтэд:

1. ”Тоёота чейзер” маркийн, 80-67 БНХ улсын дугаартай автомашины жолооч Б.Өсөхбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно.

а.согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,  

мөн 7.6-д “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ш.Гэгээнжаргал нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна гэжээ. (хэргийн 60 дугаар хуудас)

 

Жолоочийн согтуурал шалгасан баримтад:

Б.Өсөхбаяр 2016 оны 3 дугаар сарын 08-ны 05 цагт драйгер багаж үлээлгэн шалгахад 1.58 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов гэжээ. (хэргийн 83 дугаар хуудас)

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

           Б.Өсөхбаяр ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 77 дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Өсөхбаяр нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар палас”-ын хашаан дотор автомашины зогсоол дээр 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнийн 03 цагийн орчим архи ууж согтуурсан үедээ М.Амарболдын эзэмшлийн “Тоёота чейзер” маркийн, 80-67 БНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно.

а.согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 

мөн 7.6-д “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс хохирогч Ш.Гэгээнжаргалыг газар унасан байхад нь машинаараа дайрч, бие махбодид нь зүүн шилбэний тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд, зүүн гарын 4 дүгээр хурууны ил хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь

 

шүүгдэгчийн би Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, мөн дүрмийн 7.6 буюу тухайн авто машины бүх аюулгүй байдлыг хангаж байж хөдөлгөөн эхэлнэ гэсэн дүрмүүдийг зөрчсөнөөс  Ш.Гэгээнжаргалын биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь миний буруу. Би хохирогчид 2 000 000 төгрөгийг төлсөн гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ш.Гэгээнжаргалын ... намайг машины урд хэсгээр мөргөсөн гэсэн. Би мөргүүлчихээд ухаан алдаад унасан. Хамгаалагч нар гарч ирж харсан байсан.  Намайг хэн мөргөж газар унагасныг би сайн мэдэхгүй байна,

 гэрч Б.Мандухайн ...нэг залуу нь Ш.Гэгээнжаргалыг цохиод, газарт унаад хэвтэж байхад нь цагаан өнгийн “Тоёота чейзер” маркийн автомашин урагшаа гэнэт хөдлөөд зүүн талын гар болон хөл хэсэг рүү мөргөсөн,

гэрч Л.Жавзандуламын ...гэнэт эмэгтэй хүн чарлахаар нь эргээд хартал манай найз Б.Мандухай Гэгээнээг тэвэрчихсэн уйлаад машины өмнө сууж байсан. Тэгээд хамгаалагч нар гарч ирээд машин жолоодсон залууг барьж аваад цагдаа дуудаад түргэн дуудсан,

гэрч Ж.Доржсэмбийн ...М.Амарболд бид хоёр түрүүлж гараад машин руугаа явж байхад араас хүн цохих шиг болоод би газар унасан. Нэг хэсэг цохиулж байгаад босоод ирэхэд машин хөдөлгөсөн гээд хүмүүс яриад байсан,

гэрч Б.Ууганпүрэвийн ...гэнэт хэсэг залуучууд Ш.Гэгээнжаргал дээр хүрч ирээд “эмэгтэй хүнийг яагаад байна” гэж хэлээд заамдаад авахаар нь би шууд Ш.Гэгээнжаргал дээр явж очсон. Бид хоёртой маргалдаад зууралдсан, зодоон болоогүй. Гэнэт Б.Мандухай орилохоор нь харахад Ш.Гэгээнжаргал цагаан суудлын автомашины баруун урд талд хэвтэж байсан. Намайг очиход нөгөө машин хойшоо ухарсан. Хамгаалагч нар гарч ирээд нөгөө залуучуудыг барьж авсан. Ш.Гэгээнжаргалыг дайрсан машин нь цагаан өнгийн “Тоёота чейзер” маркийн автомашин байсан,

гэрч Т.Зоригтбаатарын ...гадаа машины зогсоол дээр зодоон болоод байна гэхээр нь гарахад зогсоол дээр нэг залуу газар унасан, машин нь урагшаа харсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад машин мөргөсөн гэж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. 7-8 залуучууд байсан,

иргэний хариуцагч М.Амарболдын ...80-67 БНХ улсын дугаартай, “Тоёота чейзер” маркийн автомашин миний эзэмшлийн машин. Эхлээд Ж.Доржсэмбэ бид хоёр баарнаас гарсан. Б.Өсөхбаяр араас гарья гээд үлдсэн. Бид хоёрыг алхаж явтал хойноос гэнэт цохиж зодсон. Ш.Гэгээнжаргал нэг эмэгтэйтэй маргалдаж байхад хажууд нь 3-4 согтуу залуу зогсож байсан. Миний бодлоор танихгүй залуучууд андуураад зодсон байх. Б.Өсөхбаяр миний машиныг жолоодож ирсэн. Тэгээд архи, пиво уухаар болоод дүүгээ дуудсан гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3531 дүгнэлт, 2016 оны 9 дугаар сарын 14-ний өдрийн нэмэлт  дүгнэлт, Улаанбаатар хотын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 311 тоот дүгнэлт, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Өсөхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Б.Өсөхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй.

 

  Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов. 

Б.Өсөхбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн лабораторийн техникчийн 3 дугаар дамжааны оюутан, хувийн байдлаар төлөв томоотой, хохирогч түүнд холбогдуулан гомдолгүй гэж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн, уг ялыг тэнсэж, хянан харгалзлаа.

 

Хохирогч нь эмчилгээний зардалд 909 130 төгрөг нэхэмжилснээс Б.Өсөхбаяр түүнд 2 000 000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд түүнд учирсан эд хөрөнгийн хохирол, эмчилгээний зардал төлөгдсөн гэж үзлээ.

 

Хохирогч нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Өсөхбаяр нь цонхоор нэг залуу “чи хүн шүргэчих шиг боллоо” гэж хэлэхээр нь машинаа зогсоож, машины ард талаар нь тойроод харахад хүн байгаагүй. Тэгэхээр нь тэр чигтээ тойроод машины урд талд ирэхэд Ш.Гэгээнжаргал хэвтэж байсан гэж мэдүүлж байх тул улсын яллагч түүнийг ухрах үйлдэл хийхдээ хохирогчийг мөргөөгүй, харин урагшлах үйлдэл хийхдээ дайрсан гэж тайлбарлан, ялласныг дурдах нь зүйтэй.