Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 332

 

МАГАДЛАЛ

 

2017.02.01                                                   Дугаар 332                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ц.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01423 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Нэргүйд холбогдох,

33 359 401 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Баярмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өр барагдуулах хэлцэл хийсэн. “Улаанбаатар гурил” ХХК-ийн гурил аваад борлуулаад төлөх ёстой байсан. Энэ төлбөрөөс үүссэн өрийн талаар тохиролцож хэлцлийг хийсэн. Хэлцэлийн дагуу гурилны үнийн үлдэгдэл төлбөр 18 513 000 төгрөгийг 2012 оны 10 дугаар сарын 02-ноос 2013 оны 8 дугаар сарын 25-ны хооронд ногдох хугацааны хүү 2 086 430 төгрөг, нийт 20 599 430 төгрөгийг Б.Нэргүй Ц.Мөнхжаргалд 2013 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тохирсон. Хэлцлийн дагуу хугацаандаа барааны үнийг хүүний хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,3 хувиар бодож алданги төлөхөөр тохирсон. Үүнээс хойш 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3 000 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөгийг тус тус төлж 13 599 430 төгрөг үлдсэн. Энэхүү үлдэгдэл төлбөрийг 1 сарын 3 хувийн хүүтэйгээр 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор барагдуулна. Энэ хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээнд заасны дагуу хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,3 хувиар алданги тооцохоор тохирч гэрээнд өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш хугацаанд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн. Нийтдээ 14 000 000 төгрөгийг төлсөн дээр маргахгүй байгаа. Гэрээнд заасны дагуу Б.Мөнхжаргалыг 2016 оны 01 дүгээр сараас хойш төл гэж удаа дараа мэдэгдэж байсан. 2016 оны 06 сард нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлдээ гэрээний дагуу үндсэн төлбөр 1330599,430 төгрөг дээр хэлцлээр тохирсон хүү 12 960 256 төгрөг, алдангид 6 799 715 төгрөгөөр тооцон нийт 33 359 401 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс хойш хугацаанд хүү алданги нэмэгдээд явж байгаа хэдий ч анхны нэхэмжлэл гаргасан хугацаагаар нэхэмжлэл гаргасан. Б.Нэргүйг Ц.Мөнхжаргалтай эвлэрүүлэх талаар ярилцсан боловч Б.Нэргүйн утсаа авдаггүй. Нэхэмжлэлийн үнийн      33 359 401 төгрөг дээр улсын тэмдэгтийн хураамжийн хамт Б.Нэргүйгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Өр барагдуулах хэлцэл хийгдсэн талаар зөвшөөрч байгаа. Хавсаралтад тооцоо нийлсэн акт байгаа. Үндсэн мөнгө 18 513 000 төгрөг дээр маргахгүй. Хэлцэл хийгдсэнээс хойш 14 000 000 төгрөг төлсөн үүнийгээ 18 513 000 төгрөгнөөс хасаад 4 513 000 төгрөг үлдэнэ. Хэлцэл дээр гарын үсэг зураад зөвшөөрч байгаа учраас өр барагдуулан хэлцлээр төлөхөөр тохирсон 2 086 436 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрнө. Алданги гэж заасан алданги тодорхой хэмжээгээр зөвшөөрнө алданги 2 256 500 төгрөг өгнө. Нийтдээ 8 855 930 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үлдэгдэл мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Өр барагдуулах хэлцэлээр тохирсон төлбөрөөс хүү алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байгаа. Иймд үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Б.Нэргүйгээс 9 899 145 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалд олгож, үлдэх 23 460 256 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нэргүйгээс 173 336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.5 дахь хэсэгт тооцоо нийлэх гэрээний дагуу төлөх төлбөрт хүү тооцож болно гэж заасан байдаг. Хуулийн энэхүү заалтын дагуу Б.Нэргүй нь хүү төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байтал шүүүхээс хүү шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуульд гэрээ байгуулсанд тооцох 196 дугаар зүйлд заахдаа 196.1.2, гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрсөнөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж заасан байна. Иймд нэхэмжлэгч Мөнхжаргал нь Нэргүйгээс өр барагдуулах хэлцлийн дагуу хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд дээрх нөхцлийн дагуу төлөх ёстой төлбөрөөс хүүгийн төлбөр болох 2013 оны 11 дүгээр сарын 5-наас төлөгдөөгүй үлдсэн төлбөрөөс төлсөн төлбөрийг хасаж 3 хувиар хүү тооцон төгрөг гаргуулахаар давж заалдах гомдол гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал нь хариуцагч Б.Нэргүйд холбогдуулан 33 359 401 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.Нэргүйд 2012 оны 10 дугаар сарын 2-ноос 25-ны өдрүүдэд 42 125 000 төгрөгийг гурил нийлүүлсний үнийн үлдэгдэл төлбөр 18 513 000 төгрөгийг төлөөгүй учир 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны хүү 2 086 430 төгрөг, бүгд 20 599 430 төгрөг төлөхөөр тохиролцсоноос түүний төлсөн мөнгийг хасч 13 599 430 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөхгүй бол хоног тутам 0,3 хувийн алданги төлөхөөр хэлцэл хийсэн, “...хүү 12 960 256 төгрөг, алданги 6 799 715 төгрөг, нийт 33 359 401 төгрөг гаргуулах...” гэж тайлбарласныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотлох баримт гэж үзнэ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Зохигчид хоорондын худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн үндсэн үүрэг болон хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой төлөгдөх өр төлбөрийн талаар тохиролцон 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хийсэн “Өр барагдуулах хэлцэл”-ээр төлбөрийн үүргийг талууд 20 599 430 төгрөг гэж тооцон баталгаажуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд уг хэлцлийн дагуу үүссэн үүргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх учиртай.

Хариуцагч нь 2013 оны 8 дугаар сарын 31-нээс 2016 оны 1 дүгээр сарын 21-ний хооронд 14 000 000 төгрөг төлсөн, 4 300 000 төгрөгөөр үнэлэгдсэн суудлын авто машиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, нэхэмжлэгч уг машиныг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ үүрэг гүйцэтгэх зарчмыг тодорхойлсон ерөнхий зохицуулалтыг баримталсан нь оновчгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно. Учир нь энэ мөнгийг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Нэргүй төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 13 803 421 төгрөгийг сарын 0,3 хүүтэйгээр 2013 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлөхгүй бол төлөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,3 хувийн алданги тооцох бичвэр үйлдсэн байна. Уг бичвэр нь талуудын хоорондын гэрээнээс үүссэн мөнгөн төлбөрийн үүрэг, түүнд хугацаа хэтрүүлсний хүү төлөх талаарх тохиролцсон хэлцэлд үндэслэн үүссэн үүрэгт дахин алданги тооцсон агуулгатай байна.

Хариуцагч Б.Нэргүй нь мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй    болох нь хэргийн баримтаар тогтоогдсон боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар хүүгээс анз тооцох үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Нэргүйгийн нэхэмжлэгчид төлбөл зохих үлдэгдэл үүргийн дүнг тооцоход шүүхийн шийдвэрлэсэн 9 899 145 төгрөгөөс бага байгаа боловч энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчмын хүрээнд шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01423 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 186 290 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                                             ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                       

 

                                                                                               М.НАРАНЦЭЦЭГ