Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа,

улсын яллагч А.Оргилбаяр,

хохирогчийн өмгөөлөгч Х.Энхбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

шүүгдэгч Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.С-д холбогдох 2216000000101 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж овогтой Ж-н С.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Са-н 2022 оны 04 дүгээр сарын 30-ны шөнийн 01 цагийн орчим Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Гандангийн хашааны зүүн урд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.Б-н нүүрэн тус газарт нь гараараа цохиж, газар мөргүүлэн түүний эрүүл мэндэд нь “зүүн шанаа ясны их бие, нум, хоншоорын хөндийн хажуу хананы зөрөөтэй хугарал” буюу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ж.С-н шүүх хуралдаанд өгсөн “ ... 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдөр шилжих шөнө “Ентүм” буудалд Н.Б-тэй архи ууж үл ойлголцлын улмаас Н.Б-г зодож гэмтээсэн. Энэ хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй буюу хохирогчид учирсан хохирлыг төлсөн ... Хохиролд нийт 7,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгаас тоглолтоор ирсэн. Тоглолт дуусаж Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн байранд сурагчдыг харж байхад Говь-Алтай аймгийн Алтай чуулгын ажилтан нар бид нарт хүндэтгэл үзүүлэх гэж байна гээд дуудсан юм. Тэгээд Ентүм зочид буудалд 24 цаг 30 минутын орчим очсон байх, тэгээд буудалд 2 өрөөнд манайхан хуваагдаж байсан нэг өрөөнд нь төгсөгчид, нэг өрөөнд нь багш нар байсан ... Төгсөгчдийн өрөө рүү орж Т, танихгүй залуу нартай цуг гарч буудлын үүдэнд тамхилж байтал танихгүй залууг П гарч ирээд хүүхдүүдээ эргэж ирье гэж хэлэхэд нь нөгөө залуу чи явчихаад ир гэж хэлсэн. Тэгэхэд нь буудал руу ороход нөгөө танихгүй залуу араас хоёулаа гараад уулзъя юм асууя гэж хэлсэн. Тэгээд буудлаас гараад нэг харанхуй газарт очоод чи Завханы ******** мөн үү? гэхэд би тийм гэсэн тэгтэл миний хамар хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж, үснээс зулгааж газар мөргүүлээд байж байтал эхнэр П нь ирж салгасан ... Эхнэртэйгээ хардаж зодсон, би холбоо харилцаа байхгүй... Миний зүүн шанаа ясны их бие, нум, хоншоорын хөндийн хажуу хананы зөрөөтэй хугарал, нүдний ухархайн гадна дээд хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралттай, зүүн хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дух, баруун хөмсөг, зүүн чихний дэлбэн, баруун шанаа, баруун өвдгөнд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцралтай байна гэсэн эмнэлгийн онош гарсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дугаар тал/,

Хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... Говь-Алтай аймаг, Улаанбаатар хот руу явсан унааны болон эмчилгээний зардалд нийт 6.586.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг нийт 7.186.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ зардлыг нэхэмжилж байна. Хохирол барагдуулсан тохиолдолд гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дугаар тал/,

Гэрч С.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежийн багш, сурагчид манай аймагт ирж сургууль танилцуулах тоглолт хийсэн юм. Би өөрөө Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежийг төгссөн учраас манай гэр бүлийн 2 найзууд ирсэн “Ентүм” зочид буудалд байрлаж байсан. Тэгээд нөхөр С бид хоёр найз нартаа хүндэтгэл үзүүлэх гэж 24 цаг 10 минутад өрөөнд нь очиж уулзаж байтал Б гаднаас орж ирээд С-той танилцсан. Тэгээд нэлээн юм яриад сууж байгаад Б, С, Т гурав тамхи татна гээд гараад явсан. Тэгэхээр нь би араас нь хувцсаа өмсөөд гараад ирсэн чинь “Ентүм” буудлын гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгээд С-г хоёулаа явж хүүхдүүдээ эргэчихэд буцаж ирье гэхэд үгүй, чи яв гэж хэлсэн, тэгэхээр нь би том охиндоо хүүхдүүдээ харуулж үлдээсэн байсан учраас санаа зовоод гэр рүүгээ явсан юм. Тэгээд гэртээ очоод хүүхдүүдээ харсан чинь бүгд унтаж байхаар нь буцаад С-г авах гээд ирэхэд буудлын үүдэнд байхгүй байхаар нь өрөө рүү орсон юм байх гээд ороход байхгүй байсан. Тэгтэл над руу С 24 цаг 49 минутад утсаар залгаж Гандангийн үүдэнд хүрээд ир гэж дуудсан тэгээд очиход Б С хоёр зодолдож байсан тэгэхээр болиоч гэж хэлээд салгаж аваад Б-г Ентүм буудал руу орчих гэж хэлээд С-г аваад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дугаар тал/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ерөнхий жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж ажилласан ...Н-н Б гэж Завхан аймгийн Хөгжил бүжгийн ажилтан Говь-Алтай аймгийн нэг залууд зодуулсан гэх яриа өгүүлэмжтэй, биед үзлэг хийхэд хацар, шанаа орчим хавдсан, толгой өвдөнө, амаа ангайж чадахгүй, шархтай, биеийн байдал хүндэвтэр, өөрийн ухамсарт ухаантай байсан. Тухайн өдөр эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж байгаад 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зүүн шанаа ясны хугарлын хагалгаанд ороход би өөрөө оролцсон. Шанаа ясны зөрөөтэй хугаралтай байсан тул эвлүүлж хадаж, бэхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дүгээр тал/,

Гэрч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...  2022 оны 04 дүгээр сарын 29-ний орой 23-24 цагийн орчимд бид нарыг байрлаж байсан Ентүм нэртэй зочид буудалд байж байхад манай сургуулийн төгсөгч П гэдэг хүн нөхрийнхөө хамт ирж бид нартай уулзсан юм. Тухайн үед би сурагч нараа МСҮТ-ийн дотуур байранд байрлуулчихаад Ентүм нэртэй зочид буудалд эргээд ирсэн юм ... Тэгээд хэсэг хугацааны дараа 01 цагийн орчимд манай хамт явж байсан Б-г С гэдэг хүн гадаа гарч тамхи татъя гээд дагуулж гарч яваад зодчихсон гэж Б надад хэлсэн. Би тухайн үед хажууд нь байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага мэдээлэл өгсөн ... Б-г эмнэлэгт үзүүлж тархины зураг, цээжний зураг авахуулж хэвлийн ЭХО хийлгэсэн. Тэр зураг авсан эмч нь зүүн талын нүдний шанаа орчмын яс цөмөрсөн байх боломжтой мөн эрүүний яс нь хугарсан байж болзошгүй мөн тархи нь хавантай, нүүрний ясанд 2 цууралт үүссэн байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дүгээр тал/,

Гэрч С.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...  2022 оны 04 сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгад Завхан аймгийн Хөгжимт драмын театрын тоглолт болж дуусаж, орой нь “Ентүм” буудалд манай аймгийнхан байрлаж байхад манай төгсөгчид ирсэн байж байхад сүүлд манай төгсөгч П нөхөр болох С-тэй цуг ирсэн. Тэгээд төгсөгчид багш нар тус тусдаа өрөөнд байж байсан. Тэнд байсан хүмүүс өрөөнд тамхи татаж болохгүй тул өрөөнөөс гарч ороод тамхилж байсан. С, Н.Б бид нар тамхилж байгаад намайг орсны дараа С нь Б-г дагуулж авч яваад хүнгүй газарт очиж зодсон гэж хэлсэн... Яг юунаас болж зодолдсон талаар би мэдэхгүй, зодолдох үед нь хажууд нь байгаагүй, С нь Б-н нүүр ам руу нь цохиж, зодсон гээд нүүр, ам нь хөхөрч хавдсан байхаар нь бид нар эмнэлэг болон цагдаагийн газарт мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дугаар тал/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128 дугаартай “...1. 2. Н.Б-н биед зүүн шанаа ясны их бие, нум, хоншоорын хөндийн хажуу хананы зөрөөтэй хугарал, нүдний ухархайн гадна дээд хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралттай, зүүн хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дух, баруун хөмсөг, зүүн чихний дэлбэн, баруун шанаан, баруун өвдгөнд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно.

4. Дээрх гэмтлүүдээс зүүн шанаа ясны их бие, нум, хоншоорын хөндийн хажуу хананы зөрөөтэй хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 95-96 дугаар тал/,

Хохирогч Н.Б-н 2396 дугаартай өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 28-49 дүгээр тал/  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.С нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны шөнийн 01 цагийн орчим Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.Б-н нүүрэн тус газарт нь гараараа цохиж, газар мөргүүлэн зодож биед нь “зүүн шанаа ясны их бие, нум, хоншоорын хөндийн хажуу хананы зөрөөтэй хугарал” буюу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтлүүдийг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ж.С-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 130 дугаар тал/, хохирогч Н.Б-д хохиролд 3,500,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 143 дугаар тал/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохиролд 3,500,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт, хохирогч Н.Б-н шүүхэд гаргасан “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой Говь-Алтай аймагт бусдад зодуулж бэртэн, эрүү, нүүрэндээ гэмтэл авч, хагалгаа хийлгэсэн болно. Тус хагалгаа болон Улаанбаатар хот, Говь-Алтай аймаг дахь эмчилгээ, түүнтэй холбогдох нийт 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг буруутай этгээд бүрэн барагдуулсан нь үнэн болно. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, өөр гомдол санал байхгүй...” гэх хүсэлт / зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.С-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Ж.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохиролд 7,000,000 (долоон сая) төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас банкны гүйлгээний баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ж  овогтой Ж-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С-д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.С-д сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохиролд 7,000,000 (долоон сая) төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас банкны гүйлгээний баримтыг хэрэгт хавсаргасугай.      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА