Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 209

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

       Нэхэмжлэгч: банкны нэхэмжлэлтэй, 

          Хариуцагч: Н.Н-д холбогдох,

          Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 156.324,73 төгрөг, зээлийн хүү 173.551,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.710,33 төгрөг, нийт 364.586,71 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:  

          Нэхэмжлэгч...... банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус банк Н.Н-тай 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр №2030000070 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 980.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Увс аймаг, Улаангом сумын 5 дугаар баг, 4-7 тоотод байрлах 3 хос диван ор, 32 инчийн ЕLКО зурагт барьцаалсан. Зээлдэгч Н.Н зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба гэрээнээс үндсэн зээл 823.675,27 төгрөг, зээлийи хүү 277.014,73 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 156.324,73 төгрөгийн үндсэн зээл, 173.551,65 төгрөгийн хүү, 34.710,33 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 364.586,71 төгрөгийг төлөөгүй. Тиймээс иргэн Н.Н-аас 156.324,73 төгрөгийн үндсэн зээл, 173.551,65 төгрөгийн хүү, 34.710,33 төгрөгийн нэмэгдүүдсэн хүү, нийт 364.586,71 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос нь банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.

         Нэхэмжлэгч ..........банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Н.Н нь барьцаа хөрөнгөө устгасан, бусдад өгсөн байх тул нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж, мөнгөн дүнгээр нь шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

          Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие .... банкны Увс аймаг дахь салбараас 2012 оны 1 дүгээр сард лизингийн зээл авсан боловч тухайн заагдсан хугацаанд нь үндсэн зээлээ төлөөд барагдуулсан юм. Гэтэл одоогийн энэ банкны захирал Г.А гэх залуу одоо гурван зуун хэдэн мянган төгрөг нэхэмжлээд байгаа нь 1 дүгээрт хууль бус, 2 дугаарт өгөөд дуусчихсан байхад санаагаараа хүү бодоод баахан мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй, 3 дугаарт хуулийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, 4 дүгээрт би өөрөө байнгын эмнэлгийн хяналтад байдаг, сэтгэцийн өвчтэй. Миний хаяг Улаангом сум 5 дугаар баг гэж байдаг, гэр орон байхгүй, эмнэлгээр голдуу амьдардаг. Ийм учраас төлөх эрх зүйн болоод эдийн засгийн үндэс бүрэн байхгүй. Үүний үндэслэл болох 11 хуудас материалаар батлагдах байх” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч .......... банкнаас хариуцагч Н.Н-ууд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 156.324,73 төгрөг, зээлийн хүү 173.551,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.710,33 төгрөг, нийт 364.586,71 төгрөгийг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны үеэр “Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

          Хэрэгт авагдсан 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2030000070 тоот “Лизингийн барьцаат зээлийн гэрээ”-ээс үзэхэд Капитал банк болон иргэн Н.Н нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, Н.Н нь тус банкнаас 980.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,10 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн барьцаанд 3 хос диван ор, 32 инчийн “Элко” маркийн зурагтыг тус тус барьцаалжээ.  

         Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т  заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2013 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, “Зээлийн эргэн төлөлтийн тооцоо” гэсэн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

           Хариуцагч нь “Би энэхүү зээлийг төлчихсөн, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, сэтгэцийн өвтэй тул төлбөрийн чадваргүй” гэж маргаж, тайлбартаа өөрийн амбулаториор эмчлүүлэгсдийн картаа хавсарган ирүүлжээ.

            Хариуцагчийн дээрх дэвтрээс үзэхэд хамгийн сүүлийн хуудаст “Хэрэг хариуцах чадваргүй нь үнэн болно. ... Эмч Х.М” гэсэн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолт нь албан ёсны мэргэжлийн байгууллагын буюу шүүхийн сэтгэц, эмгэг судлалын мэргэжилтний дүгнэлт гэж үзэх боломжгүй, нөгөө талаар хариуцагч нь өөрийгөө сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болохоо нотлоогүй, уг нөхцөл байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг хэрэгт ирүүлээгүй байх тул Н.Н-ууг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

            Мөн зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн баримтаас үзэхэд хариуцагч нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3.350 төгрөгийн хүүгийн төлөлт хийж, 2013 оны 11, 12 дугаар сард төлөх байсан 156.325 төгрөгийн төлбөрийг төлөөхгүй үлдээж, үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй, өөрөөр хэлбэл, зээлийн гэрээнд заасан графикийн дагуу дахин 2 сарын хугацаанд төлбөрийг төлсөн бол гэрээний хугацаа ч, зээлдэгчийн үүрэг ч дуусах байсан байх тул хариуцагчийн “зээлээ бүрэн төлсөн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний 4.9-д “Гэрээнд заасан ерөнхий хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд уг хугацаа нь цаашид зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ.  Гэрээнд заасан ерөнхий хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал, хохирол, хураамжийг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байх тул хариуцагчийн “Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

          Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад “бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэсэн байх боловч нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан 2030000070 тоот зээлийн гэрээнээс үзэхэд хариуцагч нь ямар бусад орлоготой болох талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар гэрээнд дурдаагүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

        Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Н-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 156.324,73 төгрөг, зээлийн хүү 173.551,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.710,33 төгрөг, нийт 364.586,71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ........ банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ............. банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.578 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-аас 11.578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгох нь зүйтэй.   

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Н-аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 156.324,73 төгрөг, зээлийн хүү 173.551,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.710,33 төгрөг, нийт 364.586,71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ......... банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч .............. банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.  

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ............ банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.578 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-аас 11.578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ............. банкинд олгосугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА