Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/218

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн 2225000070255 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.А нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 18-ны өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Pokerrrr2 апплекейшинь буюу мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор Сумочин клуб нэртэй өрөө нээж Техас покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-г мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анх өөрөө тоглож мөнгө алдсан. Тэгээд өөрөө тоглохгүй бусдыг тоглуулах юм бол мөнгө олох юм байна гэж бодоод тоглуулсан. Прокурорын саналыг зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Г.А-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 20-51 дэх тал/,

 

2. Г.А-н дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 52-70 дахь тал/,

 

3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 71-77 дахь тал/,

 

4. Гэрч Ж.О-н “...Манай эхнэр Э.М 2021 оны 05 дугаар сараас хойш ажилгүй гэртээ багйаа юм. Тэгээд гэртээ байхдаа хийх юмгүй болохоор мөрийтэй тоглоом тоглож байсан юм байна лээ. 2021 оны 11 сараас Хаан банкны ** тоот данс руу мөнгө шилжүүлж “Pokerrrr2” нэртэй мөрийтэй тоглоом тоглож байсан гэсэн. Дээрх дансаар онлайн мөрийтэй тоглоом тоглох цэнэглэлтийг нь хийж хожсон мөнгийг нь шилжүүлж өгдөг байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/,

 

5. Г.А-н сэжигтнээр өгсөн “...Би 2 жилийн өмнөөс Pokerrrr 2 нэртэй аппликейшинээр өөр хүмүүсийн нээсэн клубт орж тоглодог байсан юм. Би мөрийтэй тоглоом тоглож мөнгө алдаж, өрөнд орж байсан учир 2021 оны 10 сарын 19-ны өдрөөс эхлэн Pokerrrr2 аппликейшинд шинээр сумочин клуб гэх нэртэй өрөө нээж өөрийн эзэмшдэг Хаан банкны ** тоот дугаартай дансанд бүртгэлтэй олон улсын виза картаар Pokerrrr2 аппликйешинд техас покер мөрийтэй тоглоом тоглуулах зоосыг мөнгөөр худалдан авч хүмүүст тарааж өгөөд хожсон хүнд нь мөнгийг нь шилжүүлж өгөх замаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан. Би мөрийтэй тоглоом тоглох хүмүүсийг олох зорилгоор Сумо Админ гэх нэртэй фейсбүүк хаяг болон Сумочин клуб гэх нэртэй мессенжер чат шинээр нээж техас покер мөрийтэй тоглоом тоглох сонирхолтой хүмүүстэй харилцдаг байсан юм. Мөн мөрийтэй тоглоом тоглох гэж байгаа хүмүүсийн цэнэглэлт болон хожсон мөнгийг Pokerrrr2 гэх нэртэй аппликейшинд байдаг Сумочин клуб гэх нэртэй өрөөнийхөө чатаар харьцаж өгдөг байсан. Хүмүүсийн хожсон мөнгийг өгөхийн тулд тоглолт хийж байх үеийнх нь зургийг дарж баталгаажуулдаг байсан. Эхэндээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хүмүүсийг өөрийн нээсэн Сумочин клуб гэх нэртэй өрөөнд татах зорилгоор өөрийн мөнгөөрөө бага хэмжээний шагналтай үнэгүй тэмцээнүүд зохион байгуулдаг байсан. Харин 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ашиг олох зорилгоор хүмүүсийг тоглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулсан. 2021 оны 11 сарын 01-ны өдрөөс өмнө бол би өөрөө мөрийтэй тоглоом тоглож байсан юм. Би мөрийтэй тоглоомыг зохион байгуулахдаа Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянтал ** тоотод өөрийн гэртээ байхдаа өөрийнхөө ашигладаг Iphone 6s маркийн ** гэсэн имей кодтой гар утсыг ашиглан зохион байгуулж байсан. Би Pokerrrr 2 гэх нэртэй мөрийтэй тоглоомын аппликейшинг ашиглаж мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан юм. Уг тоглоомыг зохион байгуулж эхэлсэн өдрөөс хойш 4-5 сая төгрөгийн ашиг олсон. Тухайн орлогоосоо 1 сая гаруй төгрөгөөр зоос худалдаж авсан. Үлдсэн мөнгийг нь өр дарах болон хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Намайг мөрийтэй тоглоом зохион байгуулахад хамтран оролцсон хүн байхгүй. Мөрийтэй тоглоом зохион байгуулах нь хууль бус гэдгийг сайн мэдэхгүй байсан юм. Уг тоглоомын зохион байгуулж байх хугацаандаа тоглохоос илүү тоглуулах нь ашигтай байдаг зохион байгуулж байгаа хүн нь ашиг олдог гэдгийг мэдэж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

 

6. Г.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 100 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.А нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 18-ны өдрийн хооронд Pokerrrr2 аппликйешинд буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор Сумочин клуб нэртэй өрөө нээж Техас покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарынн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн шилжилт хөрөнгийг хязгаарласан Хаан банкны ** дугаартай дансанд байгаа 1 013, 279.97 төгрөгийг улснын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцогдсон айфон 6 загварын гар утсыг улсын орлого болгох саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Г.А-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.А-н дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийх явцыг бэхжүүлсэн гэрэл зураг, гэрч Ж.О-н “...2021 оны 11 сараас Хаан банкны ** тоот данс руу мөнгө шилжүүлж “Pokerrrr2” нэртэй мөрийтэй тоглоом тоглож байсан гэсэн. Дээрх дансаар онлайн мөрийтэй тоглоом тоглох цэнэглэлтийг нь хийж хожсон мөнгийг нь шилжүүлж өгдөг байсан гэсэн...” гэх мэдүүлэг, Г.А-н сэжигтнээр өгсөн “...Эхэндээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хүмүүсийг өөрийн нээсэн Сумочин клуб гэх нэртэй өрөөнд татах зорилгоор өөрийн мөнгөөрөө бага хэмжээний шагналтай үнэгүй тэмцээнүүд зохион байгуулдаг байсан. Харин 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ашиг олох зорилгоор хүмүүсийг тоглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.А нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ноос 18-ны өдрийн хооронд Pokerrrr2 апплекейшинь ашиглан Сумочин клуб нэртэй өрөө нээж мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Г.А нь ашиг олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, интернет сүлжээний апплекейшинь ашиглан, хөзрийн төрлийн мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол тогтоогдоогүй, гэм хорын нэхэмжлэл гараагүй бөгөөд шүүгдэгч Г.А-н мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон 1 013 279.97 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан аяфон эс 6 загварын гар утас зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг улсын орлого болгуулахаар Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Г.А-н Хаан банкан дахь ** дугаартай дансанд байх 1 013 279.97 төгрөгийг улсын орлого болгож төрийн санд шилжүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Г-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1 013 279.97 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан аяфон эс 6 гар утас зэргийг улсын орлого болгож, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг улсын орлого болгохоор Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Г.А-н Хаан банкан дахь ** дугаартай дансанд байх 1 013 279.97 төгрөгийг улсын орлого болгож төрийн санд шилжүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС