Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/206

 

    2022          06           06                                   2022/ШЦТ/206

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Л.Э

Хохирогч Б.Б

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох эрүүгийн 2225000000172 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн **тоот гэртээ эхнэр Б.Б-н гарыг модоор цохиж, зүүн шууны далд зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Хэлэх зүйлгүй, эхнэрийнхээ гарыг модоор цохиж гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн бурууг ухамсарлаж байна.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нилээн согтуу рж ирээд хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Гараад явж байтал араас гарч ирж гишүүгээр гар луу цохисон. Тухайн үед гараа гэмтсэнийг мэдээгүй. Маргааш нь мэдэж хагалгаанд орж 4 хадаас тавиулсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

2. Аюулын зэргийн үнэлгээний “...Хохирогч Б.Б-н зүүн гарын шуу хэсэгт модоор цохиж улмаар гар нь хугарч эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд хадуулсан. Одоо өвчтэй байдаг.” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

3. Хохирогч Б.Б-н “...2021 оны 09 сарын 26-ны өдөр гэртээ ирэхэд манай нөхөр Б согтуу хэлэх хэлэхгүй үгээр доромжилж агсан тавиад байхаар нь гэрээс гараад явтал Б миний араас гарч ирээд түлээний мод болгон хэрэглэж байсан гишүүгээр гар луу цохиж гэмтээсэн. Тэр үедээ гар хугарчихлаа гэж мэдээгүй. Тухайн өдрөө шууд эмнэлэг яваагүй, дүү Б-нд орж хоноод өглөө нь ажил дээрээ очиж ээлжийн мастертаа хэлээд эмнэлэгт үзүүлэхээр явсан. Эрдэнэт үйлдвэрийн сувилалд очоод гэмтлийн эмчид үзүүлэхэд миний гарыг хугарчихсан байна гэсэн. БОЭТ-д очиж, рентген зураг авахуулахад гар чинь хугаралтай, хадуулах шаардлагатай гээд эмнэлэгт хэвтүүлээд маргааш нь хагалгаанд орж, зүүн гарын шуундаа 4 ширхэг шрупээр хадуулсан. Олон удаа намайг цохиж, зодож байгаа. Б-г Дотоодын цэрэгт ажилладаг байхад нь ажилгүй болчих вий гээд би бас ажилд ороод удаагүй байгаа тул ажилгүй болчихно гэж айгаад нуугаад хэлдэггүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

4. Гэрч Б.Б-н “...Тухайн өдөр би 17 цаг өнгөрч байхад гэртээ буюу Цагаанчулуутын **тоотод ирэхэд гэр дотор шалаар ус асгарсан, манай охин Хулан айчихсан, орон доор орчихсон хэвтэж байсан. Эгч Б бас айчихсан орон дээр хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Б архи уугаад агсан тавиад миний гар луу модоор цохиод, танай гэрт орж ирээд ус асгаад гэрийн чинь хамаг юмыг авч шидэлж байгаад гараад явлаа гэсэн. Б эгч гар нэлээн хавдчихсан, өргөж болохгүй байна гэсэн. Эмнэлэг явж үзүүлье гэхэд өтгөн бор цай тавиад боогоод авъя гээд яваагүй. Өглөө 08 цаг өнгөрч байхад Б эгч ажилдаа явна гээд гараад явсан. Удалгүй 10 цагийн орчимд миний гар хугарсан байна гэнэ, эмнэлэг дээр байна, мэс засалд орох шаардлагатай гэнээ гэж ярьсан. ...Манайх Б эгчийн хашаанд 2021 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас нүүж ирсэн. Б ах миний эгчийг олон жил зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

5. Гэрч Т-н “...Б ажилдаа ирэхдээ гар нь хавдчихсан, шөнө унтаагүй бололтой нүүр нь хавагнасан ирэхээр нь юу болсон бэ гэхэд Б согтуу ирээд агсан тавиад миний гар луу модоор цохичихсон чинь гар өвдөөд хөдөлгөж болохгүй байна гэсэн. Хааяа ажилдаа ирэхдээ нүд нь хөхөрчихсөн, биеийнх нь зарим хэсэг хөхөрчихсөн ирдэг. Яасан талаар асуухаар Б архи уугаад агсан тавиад зодчихлоо гэдэг. Энэ үйлдэл нь миний мэдэхээр 2 удаа болж байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

6. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 243 дугаартай “...Б.Б-н биед зүүн шуу ясны далд хөндлөн зөрөөтэй хугарал, баруун бугалганд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүүн шууны ясны хугарал нь 2021 оны 09 дүгээр сард үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

7. Д.Б-н  эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/,

8. Д.Б-т 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авсан материал /хэргийн 53-61 дахь тал/,

9. Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 65-69 дэхь тал/,

10. Яллагдагч Д.Б-н : “...2021 оны 09 сарын 26-ны өдөр эхнэр бид хоёр хоёулаа архи уусан байсан. Гэрт байхдаа маргалдаад эхнэр гараад явахаар нь би араас нь дагаж гараад хашаан дотор байсан шургааг модноос аваад гарын шуу хэсэг рүү нь цохьчихсон. Тухайн үедээ гарыг нь хугалчихсан гэж мэдээгүй. Эхнэр гэртээ хонолгүй, дүү Б-нд хоносон. Маргааш өглөө эхнэр гар өвдөөд байна гээд БОЭТ-д үзүүлэхэд гар нь хугарчихсан байна, мэс засалд орж хадуулна гээд эмнэлэгт хэвтсэн....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.И дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн **тоот гэртээ эхнэр Б.Б-н гарыг модоор цохиж, зүүн шууны далд зөрөөтэй хугарал гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний “...Хохирогч Б.Б-н зүүн гарын шуу хэсэгт модоор цохиж улмаар гар нь хугарч эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд хадуулсан. Одоо өвчтэй байдаг.” гэх тэмдэглэл, хохирогч Б.Б-н “...Б миний араас гарч ирээд түлээний мод болгон хэрэглэж байсан гишүүгээр гар луу цохиж гэмтээсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “Б архи уугаад агсан тавиад миний гар луу модоор цохиод, танай гэрт орж ирээд ус асгаад гэрийн чинь хамаг юмыг авч шидэлж байгаад гараад явлаа гэсэн. Б эгч гар нэлээн хавдчихсан, өргөж болохгүй байна гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Т-н “...Б ажилдаа ирэхдээ гар нь хавдчихсан, шөнө унтаагүй бололтой нүүр нь хавагнасан ирэхээр нь юу болсон бэ гэхэд Б согтуу ирээд агсан тавиад миний гар луу модоор цохичихсон чинь гар өвдөөд хөдөлгөж болохгүй байна гэсэнгэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлт, Д.Б-н  эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, Д.Б-т 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авсан материал, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, яллагдагч Д.Б-н  эхнэр гараад явахаар нь би араас нь дагаж гараад хашаан дотор байсан шургааг модноос аваад гарын шуу хэсэг рүү нь цохьчихсон гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С Д.Бнь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн **тоот гэртээ эхнэр Б.Б-н гарыг модоор цохиж, зүүн шууны далд зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Б г зодож, эрүүл мэндэд нь санаатай үйлдлээр хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-н эрүүл мэндэд зүүн шуу ясны далд хөндлөн зөрөөтэй хугарал, баруун бугалганд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

  1. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС