Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

    2022         05           12                                   2022/ШЦТ/180

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Г.Э

Хохирогч Ж.С

Иргэний нэхэмжлэгч О.Ж

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-т холбогдох эрүүгийн 2125001340121 тоот хэргийг тус шүүхийн 104 танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн **тоотод үйл ажиллагаа явуулдаг Кимганг-Уул ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын цонхны хаалт төмрийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж иргэдийн барьцаанд тавьсан эд зүйл болон 1 400 000 төгрөг зэргийг хулгайлж нийт 15 669 902 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т-г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө. Ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ж.С мэдүүлэхдээ “Манайхыг судалж байгаад санаатай эд зүйл хулгайлсан. Хохирлоо гаргуулж авмаар байна. Одоо хүртэл хохирол төлөөгүй. Энэ хэргээс болж би маш их хохирч байгаа. Иргэдийн эд зүйлийг өндөр үнээр төлсөн. Энэ хүн хохирлоо төлөхгүй бол зохих ял шийтгэлийг эдлүүлэх нь зүйтэй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч О.Ж мэдүүлэхдээ “Гинж худалдаж авсан мөнгөө гаргуулан авмаар байна. Өөр зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 12-17 дахь тал/,

2. Нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-24 дэх тал/,

3. Хохирогч Ж.С-н “...2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагаас 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цагийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг ** тоотод үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газрын цонхны бэхэлгээг тайлан хулгай орж 22 нэр төрлийн алт монетон эдлэд. алдагдсан....” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

4. Гэрч Ц.М-н “...2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үл таних хүн миний гар утсаар холбогдоод алт, монетон эдлэл худалдаж авдаг уу гэж хаяг заалгаад ирээд 17 цаг 45 минутын орчим ирээд алтан гинж үзүүлсэн юм. Тухайн гинжийг грамлаж үзэхэд 13.25 грамм болж байсан. Тэгээд тухайн хүнээс 50904435** дугаарын О.Ж гэх дансаар 2 381 000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

5. Гэрч О-н “...Тухайн үед би хоёр ээждээ ээмэг хийлгэж өгье гэж бодоод нөхөр бид хоёр Т-с алтан гинжийг нь 1 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гинжийг авах үед би жирэмсэн байсан ба хүмүүс алт амьны үнэтэй гэж ярьдаг болхоор айгаад нөхөртөө өгөөд зарчих гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

6. Гэрч Г.Ц-н “...2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д овогтой Т гэх хүн өөрийн бичиг баримтаар 1 ширхэг алтан бөгжийг 500 000 төгрөгийн барьцаанд нэг сарын хугацаатай тавьсан. Тухайн бөгж барьцаалсан хугацаа дуусах үед бүртгүүлсэн гар утасны дугаар руу 2-3 удаа мэдэгдэж мессеж бичиж, залгасан боловч ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй юм. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн алт монетны ченжид 570 000 төгрөгөөр уг алтан бөгжийг тушаасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

7. Сэжигтэн Д.Т-н “...Би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа үйлдсэн. Надтай ямар нэгэн хүн хамт яваагүй. Би хулгайлсан эд зүйлүүдээ Эрдэнэтийн ломбарданд тавьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

8. Ашид билгүүн ХХК-ны 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-ОРХ/216 дугаартай “...нийт үнэ 705 750 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 90-93 дахь тал/,

9. Ашид билгүүн ХХК-ны 2021 оны 09 дүгээр асрын 14-ний өдрийн “...нийт үнэ 13 564 152 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 100-102 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ** тоотод үйл ажиллагаа явуулдаг Кимганг-Уул ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын цонхны хаалт төмрийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж иргэдийн барьцаанд тавьсан эд зүйл болон 1 400 000 төгрөгийг хулгайлж нийт 15 669 902 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Шүүгдэгчээс хохирлыг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг, нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-24 дэх тал/, хохирогч Ж.С-ын “Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг ** тоотод үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газрын цонхны бэхэлгээг тайлан хулгай орж 22 нэр төрлийн алт монетон эдлэл алдагдсан....” гэх мэдүүлэг, гэрч Ц.М-н “...Тухайн гинжийг граммлаж үзэхэд 13.25 грамм болж байсан. Тэгээд тухайн хүнээс ** дугаарын О.Ж гэх дансаар 2 381 000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг, гэрч О-н “...Д.Т-с алтан гинжийг нь 1 500 000 төгрөгөөр худалдаж авсан....” гэх мэдүүлэг, гэрч Г.Ц-н “...2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д овогтой Т гэх хүн өөрийн бичиг баримтаар 1 ширхэг алтан бөгжийг 500 000 төгрөгийн барьцаанд нэг сарын хугацаатай тавьсан...” гэх мэдүүлэг, сэжигтэн Д.Т-н “...Би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа үйлдсэн. Би хулгайлсан эд зүйлүүдээ Эрдэнэтийн ломбарданд тавьсан...” гэх мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны ТХҮ-ОРХ/216 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ны 2021 оны 09 дүгээр асрын 14-ний өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ** тоотод үйл ажиллагаа явуулдаг Кимганг-Уул ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын цонхны хаалт төмрийг эвдэн орж 22 нэр төрлийн алт монетон эдлэл болон бэлэн мөнгө 1 400 000 төгрөгийг хулгайлж, нийт 15 669 902 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Т-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Т нь нь 35 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.С-тучирсан 12 867 902 төгрөгийн шууд хохирол төлөгдөөгүй, иргэний нэхэмжлэгч О.Ж-днэхэмжилсэн 1 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн боловч төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Д.Т-с 14 367 902 төгрөг гаргуулж, хохирогч Ж.С-т 12 867 902 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Ж-д1 500 000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-н цагдан хоригдсон 35 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-с 14 367 902 төгрөг гаргуулан хохирогч Ж.С /Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ** тоотод оршин суух хаягтай, РД:**/-д 12 867 902 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Ж /Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 8-7 тоотод оршин суух хаягтай, РД:**/-д 1 500 000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС