Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/01035

 

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/01035

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: .... дүүрэг, ... дугаар хороо, Хороолол дундах байр, ... тоотод оршин байх, ... овогт ...гийн М. /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...дүүрэг, ...дугаар хороо, ... гудамж-... тоотод оршин байх, М.Т.З.Ү.Э.Х /РД: .../-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.Э, гэрч О.Ганбаатар, Д.Бат-Өлзий, Д.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.М 1977 онд Улаанбаатар төмөр замын техникумд төмөр замын ашиглалтын техникчээр суралцаж 1981 онд төгссөн. 1981 оны 7 дугаар сарын 1-нээс Салхит өртөөнд дагалдан вагон холбогчоор ажилд орж, тус өртөөний найруулагч, өртөөний жижүүр, Рашаант өртөөний дарга, Багахангай өртөөний дарга, Эрдэнэт өртөөний дарга, Туул зөрлөгийн дарга, Хонхор өртөөний дарга, хэсгийн байцаагч, Улаанбаатар 2 өртөөний даргаар ажиллаж байгаад өвчний учир группт гарсан. Ажиллаж байх хугацаандаа удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх курс, Санкт петербург хотод төмөр замын мэргэжлийн ажилтны курс зэргийг төгссөн. 2017 онд Улаанбаатар өртөөний Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад нэр дэвшиж, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр бүх гишүүийн хурлын олонхийн саналаар сонгогдсон. Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нарын зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар Долгорсүрэнгийн Мөнхбаяр намайг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд сарын үндсэн цалинг 798,564 төгрөгөөр тогтоож томилсон.

 

Д.М миний бие нь өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд 3 сар гаран болж байна. Энэ хугацаанд ажилчин хүний эрх ашгийн хамгаалах ажилдаа идэвхтэй оролцож, ажилчдын санал хүсэлтийг хүлээн авч, захиргаанд санал оруулж олон асуудлыг шийдвэрлүүлсэн. Хамтын гэрээний биелэлтийг хангуулж ажилчин хүний эрх ашиг хөндөгдсөн болон хөндөдөгдөх магадлалтай асуудалд онцгой анхаарч, аливаа шударга бус явдалтай тэмцэж, үйлдвэрчний эвлэлийн хорооны мөнгийг дур зоргоороо зарцуулдаг байсан явдлыг таслан зогсоосон, ажилчдын цалин хөлс цаг хугацаандаа буудаггүй байсныг санхүү, захиргаатай зөвшилцөж олгуулах, ажилчдын эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд онц сонор сэрэмжтэй хандаж, захиргаанаас гарсан буруу шийдвэрийг цуцлуулж ажиллаж байлаа. Миний бие ажиллаж байх хугацаандаа алдаа зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээгээгүй.

 

Гэтэл намайг Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар тус хорооны даргын албан тушаалаас огцруулах шийдвэр гаргажээ. Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хороо хурал хийхдээ илээр санал хурааж, дарга нарын зүгээс ажилчдаа дарамталж санал авч намайг огцруулах шийдвэр гаргалаа. Намайг ажилд авахдаа групптэй хүн ажилд авахгүй гэж Цогт дарга илт дургүйцлээ илэрхийлж байсан.

 

Иймд Д.М намайг ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.Э нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.М нь 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Улаанбаатар өртөөний Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 1 тоот тогтоолоор хуралд оролцсон гишүүдийн 27.3 хувийн саналаар тус хорооны даргаар сонгогдсон. Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 17 дугаар зүйлийн 17.6-д Үйлдвэрчний эвлэлийн хорооны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байна. Бүх гишүүдийн хурлаас дарга, тэргүүлэгчид, хянан шалгах комиссын гишүүдийг сонгоно. гэж заасны дагуу бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн Д.Мтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

 

2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Дарга нарын зөвлөгөөний 118 дугаар тогтоолоор Шинээр томилогдсон үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нарын ажил шалган туслах үзлэгийн удирдамж-ийг баталсан. Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Мын ажлыг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шалгасан. Шалгалтаар Д.М нь үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллах хугацаандаа албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хийдэггүй, ажлын төлөвлөгөө байхгүй, үйлдвэрчний эвлэлийн хорооны идэвхтэн, сонгуультнуудыг чиглэлээр хангаж ажилладаггүй, ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажлаа хангалтгүй биелүүлж, санхүүгийн хэд хэдэн зөрчил гаргасан байдаг. Мөн Д.Мын талаар хүний нөөцийн менежер С.Отгончимэг, Н.Баттуяа, хөдөлгөөний зохион байгуулагч З.Алтанчимэг, үйлчлэгч Н.Өнөржаргал, Л.Пагма болон хорооны бусад гишүүдээс бичгээр болон амаар ажлын байрны бэлгийн дарамт учруулж, ажилтнуудын дэргэд ажлын байран дээр нь харааж доромжилдог, сэтгэл санааны дарамтанд байнга оруулж, ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа талаар өргөдөл гомдол удаа дараа ирүүлсэн.

 

Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.5-д Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны дарга нартай хөдөлмөрийн гэрээ байгуулах ба үйлдвэрчний эвлэлийн ажилтны ёс зүйн зарчмыг зөрчсөн, сонгосон хамт олныхоо итгэлийг биелүүлээгүй, сахилгын ноцтой зөрчил гаргасан хорооны даргыг огцруулах асуудлыг бүх гишүүдийн хурлаар нь хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. гэж заасныг үндэслэн Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны Тэргүүлэгчдийн хуралд дээрх асуудлыг Бүх гишүүдийн хурлаараа шийдвэрлүүлэх шаардлагатай талаар шийдвэрээ танилцуулсан.

 

Улмаар Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хороо 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Бүх гишүүдийн хурлаа хийж тус хорооны дарга Д.М нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргийг хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж 88.9 хувийн саналаар Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаалаас Д.Мыг огцруулах шийдвэр гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Бүх гишүүдийн хурлын 2 тоот тогтоолоор огцруулсан. Энэ шийдвэрийг үндэслэж Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Д.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын зөрчлийн асуудлаар тусгахдаа ... Бүх гишүүдийн хурлаас ажил, албан тушаалыг өөрчлөх, огцруулах шийдвэр гаргасан гэж тухайлан заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч М.Т.З.Ү.Э.Хнь ... Д.М нь үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 

Нэхэмжлэгч Д.М нь Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны Бүх гишүүдийн хурлын 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 1 тоот тогтоолоор хуралд оролцсон гишүүдийн 27.3 хувийн саналаар тус хорооны даргаар сонгогдож, уг тогтоолыг үндэслэж Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нарын зөвлөлгөөний 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 69 тоот тогтоолоор Д.Мыг Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаалд томилсон. Мөн Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны Бүх гишүүдийн хурлын 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 2 тоот тогтоолоор тус хорооны дарга Д.М нь үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт үүргийг хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасан тул бүх гишүүдийн 88.9 хувийн саналаар тус хорооны даргын үүрэг ажлаас Д.Мыг огцруулахаар шийдвэрлэснийг үндэслэж Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нарын зөвлөлгөөний 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Д.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон болон огцруулсан тухай тогтоол зэргээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна., 131.1.3-т ажлаас халах., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно., 40.1.4-т ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. гэжээ.

 

Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нарын зөвлөлгөөний 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 118 дугаар тогтоолоор Шинээр томилогдсон үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нарын ажлыг шалган туслах үзлэгийн удирдамж баталдсан. Улмаар Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Мын ажлыг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий ня-бо Н.Баярмаа, хуулийн зөвлөх Б.Э нар шалгаж санхүүгийн болон ёс зүйн зөрчил гаргасан талаар үзлэгийн илтгэх хуудсанд дурдсан. Мөн Д.М нь ёс зүйгүй аашилж, бусдыг хэл амаар доромжилдог гэх гомдлыг хамт ажиллаж байсан С.Отгонцэцэг, Л.Пагма, Н.Өнөржаргал, З.Алтанчимэг, Н.Баттуяа нараас Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд ирүүлж байжээ.

 

Монголын Төмөр Замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.5-д Үйлдвэрчний эвлэлийн хорооны орон дарга нартай хөдөлмөрийн гэрээ байгуулах ба үйлдвэрчний эвлэлийн ажилтны ёс зүйн зарчмыг зөрчсөн, сонгосон хамт олныхоо итгэлийг биелүүлээгүй, сахилгын ноцтой зөрчил гаргасан хорооны даргыг огцруулах асуудлыг бүх гишүүдийн хурлаар нь хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. гэжээ.

 

Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.М нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргээ хангалтгүй биелүүлсэн, үйлдвэрчний эвлэлийн ажилтны ёс зүйн зарчмыг зөрчсөн нь шалган туслах үзлэг болон тус өртөөний үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс ирүүлсэн өргөдлөөр тогтоогдсон гэж үзэж Д.Мыг Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаас огцруулах саналыг тус хорооны Бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1 тоот шийдвэр гаргажээ.

 

Улмаар Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хороо 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Бүх гишүүдийн хурлаа хийж тус хорооны дарга Д.М нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргийг хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж хуралд оролцсон гишүүдийн 88.9 хувийн саналаар Улаанбаатар өртөөний үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаалаас Д.Мыг огцруулах шийдвэр гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Бүх гишүүдийн хурлын 02 тоот тогтоолоор огцруулсан. Энэ шийдвэрийг үндэслэж хөдөлмөрийн гэрээний 2.2-т ... Бүх гишүүдийн хурлаас ажил, албан тушаалыг өөрчлөх, огцруулах шийдвэр гаргасан гэж заасны дагуу Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Д.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Мын ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Мын ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР