Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/195

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Ж.Р нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Р-д холбогдох эрүүгийн 2225002020210 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ж.Р нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн **тоотод 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Р-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Р “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Г.Н “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Г.Н-н “...Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн **тоот гэртээ ганцаараа байж байхад оройн 20 цагийн үед миний хамтран амьдрагч Ж.Р нь архи уусан согтуу орж ирээд 03 дугаар сарын 20-ны өдрийн шөнө унтахгүй намайг гуйлгачин, цэвэрлэгч авгай минь гээд хэл амаар доромжилж байгаад миний хоолойг боон гараа атгаж байгаад тархи, толгой, гар, биеийн бүхий л хэсэг рүү цохиж зодож биед минь гэмтэл учруулсан болохоор тухайн үедээ би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би Ж.Р-той 2004 оноос хойш хамтран амьдарч байгаа, албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, хүүхэдгүй. Урьд өмнө миний биед гэмтэл учруулалгүй халдаж байхад нь тухай бүрд нь цагдаагийн байгууллагад хандаж зөрчлөөр арга хэмжээ авхуулж байсан. Би Ж.Р-с гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг шуурхай шийдвэрлэж өгнө үү. Ж.Р нь миний гарыг хугалж байгаагүй, андуураад хэлсэн байна. Гэмтэл учруулахаар өмнө нь намайг зодож байгаагүй. Хэрүүл маргаан бол байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 13-14 дэх тал/,

2. Гэрч Д.Г-н: “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр над руу залгаад “би согтуудаа эхнэртэй гар хүрчихсэн юм аа. Тэгээд цагдаа дээр шалгагдаж байгаа чи очиж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэж над руу ярьсан. Эхнэртэй гар хүрсэн талаар нь анх удаа л сонсож байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

3. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 250 дугаартай “....Д.Н-н биед нүүр, 2 гар, цээж, хэвлий, баруун шилбэнд зөөлөн эдэд 27 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

4. Яллагдагч Ж.Р-н “Би өөрийн хамтран амьдрагч Г.Н-г 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан их харамсаж байгаа дахиж Г.Н-г зодохгүй. Би өмнө нь Г.Н-г зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Р нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн **тоотод 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Н-н “...миний хоолойг боон гараа атгаж байгаад тархи, толгой, гар, биеийн бүхий л хэсэг рүү цохиж зодож биед минь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Г-н: “...2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр над руу залгаад “би согтуудаа эхнэртэй гар хүрчихсэн юм аа. Тэгээд цагдаа дээр шалгагдаж байгаа чи очиж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэж над руу ярьсан. Эхнэртэй гар хүрсэн талаар нь анх удаа л сонсож байна...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 250 дугаартай дүгнэлт, яллагдагч Ж.Р-н “Би өөрийн хамтран амьдрагч Г.Н-г 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан их харамсаж байгаа дахиж Г.Н-г зодохгүй. Би өмнө нь Г.Н-г зодож байгаагүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Р нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн **тоотод иргэн Г.Нг зодож эрүүл мэндэд нь нүүр, 2 гар, цээж, хэвлий, баруун шилбэнд зөөлөн эдэд 27 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.Р-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Р-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ж-н Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Р-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Р-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС