Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 283

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: БХ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Засаг дарга,

           Хариуцагч: Соёлын төвд тус тус холбогдох,

         Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч С.Төгсболд, Х.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч БХ ХХК-ийн захирал Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Увс аймагтаа барилгын засвар, засал чимэглэл, интерьер, экстерьер, ландшайфт, барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай компани Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга С.Ц-той харилцан тохиролцож, тус сумын Соёлын төвийн засварын ажлын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан. Уг засварын ажлын зураг төсөл боловсруулах ажлын өртөг нь 9.000.000 төгрөг байхаар бид тохиролцож, гэрээнд тусгасан бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд байхаар тохирсон. Ингээд гэрээ байгуулсан өдрөө гэрээний нөгөө талыг төлөөлж Увс аймгийн Тариалан сумын Соёлын төвийн эрхлэгч Х.Т урьдчилгаа болгож 1.000.000 төгрөг өгснөөр манай компани зураг төслийн ажлаа эхлүүлсэн. Гэрээний 2.1-д зааснаар манай компани зураг төслийн ажил эхлэхээс өмнө захиалагч тал бидэнд засварын ажлын зураг хийгдэхэд шаардагдах Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, бусад холбогдох баримт бичгийг 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч хугацаандаа гаргаж ирүүлээгүй. Иймээс барилгын зураг төсөл боловсруулах ажил хүлээгдэж байсан ба Тариалан сумын Соёлын төвийн барилгын засварын ажил дээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гарч, уг дүгнэлтийг бидэнд ирүүлснээр манай компани зураг төслийн ажлыг гүйцэтгэж, гүйцэтгэлийг 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 022 тоот актаар гэрээний нөгөө тал болох Увс аймгийн Тариалан сумын Соёлын төвийн эрхлэгч Х.Түмэнжаргал, номын санч М.Дуламжав нарт хүлээлгэн өгсөн. Ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсний дараа Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газраас 2016 оны 4 дүгээр сарын үед 4.000.000 төгрөгийг манай компанид шилжүүлж, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг боломжоороо дараа өгөхөөр болсон. Үүнээс хойш ажлын хөлсний үлдэгдэл мөнгийг удаа дараа утсаар болон биечлэн уулзаж нэхэмжилсэн боловч шийдвэрлэж өгөхгүй өдий хүрлээ. Иймд Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга, түүний Тамгын газраас 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Увс аймгийн ............. сумын Засаг дарга С.Т-д, Увс аймгийн ................ сумын Соёлын төвийн захирал Х.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус сумын Соёлын төв нь 2003 онд албан газар, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж дэмжлэгээр ашиглалтад орсон. Соёлын төвийн барилга нь хавтгай дээвэртэй тул дээврээс дусаал орсноос цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон. 2012 оноос Улсын Их Хурлын гишүүн Ч.Х болон аймгийн Засаг дарга Д.Ц нарт Соёлын төвийн барилгын их засварт оруулах санал тавьсанд Зураг төсвийг бэлэн болго гэсний дагуу 2014 онд зураг төсвийг хийлгэхээр тус аймгийн БХ ХХК-ийн захирал Г.Б-үүд санал болгож, сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Ц бид нар уулзаж зураг төсөв хийх талаар ярилцсан. Ингээд Г.Б нь барилгын их засварын зураг төслийг 9.000.000төгрөгийн өртөгт багтаан хийж, их засварын ажлыг улсын төсвөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгжээс гаргуулахаар тохирч гэрээг хийсэн болно. 2015 онд Ч.Х гишүүн ирж, сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх үед би Соёлын төвийн их засварт оруулах санал дахин тавьсаныг Улсын Их Хурлын гишүүн Ч.Х тэр үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Г хүсэлт уламжилсан боловч хариу ирээгүй юм. Иймд бид их засварын ажлын санхүүжилт шийдэгдэхгүй байсныг орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан сумын хуралд санал оруулж, 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт 5.000.000 төгрөг тусган тухайн компанид төлсөн болно.Их засварын ажил улсын төсвөөр хийлгэх нь тодорхойгүй болсон тул сумын Засаг дарга С.Ц, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Ж, Санхүүгийн албаны дарга Ц.Г, миний бие Х.Т бид Турк улсын ТИКА-ийн байгууллагад хандсан юмаа. 2015 онд Туркийн ерөнхий сайдын зөвлөх Баян-Өлгий, Ховд аймагт ажлаар айлчлахад манай сумын удирдлагын бүрэлдэхүүн очиж уулзан албан бичиг бусад материалууд өгч,тус суманд урилга өгснөөр биечлэн ирж, танилцсан ба 2016 оны 4 дүгээр сард ТИКА-ийн төлөөлгчдийг ирүүлж, их засвар хийх ажлын зураг авалтыг хийсэн болно. Ийнхүү Турк улсын хөрөнгө оруулалт, тусламжаар 2016 оны 8дугаар сард Соёлын төвийн их засварын ажил эхэлж, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр засварын ажил дууссан. Туркийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн барилгыг шувуун оройтой, маш чанартай барьж гүйцэтгэсэн. Бидний хийлгэсэн барилгын их засварын ажлын зураг төсвийг танилцуулж үүний өртөг 9.000.000 төгрөгийг төлөх асуудлыг тавьсаныг Туркийн Засгийн газраас тухайн сумын ард түмэнд сэтгэлийн бэлэг болгон хийж, өөрсдийн зургийн дагуу хийж гүйцэтгэсэн тул хуучин хийлгэсэн зураг шаардлагад нийцэхгүй гэсэн хариу өгсөн болно. Иймд бид зураг төсвийн зардлыг гаргах өөр эх үүсвэр байхгүй, огт ашиглагдаагүй тул төлөх боломжгүй юм гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч БХ ХХК нь хариуцагч Увс аймгийн .......... сумын Засаг дарга, Увс аймгийн ................. сумын Соёлын төвд тус тус холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Хариуцагчид Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зураг төсвийг Соёлын төвийн барилгыг засварлах ажилд ашиглаагүй, мөн төсөвт уг мөнгө суугдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

           Увс аймгийн ............ сумын Засаг дарга болон БХ ХХК-ийн захирал Г.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 001 тоот Зураг төсөл боловсруулах талаар байгуулсан гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу БХ ХХК нь тус сумын Соёлын төвийн барилгын засварын зураг төсөл боловсруулж, уг ажлыг 9.000.000 төгрөгийн өртгөөр, 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр талууд тохиролцжээ.

            Уг гэрээний 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг байгуулснаас хойш 14 хоногийн дотор зураг төслийн ажлын тохиролцсон үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгааг захиалагчаас ажил гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцож, уг гэрээний заалтын хэрэгжилтийг хангаж, Увс аймгийн ............ сумын Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/25 тоот Хөрөнгө зарцуулах тухай захирамжийг үндэслэн нийт 5.000.000 төгрөгийг БХ ХХК-нд төлсөн нь талуудын тайлбар, Засаг даргын захирамжаар тус тус тогтоогдож байна.

         Хэдийгээр гэрээнд заасан хугацаа хэтэрсэн ч 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн ............ сумын Соёлын төвийн захирал Х.Т, номын санч М.Д нар захиалагч талыг төлөөлж, гэрээний дагуу гүйцэтгэгдсэн ажлын үр дүн буюу Соёлын төвийн барилгын засварын ажлын зураг төсвийг хүлээн авсан нь Зураг төсөв хүлээлцэх акт №22 гэсэн баримтаар тогтоогдож байна.

          Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-т зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авмагцаа зохих журмын дагуу үлдэх ажлын хөлс 4.000.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч БХ ХХК нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

         Хэдийгээр хариуцагч нараас БХ ХХК-ийн хийж өгсөн зураг төсвийн дагуу Соёлын төвийн барилгын засвар үйлчилгээг хийлгэхэд ашиглагдаагүй, БНТУ-ын ТИКА байгууллагын хүмүүс өөрсдийн зураг төслөөр, өөрсдийн зардлаар тухайн засварыг хийж гүйцэтгэсэн гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч нэгэнт гэрээний дагуу тохиролцсон ажлыг БХ ХХК нь Тариалан сумын Соёлын төвд хүлээлгэн өгсөн, захиалагч тал тухайн ажлын үр дүнг хүлээн авсан тул хариуцагч нарын энэхүү тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

         Нөгөө талаар, Төсөвт энэхүү зураг төслийн зардал суугдаагүй, төсөвт суугдсан бол тухайн засварыг хийсэн компаниар мөнгийг нь төлүүлэх байсан гэх боловч захиалагч тал өөрийн хүссэн ажлын үр дүнгийнхээ хөлс, санхүүгийн нөхцөл боломжоо тооцоолсны үндсэн дээр аливаа этгээдтэй эрх зүйн харилцаанд орж, гэрээ хэлцэл байгуулах нь зүй ёсны болно.

          Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн ........ сумын Засаг дарга -аас 4.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БХ ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч БХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн ............... сумын Засаг дарга -аас 78.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БХ ХХК-нд олгох нь зүйтэй.

           Хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ажлын хөлс 1.000.000 төгрөгийг хүлээн авсан тухай баримт, хариуцагчийн гаргаж ирүүлсэн Соёлын төвийн засвар хийгдэхээс өмнөх байдал болон засварын ажил дууссаны дараах байдал, Соёлын төвийн засварын ажлыг хүлээн авсан тухай гэрэл зургийн үзүүлэлтүүд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх уг баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн ...... сумын Засаг дарга -аас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БХ ХХК-нд олгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч БХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн ............. сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 78.950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БХ ХХК-нд олгосугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА