Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/198

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч Д.М***********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Д.Ү********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д**********ы Ү**********ад холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн 17-15 тоотод оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 2.4-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар, Хөвсгөл аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 110 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Дархан овогт Д**********ы Ү********** РД:(РС72052514)-т холбогдох,

Холбогдсон хэргийн талаар:(яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Д.Ү********** нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн 02-16 тоот хохирогч Д.М***********ын гэрээс Самсунг-А10 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 342.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ү********** нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн 02-16 тоот хохирогч Д.М***********ын гэрээс Самсунг-А10 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 342.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Ү**********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 03-нд би өдрийн 12 цагийн үед М*********** гэдэг хүн рүү утсаар яриад та хаана байна юу хийж байна гэхэд М*********** гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр утсаар ойр зуурын юм ярьж байхад М*********** нь надад хүүхэн аваад ирээч би бүх юмыг нь бэлдээд архийг нь даая гээд байсан. М*********** гэдэг хүн нь миний таньдаг хүн байгаа юм. Би М***********тай 2021 оны 12 дугаар сард Корона тусаад эмнэлэгт хэвтэж байхдаа анх танилцаж байсан. Тухайн үед М***********тай утсаар яриад явж байхад нэгдүгээр арван жилийн хажуугаас таньдаг хүн болох Оюунчимэг тааралдсан. Тэгэхээр нь би Оюунчимэгийг дагуулаад М***********ынд очих гээд явж байхад захын наахан талд байдаг Түвшин-Ундраа дэлгүүрийн урд М*********** зогсож байсан. Тэгээд Оюунчимэг бид хоёр М***********ын гэрт очсон. Тэгээд гэрт нь ороод байж байтал М*********** идээ авч өгөөд дараа нь тал 0,5 литрийн Ерөөл гэдэг нэртэй архи гаргаж ирсэн...үүний дараа би М***********аас утсаа өгч бай би хүн рүү ярья гэртээ ганцаараа байгаа гэж хэлээд М***********аас утсыг нь аваад гадаа гарч утсаар ярьж байгаад буцаад гэр лүү орох гэтэл М*********** цаанаа байж бай гээд байхаар нь би утсыг нь тэр чигээр нь авч яваад 9 дүгээр хороонд байдаг Сондор дэлгүүрийн урд байсан таксины жолоочид 70.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь идэж уух юм болон ганц шил архи авч уусан” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.М***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 03-нд өглөөний 11 цагийн үед над руу Ү********** залгаад би банкаар явж байна хүнээс мөнгө авах гээд явж байна тэгээд танайхаар очно пиво, архи авсан байгаарай гэж хэлсэн.  Тэгэхээр нь би дэлгүүр ороод 0,5 литрийн Ерөөл архи, 500 граммын Боргио нэртэй пивоноос 3-ийг авсан. Тэгээд үдээс хойш 15 цагийн үед Ү********** манайд нэг эмэгтэй хүнтэй цуг ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёртоо авсан юмаа хувааж уугаад дуусаж байхад Ү********** ахиад нэг юм авчихъя гээд байхаар нь би Ү**********ад 10,000 төгрөг өгсөн. Тэгэхэд Ү********** дэлгүүр яваад нэг том пиво аваад ирсэн. Үүний дараа би Ү**********ын авч ирсэн пивыг ууж байгаад шээс хүрээд байхаар нь гадаа гарж бие засчхаад буцаад ороод ирэхэд Ү********** надаас ахиад архи нэхээд байсан. Тэгэхээр нь би Ү**********ад хандаж одоо болно би чамд зөндөө л юм авч өглөө гэж хэлэхэд Ү********** уурлаад гараад яваад өгсөн. Тэгээд би Ү**********ыг гараад яваад өгсний дараа утсаа хайхад миний утас байхгүй болсон байхаар нь Ү**********тай цуг ирсэн эмэгтэй хүний утсаар өөрийнхөө утас руу залгатал нэгж нь хүрэхгүй байсан. Би уг нь тэр эмэгтэйг авсан байж магадгүй гээд нэгжиж үзтэл миний утас гарч ирээгүй. Тэгээд миний утсыг Ү********** аваад яваад өгснийг би мэдсэн. ... миний алдсан гэх утас Samsung A-10 маркийн гар утас байсан. ... ” гэх мэдүүлэг (хх-12х),

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №2245617200032 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Samsung A-10 маркийн гар утас 1 ширхэг 342.700 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх дүгнэлт (хх-20-21х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...Д.Ү**********ын өмчлөлд эд хөрөнгө бүртгэлгүй байна. ...” тодорхойлолт (хх-33х), Дархан овогт Д**********ы Ү**********, Гөрөөчин овогт Хишигтийн Цэрэнчимэд нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-35х), Дархан овогт Д**********ы Ү**********ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-36х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-37х), шийтгэх тогтоолуудын хуулбар (хх-39-49х), Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-51-53х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ү********** нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн 02-16 тоот хохирогч Д.М***********ын гэрээс хохирогчийн Самсунг-А10 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Ү**********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

хохирогч Д.М***********ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №2245617200032 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Samsung A-10 маркийн гар утас 1 ширхэг 342,700 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх дүгнэлт (хх-20-21х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ү**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Д.Ү********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Д.Ү********** нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 04 дүгээр багийн 02-16 тоот хохирогч Д.М***********ын гэрээс Самсунг-А10 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч 342,700 төгрөгийн хохирол учруулсан ба 200.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд үлдэх 142.700 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул Д.Ү**********аас үлдэгдэл 142,700 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М***********т олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ү**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ү********** нь урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 2.4-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар, Хөвсгөл аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 110 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020  оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-37х) шийтгэх тогтоолуудын хуулбар (хх-38-49х)-аар тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Д.Ү**********ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Ү********** нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 200,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 142.700 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн үгэнд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 22 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархан овогт Д**********ы Ү**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д**********ы Ү**********ад хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Ү**********ад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү********** нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссэн мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Ү**********ад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Ү**********ын цагдан хоригдсон 22 (хорин хоёр) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Д.Ү**********аас 142.700 (нэг зуун дөчин хоёр мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.М***********т олгосугай.

8. Шүүгдэгч Д.Ү**********аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ү**********ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЭЭЖИН