Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/153

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Л.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ц-д холбогдох эрүүгийн 2125004170067 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Үйлчилгээний төв”-ийн “Монгол зоог цайны газраас иргэн Э.О-н лангууны ард тавиур дээр цэнэглэж байсан Huawei Y-7 загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ц-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц мэдүүлэхдээ “Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, маш их гэмшиж байна. Хохирлоо 5 сарын группын мөнгөнөөс төлнө” гэв.

 

Хохирогч Э.О “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролд  350 000 төгрөг гаргуулна” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Э.О-н “...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол зоог цайны газар ажил дээрээ байж байгаад касс нь дээр өөрийн эзэмшлийн Huawei Ү-7 маркийн гар утсаа цэнэглэж үлдээсэн. Тэгээд гал тогоонд хоол хийж байгаад гар утсаа авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн чинь 40-43 орчим насны эрэгтэй, хар бараан өнгийн куртиктэй. хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай, бор царайтай хүн байсан... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

2. "Ашид билгүүн" ХХК-ны шинжээчийн 2021 оны 11 сарын 18-ны өдрийн хохирлын үнэлгээ тогтоосон “нийт үнэ 350 000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 40-42 дахь тал/

3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хавтаст хэргийн 8-10 дахь тал/

4. Л.Ц “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг үйлчилгээний төвийн хажууд явж байгаад дулаацах гэж монгол зоог гэх хоолны газарт орж хэсэг суусан. Тухайн үед хоёр хүн дотор нь хоол идэж сууж байсан. Би хаалганы хажуу талын сандал дээр сууж байсан. Тэгээд би цай авч уух санаатай текен дээр нь очсон чинь хүн байхгүй цаад лангуун дээр нь цэнэглэж байсан гар утас байхаар нь авч куртикны баруун талийн халаасандаа хийж гадагшаа гарч явж байгаад үүдэнд үйлчлэгч хүүхэнтэй таарсан. Тэгээд би сандраад 3-17 дугаар байр чиглээд гүйх үед гар утас нь дуугараад байхаар нь салгаад спортын ордны ард талын хөл бөмбөгийн талбайн ойролцоо очиж гар утсаа гаргаж үзэх гэсэн чинь байхгүй байсан. Би уранхай кармандаа тухайн гар утсыг хийж явж байгаад хаясан байсан. Тэгээд буцаж rap утсаа хайх гэж байгаад айгаад яваагүй орхисон юм. Би тухайн үед дээгүүрээ хар хөх өнгийн ажлын хувцастай, ногоон өнгийн малгайтай цамцтай, хар бараан өнгийн өмдтэй явж байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Л.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг, Үйлчилгээний төв”-ийн “Монгол зоог цайны газраас иргэн Э.О-н лангууны ард тавиур дээр цэнэглэж байсан Huawei Y-7 загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуулийн дагуу цугуулж бэхжүүлэн авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулж, хохиролд 350 000 төгрөг гаргуулан хохирогчид олгуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.О-н “...гал тогоонд хоол хийж байгаад гар утсаа авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн чинь 40-43 орчим насны эрэгтэй, хар бараан өнгийн куртиктэй. хар өнгийн өмдтэй, хар өнгийн түрийтэй гуталтай, бор царайтай хүн авсан байсан... гэх мэдүүлэг, "Ашид билгүүн" ХХК-ны шижээчийн 2021 оны 11 сарын 18-ны өдрийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Л.Ц би цай авч уух санаатай текен дээр нь очсон чинь хүн байхгүй цаад лангуун дээр нь цэнэглэж байсан гар утас байхаар нь авч куртикны баруун талийн халаасандаа хийж гадагшаа гарч явж байгаад үүдэнд үйлчлэгч хүүхэнтэй таарсан. Тэгээд би сандраад 3-17 дугаар байр чиглээд гүйх үед гар утас нь дуугараад байхаар нь салгаад спортын ордны ард талын хөл бөмбөгийн талбайн ойролцоо очиж гар утсаа гаргаж үзэх гэсэн чинь байхгүй байсан. Би уранхай кармандаа тухайн гар утсыг хийж явж байгаад хаясан байсан. Тэгээд буцаж rap утсаа хайх гэж байгаад айгаад яваагүй орхисон юм. Би тухайн үед дээгүүрээ хар хөх өнгийн ажлын хувцастай, ногоон өнгийн малгайтай цамцтай, хар бараан өнгийн өмдтэй явж байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна..." гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төв”-ийн “Монгол зоог цайны газраас иргэн Э.О-н лангууны ард тавиур дээр цэнэглэж байсан Huawei Y-7 загварын rap утсыг авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Л.Ц үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ц-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Л.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7 хоног цагдан хоригдсныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Э.О-т 350 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгч Л.Ц-с 350 000 төгрөг гаргуулан хохирогч Э.О-т олгохоор шийдвэрлэв.

 

            3. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхэг хураагдан ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Л-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-аас 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Э.О-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхэг хураагдан ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС