| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2022/0123/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/137 |
| Огноо | 2022-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Ц.Н
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох эрүүгийн 2225001910167 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы **тоот хашаанд Ц.А-н нүүрэн тус газар гараараа цохиж, 11-р шүдний хугарал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э“Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ц.А “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ц.А-н “2022 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Улаанбаатар хотоос буяны ажилд оролцохоор Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы **тоотод эхнэрийн төрсөн ах талийгаач Э-н гэрт ирсэн. 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрөө буяны ажилдаа оролцчихоод орой нь А гэх хүнтэй нэг архи хувааж уух санаатай 2 хундага татчихаад гэдэс гүйлгээд 00 орох гэж байтал гэнэт л хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй нэг хүн намайг нүүр лүү нэг удаа цохьсон. Би намайг аллаа гэж хэлээд эхнэрээ дуудсан. Хаалга онгойхоор нь гэр лүү ортол дахин намайг нүүр лүү 2 удаа цохиж хамраас цус гаргасан. Мөн шүд рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэр залуугийн ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Тухайн үед манай эхнэр Ж, эхнэрийн хамаатан П нар байсан...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 20-21 дэх тал/
2. Гэрч Ж.Ж-н “2022 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Улаанбаатар хотоос нөхөр А-н хамтаар Орхон аймагт талийгаач төрсөн ахынхаа буяны ажилд оролцохоор ирсэн. Манай нөхрийг 00 орох гэж байхад нь танихгүй хүн нүүрэн тус газарт зодсон цохьсон байсан. Нөхөр маань тухайн үед намайг дуудсан. Намайг гадаа гартал нөхөр гүйгээд орж ирсэн, араас нь нэг залуу орж ирээд нөхрийг нүүрэн тус газарт 2 удаа цохьсон Мөн хамар луу нь өшиглөсөн. Тэгээд би цагдаагийн газарт хандсан. Тухайн үед нөхрийн хамраас цус нь гарсан, мөн шүд нь хугарсан. Би гар утсан дээрээ зургийг дарсан. Манай нөхрийг зодсон залууг би танихгүй” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/
3. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 241 дугаартай “...Ц.А-н биед 11-р шүдний хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 11-р шүдний хугарал гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
4. Н.Э-н “2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Даваат багийн Манханы **тоотод П-н гэрт нь очсон. П-н гэрт байсан Э гэх залуугаар машинаа засуулахаар тохирч хашаанаас нь гарах явцад нэг эрэгтэй хүн таараад хашаанд ямар хулгайч яваад байнаа гэсэн. Би хүнтэй уулзчихаад гарч байна гэсэн чинь дахин элдвээр хэлэхээр нь бид хоёр хоорондоо муудалцаад би нүүр лүү нь нэг удаа цохьсон. Нөгөө хүн уг хашаанд байх П-н хажуугийн байшин руу орсон. Тухайн байшинд ороод дахиад нэг удаа цохьсон. Тэгээд би гараад явсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Э нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы **тоот хашаанд Ц.А-н нүүрэн тус газар гараараа цохиж, 11-р шүдний хугарал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.А-н “А гэх хүнтэй нэг архи хувааж уух санаатай 2 хундага татчихаад гэдэс гүйлгээд 00 орох гэж байтал гэнэт л хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй нэг хүн намайг нүүр лүү нэг удаа цохьсон. Би намайг аллаа гэж хэлээд эхнэрээ дуудсан. Хаалга онгойхоор нь гэр лүү ортол дахин намайг нүүр лүү 2 удаа цохиж хамраас цус гаргасан. Мөн шүд рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадаагүй” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ж-н “Нөхөр маань тухайн үед намайг дуудсан. Намайг гадаа гартал нөхөр гүйгээд орж ирсэн, араас нь нэг залуу орж ирээд нөхрийг нүүрэн тус газарт 2 удаа цохьсон Мөн хамар луу нь өшиглөсөн. Тэгээд би цагдаагийн газарт хандсан. Тухайн үед нөхрийн хамраас цус нь гарсан, мөн шүд нь хугарсан. Би гар утсан дээрээ зургийг дарсан. Манай нөхрийг зодсон залууг би танихгүй” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 241 дугаартай дүгнэлт, Н.Э-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Э нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы **тоот хашаанд Ц.А-н нүүрэн тус газар гараараа цохиж, өшиглөн 11-р шүдний хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А-н эрүүл мэндэд нь 11-р шүдний хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдэд 1 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н-н Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь шүүхээс оногдуулсан 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС