Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 379

 

МАГАДЛАЛ

 

2017.02.03                                               Дугаар 379                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05911 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Ганцэцэг, Ц.Ган-Эрдэнэ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 35 241 550 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Ц.Ганцэцэгийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Батдэлгэр, О.Сугарсамбуу,

Хариуцагч: Ц.Ганцэцэг,

Хариуцагч: Ц.Ган-Эрдэнэ,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Цолмон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Хариуцагч Ц.Ганцэцэг нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хас банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 27,6 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 12 дугаар байрны 9 тоотод орших 12 м.кв нэг өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Монлаа 16 дугаар гудамжны 5 тоот 48 м.кв хувийн сууц, 700 м.кв өмчлөх эрхтэй газрыг тавьсан байдаг. Хариуцагч Ц.Ганцэцэг нь зээлийн эргэн төлөлтийг 834 хоногоор хугацаа хэтрүүлсэн учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн үндсэн төлбөр 20, 9, зээлийн хүүнд 12 325 855 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 413 946 төгрөг, нотариатын хөлс 28 000 төгрөг, нийт төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хангасан. Зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ц.Ганцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Би 2013 онд Хас банкнаас зээл авсан. Зээлээ хугацаанд нь төлж барагдуулж, явж байгаад сүүлийн жил хагас миний бие хүндээр өвдсөний улмаас зээлээ төлж чадаагүй. Уг зээлийг авахад нөхөр Л.Цэрэннадмидтай хамт амьдарч байсан. Нөхөр маань зээл авсан мөнгөнөөс 15 000 000 төгрөгийг аваад надаас салсан. Нөхөр Л.Цэрэннадмидаас тодорхой хэмжээний мөнгө авч зээлийн төлбөрт төлөх бодолтой яваад байсан. Ээж дүү нарын маань хашаа байшин давхар зээлийн барьцаанд байгаа. Би өөрийнхөө байрыг зарж, зээлийнхээ төлбөрийг барагдуулах гээд сонинд зар тавьсан боловч эдийн засгийн хямралаас шалтгаалан зарагдахгүй байна. Би Хас банкнаас авсан зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие Хас банкинд миний байдлыг харгалзан үзээд зээлийн хүүг зогсоож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Би өөрөө хөөцөлдөөд Л.Цэрэннадмидыг олж чадахгүй байгаа. Харин шүүхийн журмаар Л.Цэрэннадмидыг энэ хэрэгт татаж оролцуулах хүсэлтэй байгаа. Л.Цэрэннадмидыг хамтран хариуцагчаар оролцуулах ёстой байсан. Л.Цэрэннадмидыг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан байгаа гэжээ.

Хариуцагч Ц.Ган-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр манай эгч Ц.Ганцэцэг, хүргэн ах Л.Цэрэннадмид нар нь зээл авах гэсэн юм. Баталгаа гаргаж, өгөөч гэсний дагуу миний бие Хас банкин дээр очиж, юунд гарын үсэг зурж байгаагаа ч сайн ойлгохгүй гарын үсгээ зураад явсан. Хүргэн ах болон эгч маань банкны зээлийг 100 хувь өөрсдөө төлнө гэж надад хэлсэн. Зээлдэгч нь нийт 17 000 000 төгрөг төлсөн байдаг. Л.Цэрэннадмидтай ямар холбоотойг Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Ц.Ган-Эрдэнэ эгч, хүргэн ахынхаа гуйсны дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсандаа орон гэрээ алдаж, хөгшин эх, эхнэр хүүхдийнхээ хамт орон гэргүй болох гэж байгаа байдлыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ нь 2 талын хүсэл зоригийг илэрхийлсэн байх ёстой байдаг. Хариуцагч нь хүсэл зоригоо мэдээгүйгээр гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэлийи шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.Ганцэцэгээс 35 213 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Хас банк" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.Ганцэцэг нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл хариуцагч Ц.Ганцэцэг, Ц.Ган-Эрдэнэ нарын барьцааны хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 157 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ганцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 334 017 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Хас банк" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Ганцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нөхөр Л.Цэрэннадмидыг татан оролцуулах хүсэлтийг хангасангүй. Хүнд өвчтэй болсоны улмаас зээлийг төлөж чадаагүй. Одоо миний байдал 216 000 төгрөгийн группийн тэтгэлэг авдаг ба насанд хүрээгүй хүүгийн хамт амьдардаг. Хорт хавдрын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж сардаа эм тарианы 200 000-300 000 төгрөг зарцуулдаг. Ээж дүү нарын тусламжаар амьдардаг. Мөн шүүхээс зээлийн хүүг бууруулах боломж байсан боловч шууд банкны тавьсан нэхэмжлэлийг төлүүлэхээр шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Ц.Ганцэцэг, Ц.Ган-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 35 241 550 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан Барьцаат зээлийн №1490004408 тоот гэрээгээр хариуцагч нар нь 30 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлэх, баталгаат ипотекийн гэрээгээр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 12 дугаар байрны 9 тоот, 12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаа 16 дугаар гудамжны 5 тоот 48 м.кв хувийн сууц, 700 м.кв өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

Талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хүү, мөн хуулийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохиролцсон байна.

Иймд үндсэн зээл 20 909 090 төгрөг, хүү 12 890 513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү          1 413 946 төгрөг, бүгд 35 213 550 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасны дагуу, давж заалдах гомдолд дурдсан Л.Цэрэннадмидыг нэхэмжлэгч хариуцагчаар татаагүй байгаа тул хариуцагч Ц.Ганцэцэгийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Дээрх дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05911 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШЗ2017/00876 дугаар захирамжаар хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧИД                                              С.ЭНХТӨР

 

                                                                      М.НАРАНЦЭЦЭГ