Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2019/ДШМ/508

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б, О.Н, С.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

шүүгдэгч А.Б, О.Н,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б, О.Н нарын гаргасан давж заалдах гомдлоор С.Б, А.Б, О.Н нарт холбогдох 1709008100440 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн О-ийн Н, 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 15 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй,

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 cap 20 хоногийн хорих ялаас хугацааны нь өмнө тэнсэн суллагдсан,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 11 cap 20 хоногийн хорих ялаас 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хорих ялаар шийтгэж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр 6-ны өдрийн 458 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жил 11 сарын хорих ялыг өршөөн хасаж, үлдэгдэл 1 cap 11 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж, суллагдсан;

            2. Ш овгийн А-ын Б, 1982 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 30 дугаар гудамжны 408 тоотод оршин суух бүртгэлтэй,

            Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 cap 15 хоногийн хорих ялаас хугацааны нь өмнө тэнсэн суллагдсан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

            3. Ш овгийн С-ны Б, 1984 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, авга эгч, дүү нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 26 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УР84030166/;

            Шүүгдэгч А.Б, О.Н, С.Б нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кибер" зочид буудлын 3 давхрын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хохирогч Д.Дн нүүрэн тус газар нь цохиж, хүч хэрэглэн довтолж, “Самсунг Галакси Жи 7” загварын гар утас, 200.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Н, А.Б, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, прокуророос шүүгдэгч О.Н, А.Б нарыг бүлэглэн "...хохирогч Д.Дн нүүрэн тус газар нь цохиж, хүч хэрэглэн довтолж “Самсунг Галакси Жи 7” загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг хууль бусаар авсан" гэх хэргээс "бэлэн 200.000 төгрөгийг хууль бусаар авсан" гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Б, О.Н нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, А.Б нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н 27 хоног, шүүгдэгч А.Б 35 хоног тус тус цагдан хоригдсон хугацааг тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч С.Б энэ хэрэгт 16 хоног цагдан хоригдсон бөгөөд түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон суллаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Боос 50.000 төгрөгийг, шүүгдэгч О.Наас 140.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.Дд олгож, хохирогч Д.Дн 200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Бийн хохиролд нөхөн төлсөн 90.000 төгрөгийг хохирогч Д.Дд бэлэн мөнгөөр олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч О.Н, А.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.Б давж заалдах гомдолдоо: “...Тэр өдөр найз О.Нтай С.Бийг хувцсыг авахаар буудал руу орсон. Үүдэнд хувцасны хажууд байсан утсыг авахад нэг ч хүн анзаараагүй. Хохирогч утсаа алга болсныг мэдээд цагдаа дуудсан байх. Би “Кибер” буудлаас гараад явж байхдаа утас гаргаж ирээд “...Би өрөөнд байсан хүний утсыг цэнэглэж байхаар нь хулгайлчихлаа. ...” гэхэд О.Н уурлаад “...Тэгвэл одоо камерт бичигдсэн байгаа, яах гэж хүний утас хулгайлж байгаа юм бэ, наад хулгай чинь надад хамаагүй шүү. ...” гэж хэлээд С.Б бид хоёроос салаад явсан ба дахиж уулзаагүй.

            О.Н бид хоёрт бусдын эд зүйлийг авах санаа огт байгаагүй ба бид хоёрыг буудалд ороод хэрүүл маргаан гаргалгүй, С.Бийн гадуур хувцсыг аваад гарсныг харсан гэрч Мөнгөнсувд, хамгаалагч, ресепшин нар гэрчилнэ. Би хүний утас хулгайлж авсандаа маш их харамсаж байна. Иймд, миний хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гэмт хэрэг үйлдээгүйдээ итгэлтэй байна. Анхнаасаа мэдүүлэг авахдаа хэсгийн төлөөлөгч хүчээр, айлган сүрдүүлж мэдүүлэг авсан. ...Намайг дээрмийн зүйлээр зүйлчлээд прокурорт хэргийг шилжүүлсэн байсан.

            Гэтэл Гантулгын Мөнхзаяа гэх хүн 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Кибер” зочид буудалд гар утас, 147.000 төгрөг хулгайлсан гэх хэрэгт шалгагдаж байсан байдаг. Прокуророор нь Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор Анхцэцэг байсан. Өмгөөлөгчдөө энэ талаар хэлэх гэсэн боловч ирээгүй.” гэв.

            Шүүгдэгч О.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр намайг А.Бийн гэрт байхад А.Бийн утсанд дуудлага ирж, эхнэр болох С.Б дуудсан. Дуудсан газар нь очиход С.Б “Кибер” нэртэй зочид буудлын гадаа зогсож байсан ба “Миний хүрэм энэ буудлын 3 давхарт 302 тоот өрөөнд байгаа, аваад ирээч” гэж хэлсэн. Бид хоёрыг буудал руу ороход хоёр хамгаалагч залуу болон нэг хүүхэн байсан ба хүүхэн нь “хаашаа орох гэж байгаа юм бэ” гэж асуухад нь өрөөний дугаарыг хэлж, өрөө рүү ороход үүдний өлгүүрт С.Бийн хар хүрэм байсан. Хүрмийг аваад гарах гэтэл өрөөнд байсан залуу “наад хүрмээрээ яах гэж байгаа юм бэ” гэж асуухад нь би эргэж хараад “чамд ямар ч хамаагүй” гэж хэлээд гарсан.

            Бид гурав буудлаас гараад явж байхад А.Б утас гаргаж ирээд “үүдэнд цэнэглэж байсан утсыг би хулгайлаад авчихлаа” гэж хэлэхэд нь би “яах гэж утас хулгайлж байгаа юм бэ, наад утсаа хурдан буцааж өг” гээд бид хоёр хоорондоо муудалцаад би тэр хоёроос салаад гэр лүүгээ явсан. Тэр өдрөөс хойш би А.Бтой уулзаагүй. Утсыг нь зарж олсон мөнгөнөөс нь үрж, хуваалцаж авсан зүйл байхгүй.

            Иймд намайг бусадтай нийлж бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан гэм буруутайд тооцож, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

            Би Баянгол дүүргийн цагдаагийн газарт өөр хэрэгт шалгагдаж байгаа. Мөрдөн байцаагчийг нь Ганзориг гэдэг. Уг хэргээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

            Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Б, О.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдээгүй, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Хохирогч 2 удаа өгсөн мэдүүлэгтээ маш тодорхой мэдүүлдэг. “Хар хүрэмтэй залуу над руу хутга тулгаад “ ... “Эд зүйлээ өг.” гэж хэлээд авсан. Миний нүүр рүү цохисон. Дараа нь хамт олноороо гадагшаа явахад цохиулснаас болоод нүдний маань дээд хэсэгт хөхөрч няцарсан байсан. ...” гэж мэдүүлдэг. Хөхөрсөн байх үеийнхээ зургийг авчрах боломжтой гэж байсан.

            Хохирогчийн нүүрэнд цохисноор хүч хэрэглэж довтолсон болох нь харагддаг. Гэрч Сэржмядаг мэдүүлэхдээ “...Тухайн хоёр хүн тэр өрөөнд байгаа юм шиг шууд орсон. Тэгээд зодолдоод байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэж мэдүүлдэг.

            Иймд хангалттай нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос О.Н, А.Б, С.Б нарыг бүлэглэн хохирогч Д.Дн нүүрэн тус газар нь цохиж, хүч хэрэглэн довтолж “Самсунг Галакси Жи 7” загварын гар утас, бэлэн 200.000 төгрөгийг хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд С.Бийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж, үндэслэлтэй дүгнэлт өгч чадсан байна гэж үзэв.

            Өөрөөр хэлбэл, цагаатгагдсан этгээд С.Б нь А.Б, О.Н нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кибер" зочид буудлын 3 давхрын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хохирогч Д.Дн нүүрэн тус газар нь цохиж, хүч хэрэглэн довтолж, “Самсунг Галакси Жи 7” загварын гар утсыг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. 

            Хавтас хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэгт цагаатгагдсан этгээд С.Бийг хохирогч Д.Дгоос эд зүйл нэхсэн, айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэхээр зодож цохисон, эд зүйлийг авах зорилгоор А.Б, О.Н нарыг дуудсан болохыг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй байна.

            Мөн цагаатгагдсан этгээд С.Б нь анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгсөн, мэдүүлэг нь ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй байх ба түүний “...Тухайн үед би өрөөнд хүрмээ үлдээсэн байсан ба А.Б, О.Н хоёр намайг гадаа үлдээгээд миний байж байсан өрөө рүү орчихоод гарч ирсэн. ...”, гэх мэдүүлгээр түүнийг уг хэрэгт холбогдолгүй болох нь шүүгдэгч А.Б “...С.Бийн хүрмийг авсан чинь "Наадах чинь хүний хүрэм" гэхээр нь "Чамд хамаагүй" гээд нүүр рүү нь мангасдаж унагачихаад хүрмийг нь гар утастай хамт аваад гарсан. ...”, шүүгдэгч О.Н “...С.Б “Кибер” нэртэй зочид буудлын гадаа зогсож байсан ба “Миний хүрэм энэ буудлын 3 давхарт 302 тоот өрөөнд байгаа, аваад ирээч” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдсон нөхцөл байдал тогтоогджээ.

            Дээрх нотлох баримтууд болон нөхцөл байдалд үндэслэн дүгнэлт хийхэд С.Бийг гэм буруугүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй.”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж тус тус заасан.

            Хохирогч Д.Дн тухайн цаг үед өгсөн "200.000 төгрөгтэй байсан" гэх мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тул О.Н, А.Б нарт холбогдох хэргээс Д.Дгоос бэлэн 200.000 төгрөгийг авсан гэх үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин О.Н А.Б нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кибер" зочид буудлын 3 давхрын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хохирогч Д.Дн нүүрэн тус газар нь цохиж, хүч хэрэглэн довтолж “Самсунг Галакси Жи 7” загварын гар утсыг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Д.Д /хх 14-15, 116-117/, А.Б /хх 18, 46-48/, шүүгдэгч О.Н /хх 19-20, 42-44/, цагаатгагдсан этгээд С.Б /хх 119-123/, гэрч Б.Сэржмядаг /хх 21/ нарын мэдүүлгүүд,

            эд зүйлийн үнэлгээ /хх 16/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Б, О.Н нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч А.Б, О.Н нарын нэг цаг хугацаанд, үйлдлээрээ нэгдэж, хохирогч Д.Дн нүүрэн тус газар нь цохиж, хүч хэрэглэн довтолж, “Самсунг Галакси Жи 7” загварын гар утсыг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгч А.Бид 3 жилийн хорих ял, О.Над 3 жилийн хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

            Шүүгдэгч А.Бийн “...Миний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлээр зүйлчилж өгнө үү. ...”, О.Нын “...Намайг бусадтай нийлж бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан гэм буруутайд тооцож, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй.

            Учир нь, хохирогч Д.Дн " ...Хоёр залуу орж ирсэн бөгөөд хар савхин хүрэмтэй, жижгэвтэр биетэй нь хумсны хутга хоолойд тулгаад ... нөгөө цагаан өнгийн малгайтай цамцтай залуу нь орон дээрээс миний утсыг аваад гарсан. Хар савхин хүрэмтэй залуу миний нүд рүү цохисон. ... “ /хх 14-15, 116-117/, А.Бийн “...Би О.Нтай орохдоо ... нүүр рүү нь мангасдаж унагачихаад хүрмийг нь гар утастай хамт аваад гарсан. ...О.Н үл таних залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. ...” /хх 18, 46-48/, цагаатгагдсан этгээд С.Бийн "...А.Б, О.Н хоёр намайг гадаа үлдээгээд миний байж байсан өрөө рүү орчихоод гарч ирсэн. А.Б тэр залуугийн “Самсунг Галакси Жи 7” загварын гар утсыг аваад гараад ирсэн. ...”  /хх 119-123/,

            гэрч Б.Сэржмядагийн “...Гаднаас хоёр залуу орж ирээд мэдэж байгаа юм шиг шууд Дашдонойн өрөө рүү орсон. ...Оронгуутаа эрэгтэйтэй нь маргалдаад зодолдохоор нь манайх цагдаа дуудсан. ...” /хх 21/ гэх мэдүүлгүүдээр дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

            Хохирогч Д.Д, шүүгдэгч А.Б, О.Н нарын мэдүүлгүүд хоорондоо харилцан зөрүүгүй байгаагийн зэрэгцээ тухайн гэмт хэргийн шүүгдэгч С.Бийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзнэ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б, О.Н нар бүлэглэн Д.Дд хүч хэрэглэн довтолж, “Самсунг Галакси Жи 7” загварын гар утсыг авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд тэдний уг үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н, А.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан бөгөөд А.Бид Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулын ялыг тусад нь эдлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Н, А.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ