Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0016

 

 

 

 

 

 

 

 

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга

Нэхэмжлэгч: “Ш” ХХК

Хариуцагч: ТА-ийн БСЗД

Гуравдагч этгээд: М.Б, Е.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн өөрийн компанид холбогдох заалтыг хүчингүй болгуулах, ТА-ийн БСЗДд Эрдэнэ толгой Өндөр гэх газарт газар тариалангийн чиглэлээр ашиглаж байсан 30 га газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШШ2023/0036 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 123/2022/0003/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь ТА-ийн БСЗДд холбогдуулан “Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн өөрийн компанид холбогдох заалтыг хүчингүй болгуулах, ТА-ийн БСЗДд Эрдэнэ толгой Өндөр гэх газарт газар тариалангийн чиглэлээр ашиглаж байсан 30 га газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг даалгах”-аар маргасан байна.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-иас ТА-ийн БСЗДд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас “Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн “Ш” ХХК-д холбогдох хэсэг буюу “актын 1-д заасан хавсралтын 706 дахь” хэсэг, “актын 3 дахь хэсгийн А/215 тоот захирамж” хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэсэн шаардлагыг хангаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож,

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шаардлагын үлдэх хэсэг болох “ТА-ийн БСЗДд Эрдэнэ толгой Өндөр гэх газарт газар тариалангийн чиглэлээр ашиглаж байсан 30 га газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэж байх тул 2008 оноос хойш эзэмшиж байсан нэхэмжлэгчийн 30 га газар эзэмших эрхийг сэргээх, гуравдагч этгээд нарт газар давхцуулан олгосон давхцлыг арилгаж, хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэхийг хариуцагч ТА-ийн БСЗДд даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШШ2023/0036 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд:

Үйл баримтын хувьд “Ш” ХХК нь Баянчандмань сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 98 дугаар “газар эзэмшүүлэх тухай” Өндөр хөтлийн 163 га-с 30 га газрыг үр тариа тэжээлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшжээ. Газрын тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/213 дугаартай “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” Засаг даргын захирамжаар дээрх зориулалтаар эзэмшсэн 30 га газрыг хүчингүй болгосон. Энэ захирамжтай нэхэмжлэгч тал маргаагүй. Засаг дарга дахин 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/215 дугаар “газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Өндөр хөтлийн 165 га талбайд үр тариа тэжээлийн зориулалтаар 30 га газар 15 жилийн хугацаатай шинээр эзэмшүүлсэн байна. Гэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, кадастрын зураг хийгээгүй, газрын нэгдмэл санд бүртгээгүй болно. Тэгэхээр Газрын тухай хуулийн 3.1.7-д заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу ... газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” гэсэн, 33 дугаар зүйлд заасан “... эзэмшүүлэх тухай шийдвэрийг Засаг дарга гаргана ... эрхийн гэрчилгээ, түүний үнэ эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх шийдвэр ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж газар эзэмших шийдвэр гаргах асуудлыг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 29.3-т зааснаар “Багийн иргэдийн хурлын санал, сумын ИТХ-ын шийдвэрийг ...” үндэслэн 30 га газар олгох зохицуулалтыг зөрчсөн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “... эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх гэснийг зөрчиж А/215 захирамжаар газар олгосон. Шүүх 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/213 захирамжид ямар нэгэн дүгнэлт хийгээгүй бөгөөд 2008 оны 05 дугаар сарын 13-ны газар эзэмших эрхийн гэрчилгээг /хүчингүй болгосон/ хүчинтэй гэж үзэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Засаг даргын хүчингүй болгосон маргаан бүхий захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг бүхэлд нь, 40.1.5, 40.1.6 заалтыг тус тусд нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 гэх заалтууд юм. “Ш” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40.1-д зааснаар шийдвэрлэсэн. Энэ заалтын 40.1.1-д заасан “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг ... зөрчсөн” гэсэн үндэслэл буюу Газрын тухай хуулийн 29.3, 33 дугаар зүйл, 27 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн холбогдох заалт зөрчсөн гэж үзсэн. Мөн хуулийн 54.4-т заасан “тариалангийн газрыг эзэмшүүлэх ... сумын засаг дарга зохион байгуулна” гэсэн заалтуудыг зөрчиж санал шийдвэргүйгээр газар эзэмших захирамж гарсан асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзнэ.

Захирамж гарсан хэдий ч дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн учир эрхийн гэрчилгээ гараагүй, гараагүй болохоор кадастр, газар эзэмших гэрээ хийгдээгүй гэж үзнэ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШШ2023/0036 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь ТА-ийн БСЗДд холбогдуулан “Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн өөрийн компанид холбогдох заалтыг хүчингүй болгуулах, ТА-ийн БСЗДд Эрдэнэ толгой Өндөр гэх газарт газар тариалангийн чиглэлээр ашиглаж байсан 30 га газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

3. Хэргийн үйл баримтыг үзэхэд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 98 дугаар захирамжаар тус сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах Өндөр хөтлийн 165 га талбайд 30 га газрыг үр тариа, тэжээлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч “Ш” ХХК-д эзэмшүүлжээ.

3.1. Мөн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/213 дугаар захирамжаар “Ш” ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/215 дугаар захирамжаар тус сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах Өндөр хөтлийн 165 га талбайд 30 га газрыг үр тариа, тэжээлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр болжээ.

3.2. Гэтэл Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших зөвшөөрөл хүчингүй болгох тухай” А/153 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн “Ш” ХХК-д газар эзэмших эрх олгосон 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/215 дугаар захирамжийг хүчингүй болгосноор энэхүү маргаан үүсжээ.

3.3. Анхан шатны шүүх “... энэ маргааны хувьд маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд газрын төлбөрийг төлж, зориулалтын дагуу ашиглаж байсан болох нь тодорхойлогдож, харин хариуцагч талаас уг асуудлыг шалган тогтоосон баримт байхгүй байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй байна ... шүүх энэхүү шийдвэрийн эхний заалтаараа нэхэмжлэгчийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байхад дахин газар эзэмших эрх сэргээхийг Засаг даргад даалгах боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Ш” ХХК нь маргаан бүхий газрыг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/215 дугаар захирамжаар эзэмшсэн үеэс хойш газрыг зориулалтын дагуу ашиглахтай холбоотой ажлыг хийж гүйцэтгэж байсан нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

4.2. Түүнчлэн хэрэгт авагдсан Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07/100 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн газрын төлбөрийн хуулгаар “Ш” ХХК нь 2016-2021 он хүртэл газрын төлбөрөө төлсөн, маргаан бүхий актыг гарах хугацаанд газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан болох нь тогтоогдож байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... шүүх 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/213 дугаар захирамжид ямар нэгэн дүгнэлт хийгээгүй ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл буюу Газрын тухай хуулийн 27, 29.3, 33, 35 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн ... Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т заасныг зөрчиж, санал шийдвэргүйгээр газар эзэмших захирамж гарсан асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй” гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэсэн байна.

5.1. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захирамжид дурдаагүй үндэслэлийг тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.

5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан.

5.3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Баянчандмань сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 дугаартай захирамжийн өөрийн компанид холбогдох заалтыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон бөгөөд Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/213 дугаар захирамжтай маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийхгүй.

5.4. Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчиж Газрын тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл бий болсон эсэхийг тодруулалгүй маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШШ2023/0036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ