Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/202

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Г.А

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 2225002250191 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын ** тоотын хашааны гадна талд 13 настай Б.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Б-г бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ “Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Миний буруу. Хохирогчид 200 000 төгрөг төлсөн. Би ажил хийгээд завгүй байгаа тул хохирогчийг авч явж үзүүлж чадахгүй. Цаашид зардал гарвал төлнө” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н мэдүүлэхдээ “Б хүүгээс маань уучлал гуйгаагүй худлаа ярьж байна. Хүүгийн маань эрүүл мэнд цаашид яахыг мэдэхгүй. Гэмтэл хожим илэрдэг. Охинд маань бас ийм асуудал тохиолдсон учраас би санаа зовж байна. Хүүгээ үзүүлж оношлуулах мөнгөгүй учир үзүүлж чадахгүй байгаа. Эмнэлэгээр явж оношлогоо хийлгэхэд ойролцоогооор 500 000 төгрөг хэрэгтэй гэж бодож байна. Эсхүл Б өөрөө хүүг маань авч яваад үзүүлж оношлуулчихвал мөнгө нэхэмжлэхгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Насанд хүрээгүй хохирогч Б.Э-н “2022 оны 03 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед эгч Н над руу залгаад дүү чинь гэртээ ганцаараа байна чи манай гэрт ороод дүүтэйгээ ханьтай байж байгаарай, гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад Н эгчийн гэрт очиход гэрт нь Н эгчийн охин Н ганцаараа байсан. Тэгээд би гэрт нь ороод байж байтал Н эгч гаднаас орж ирсэн. Хэсэг хугацааны дараа Б ах гаднаас орж ирээд хоол байна, хоол хийсэн юм уу? гэхэд Н эгч хоолыг нь аяглаж өгсөн. Хоолоо идчихээд унтах гэж байтал Б ах маргааш хөдөө явж ууна гэж хэлэхэд Н эгч чи маргааш хөдөө явж уух юм бол гэрт хоноод яадаг юм гэж хэлээд уурлаад гэрээсээ гараад явсан. Араас нь Б ах гараад явахад охин нь гэрээсээ гарах гэж байхаар нь би охиныг нь дагуулаад араас нь очиход хашааны гадна талд гудамжинд Б ах Н эгчийн гараас нь бариад маргалдаад зогсож байсан. Намайг хажууд нь очих үед Б ах Н эгчийг хөлөөрөө өшиглөхөөр нь би очиж Б ахыг болиоч гэж байтал Б ах Н-гийн гар луу цохихоор нь миний уур хүрээд болиоч та гэсэн чинь яах гээд байгаа юм бэ? гэж хэлээд миний хувцаснаас барьж аваад өргөж хашаанд саваад, миний цээж рүү цохиж, намайг алгадсан юм. Би хэсэг хугацаанд толгой эргээд хашаа налаад сууж байсан, удалгүй цагдаа нар ирсэн. Н цагдаа дуудсан байсан. Тухайн үед миний хамраас цус гарсан байсан. Б ах, Н эгчийг өшиглөхөөр нь миний уур хүрээд та болиоч гэсэн чинь намайг зодож, цохисон. Миний хамраас цус гарсан, толгой, нуруугаар өвдөөд байгаа. Урд өмнөхөөсөө тайван байж чадахаа больсон. Гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/

2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-ий “ БОЭТ-ийн гэмтлийн эмчид үзүүлсэн. Хүүхдийн толгой, нуруу, хүзүүний зургийг хувийн сайн эмнэлгээр авхуулж, үзүүлж харуулах шаардлагатай гэж хэлсэн. Одоогоор хүү Э-г эмчид үзүүлсэн эмчилгээний карт байгаа өөр ямар нэгэн хохиролтой холбоотой баримт байхгүй. Би хүү Э-г мөнгө төгрөгийн боломжгүй болохоор эрүүл мэндийн байгууллагаар үзүүлж харуулж чадаагүй, цаашид хүү Э-г эрүүл мэндийн байгууллагаар үзүүлж толгой, хүзүү, нурууны зэргийг авхуулах мөн нүдийг нь үзүүлэх шаардлагатай байна. Би цаашид хүүгээ эрүүл мэндийн байгууллагаар үзүүлж харуулахад 500 000 төгрөг хэрэгтэй байх тул хүүгийнхээ эрүүл мэндэд учирсан хохиролд 500 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 19 дэх тал/

3. Насанд хүрээгүй гэрч Ө.Н-н “... би ах Э-н хамт араас нь очиход ээж, Б ах хоёр хашааны гадна талд хэрэлдээд зогсож байсан. Энэ үед ах Э очоод Б ахыг боль гэж хэлээд зогсож байсан. Би буцаад гэртээ ороод гар утсаа аваад буцаад гараад ирэхэд Э-н хамраас цус гарчихсан уйлж байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/

4. Гэрч Ч.Н-н “...охин Н, Э хоёр араас гарч ирээд бид хоёрын хажууд ирээд Э Б-г “та яагаад маргалдаад байгаа юм бэ, гэртээ ороод унтаач” гэж хэлэх үед Б нь чи жоохон юм байж том хүний хэрэгт ороод гэж уурлаад зогсож байхаар нь холдоод явчихсан, буцаад ирсэн чинь Э уйлчихсан, хамраас нь цус гарчихсан байсан. Охин Н цагдаа дуудчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 24 дэх тал/

5. Яллагдагч П.Б-н сэжигтэнээр мэдүүлсэн “ 2022 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 8 цаийн үед ажилдаа яваад ажил дээрээ очиход цаг агаарын нөхцөл байдлын улмаас ажлаагүй юм. Тэгээд хамт ажилладаг О, Б нарын хамт өдөр 14 цагийн үед Эрхэс нэртэй караокений газарт ороод дуулж, Соёрхол нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архинаас хоёрыг, 2 шил шар айраг уугаад сууж байгаад орой 22 цаг 30 минутын үед караокеноос гараад бид гурав манай гэр лүү явсан. Би Яргуйт багт байх гэртээ очиход эхнэр Н, охин Н, эхнэрийн дүүгийн хүүхэд Э нар байсан. Эхнэр Н хувцсаа өмсөөд гэрээс гараад явахаар нь би араас нь очиж хашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад би энд хонохгүй явлаа гэхээр нь гэртээ ор гэж хэлээд гарнаас нь татсан чинь орохгүй чи өөрөө зайл гэж хэлэхээр нь миний уур хүрээд түүний хөл хэсэг рүү нь өшиглөсөн, энэ үед охин Н Э нар бид хоёрын хажууд ирчихсэн байсан ба Э намайг зүгээр бай гэж хэлээд миний цээж рүү түлхэхээр нь би чи зүгээр бай гэж хэлээд баруун гараараа түүний зүүн талын хацар луу нэг удаа алгадад хүзүүнээс нь гараараа бариад цааш нь түлхсэн чинь Э газарт уйлаад суучихсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргий 26-27 дахь тал/

6. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай Б.Э-н биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүний эргэн тойронд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна. Баруун хацар зөөлөн эдийн няцрал, хүзүүний эргэн тойронд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

7. П.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/,

8. Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоол хуулбар, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоол хуулбар /хавтаст хэргийн 53-59 дэх тал/,

9. Насанд хүрээгүй хохирогч Б.Э-н нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч П.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын ** тоотын хашааны гадна талд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бага насны буюу 13 нас 22 хоногтой Б.Э-г гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгин хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санааай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцэхгүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэргийн улмаас учирсан хохирлын хувьд шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд хохирогч Б.Э-н биед баруун хацарт нь зөөлөн эдийн няцрал, хүзүүний эргэн тойронд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн гэм хорын нэхэмжлэл гаргаагүй. Хэргийн материалтай танилцахад 500 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй. Тиймээс хохирлын баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь шүүх шийдэх нь зүйтэй.” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Э-н “миний хувцаснаас барьж аваад өргөж хашаанд саваад, миний цээж рүү цохиж, намайг алгадсан юм” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н “БОЭТ-ийн гэмтлийн эмчид үзүүлсэн. Хүүхдийн толгой, нуруу, хүзүүний зургийг хувийн сайн эмнэлгээр авхуулж, үзүүлж харуулах шаардлагатай гэж хэлсэн” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ө.Н-н “Би буцаад гэртээ ороод гар утсаа аваад буцаад гараад ирэхэд Э ын хамраас цус гарчихсан уйлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Н-н “буцаад ирсэн чинь Э уйлчихсан, хамраас нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг, яллагдагч П.Б ын сэжигтэнээр мэдүүлсэн “баруун гараараа түүний зүүн талын хацар луу нэг удаа алгадад хүзүүнээс нь гараараа бариад цааш нь түлхсэн чинь Э газарт уйлаад суучихсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч Б.Э-н нас тоолсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Б нь 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын **тоотын хашааны гадна бага насны буюу 13 нас 22 хоногтой Б.Э-г өргөж хашаа руу шахаж цээж рүү нь цохих, алгадах зэргээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч П.Б-н нь шууд санаатай үйлдлээр бага насны хүүхдийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            2.Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Б.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 200 000 төгрөг төлсөн байна. Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээ оношлогооны зардалд 500 000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох баримтаа ирүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Н нар эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн П-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч П.Б нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялыг нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС