Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2022/0056/Э |
Дугаар | 2022/ШЦТ/61 |
Огноо | 2022-05-27 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/61
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөр нь шүүгдэгч ******* овогт *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, ***/2022/0****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *********** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 02 жилийн хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 05 жил 01 хоногийн хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар 01 жилийн хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 01 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/227 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамрагдсан, ******* овогт ******* /РД:************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ******* багт 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зүүн дал хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд өгсөн: ...Би хохирогч ***** уурандаа халаасандаа байсан хутгаа гаргаж түүний нуруу руу нь нэг удаа хутгалсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу... гэв.
Хохирогч ын мэдүүлэг /хх-ийн 05 дугаар хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 08 дугаар хуудас/, гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаартай дүгнэлт /хх-ийн13-14 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 34-36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ****** багт 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **** тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зүүн дал хэсэгт нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан хохирогч ***** ...Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт байх гэрээсээ гараад эхнэр ******* ажил дээр очих гээд ******* гэдэг хүний машины жолоочийн хажуу талын суудалд суугаад явж байсан чинь урд дайруулчих гээд *******, нар согтуу явж байхаар нь гудамжаар явахдаа хүүхдүүд битгий айлгаад байгаарай гэсэн чинь ******* намайг хуцаад бай пизда минь миний яах чамд ямар хамаатай юм гэхээр нь би машинаас буугаад түлхсэн юм. Тэгээд би машинд суух гээд эргэсэн чинь миний араас ******* зүүн дал хэсэг рүү цохиод авах шиг болсон. Эргээд харсан ******* баруун гартаа хутга барьсан зогсож байсан. Тэгээд миний суганаас халуун оргиод байхаар нь үзсэн чинь зүүн дал хэсгээс цус гарч байсан. ******* ахиад хутгалах гээд байхаар нь замын хажуугаас чулуу бариад зогсож байсан чинь ******* хойшоо хашаа даваад зугтаагаад явчихсан. Би араас нь явж байгаад Б.Дашбат гэдэг хүнтэй таарсан чинь ******* сая надтай таарахдаа би сая хүн хутгалчихлаа гээд хүрэн иштэй хуйтай хутга барьсан явж байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэрээ дуудаад эмнэлэгт очиж оёо тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
гэрч ******* ...Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ***** багт гэдэг хүний дэлгүүрт бараа буулгачихаад явж байсан чинь эхнэр тэй манай гэр байдаг гудамжны үзүүрт таарсан, манай эхнэр сая *******тэй хамт явж байсан *******, ын нуруу хэсэг рүү хутгалчихаад урагшаа зугтаачихлаа гэсэн. Тэгээд би эхнэр тэй гэртээ ирээд 2 цаг гаран болж байсан чинь гаднаас ******* орж ирчхээд би сая ******* хутгалчихлаа гээд нэг шил архи уучхаад гараад явсан. ******* дунд зэрэг согтуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
гэрч ******* ...Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ****** багт гэдэг хүний дэлгүүрт бараа буулгачхаад явж ийн дэлгүүрийн үүдэнд дээр ирэхэд ******* гартаа хутга барьчихсан би сая хүн хутгалчихлаа гэж байсан. Араас нь ирсэн чинь ******* гудамж тойроод зугтаагаад явчихсан. надад дээр ирээд сая намайг ******* хутгалчихлаа гээд хаашаа зугтаасан талаар асуухад нь би *******ийн явсан зүгийг зааж өгчхөөд яваад өгсөн. ын нуруунаас цус гарчихсан хувцас нь цус болчихсон байсан. Тухайн үед ******* бага зэрэг согтуу, гартаа хар хуйтай хүрэн иштэй хутга бариад явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ...ын биед зүүн даланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 34-36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ын зүүн дал хэсэгт нь нэг удаа хутгалж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд би гэм буруутай, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлыг улсын яллагчийн гаргасан ялын саналын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа удаа дараа гэмт хэрэг үйлдэж өөртөө дүгнэлт хийхгүй байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдэхдээ согтуугаар үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******т 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******т 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 01 /нэг/ хоногийн хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА