| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2022/0196/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/216 |
| Огноо | 2022-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Г.Э
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-д холбогдох эрүүгийн 2225002810265 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тариаланчдын **тоотод иргэн Д.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хүрзний ишээр толгойн тус газар нь цохиж, үснээс нь зулгаан чирч, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,
2. Хохирогч Д.Б-н “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 18 цагийн үед хадам эгч Д.А-н гэр болох Орхон аймгийн Жаргалант сум, Улаантолгой багийн Тариаланчдын **тоотод ороход нөхөр Н, охин Х нар байсан. Би А эгчтэй хашаа дотор байх хүлэмжийн харалдаа юм яриад зогсож байхад түүний нөхөр Н нь бид хоёрын яриад хөндлөнгөөс оролцож эхнэр А г хэл амаар доромжлоод байсан. Би Н-д хандаж одоо болиочээ, нэгнийгээ ямар муухай хэлдэг юм бэ гэж хэлэхэд эхнэр А гаа загнасан. Би Н д хандаж арчаагүй нь чи л юм байна шдээ гэж хэлэхэд Н гартаа барьж байсан богино модон иштэй хүрзний төмөр хэсгээр миний хүзүү, дагз хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Би Н д цохиулаад дотор муухайрсан ба эргэж хараад хүн аллаа ш дээ гэхэд миний үснээс зулгааж чамайг алсан ч яадаг юм бэ гээд хашаан дотроо 2 метр газар чирсэн. Миний үснээс тавиад хашаа дотор байсан хадаастай банз бариад чамайг ална гээд цохих гэхэд охин Х нь гэрээсээ гарч ирээд ээж А гийн хамт Н ийг үйлдлийг таслан зогсоож, хадаастай банзыг нь авсан. Н миний толгойны ар талаас гараараа дараад эрүү, өвдөг хоёрыг маань нийлүүлсэн. Тэр үед миний нуруу, хоолой эвгүй дугарахад чи үхлээ ш дээ гэж хэлээд намайг тавьсан. Би Н оос зайтай зогсож байгаад цагдаад дуудлага өгсөн. Мөн миний зүүн талын бугалга хэсэг рүү цохисон байсан. Яг юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Би эмчилгээний зардалд 1 000 000 төгрөг С.Н оос авсан, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 15 дахь тал/,
3. Гэрч Д.А-н “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ нөхөр С.Н, охин Х нарын хамт байж байхад орой 18 цагт бэр Д.Б манайд орж ирээд хашаа дотор байх хүлэмжинд зогсоод юм ярьж байхад С.Н д руу уурлаж, муу үг хэлэхэд Б намайг өмөөрч Нид 1-2 үг хэлсэн. Тухайн үед Н бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба Бгийн хэлсэн үгэнд уурлаж газар ухаж байсан богино модон иштэй хүрзээр Бгийн хүзүү, дагз хэсэг рүү нь цохисон, хатгаад хашаанаас гар гэж хэлсэн. Н, Б нар хоорондоо хэрэлдээд Хүлэмжээс гарсан ба хашаа дотор Н нь Бгийн үснээс зулгааж хашааны хаалгаар гаргах гээд чирсэн. Энэ үед охин Х байшингаас гарч ирээд ааваа болиочээ гэж хэлсэн. Н хашаан дотор байсан хадаастай банз аваад Б руу шидэх гэхээр нь Х бид хоёр очоод болиулсан. Хадаастай банзыг нь булааж аваад Н ийг зүгээр байгаачээ гэж хэлэхэд Б цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 сарын 21-ний өдрийн №359 дугаартай “...Д.Б-н биед тархи доргилт, зүүн бугалга, хүзүүний ард зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
5. С.Н-н сэжигтнээр мэдүүлсэн “...Тухайн үед би бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба Б тай маргалдсан. Би газар унаж байсан богино, шар өнгөтэй модон иштэй хүрзээр Б гийн хүзүүний ар, дагз хэсэг рүү 1 удаа цохиход Б эргэж хараад надтай хэрэлдсэн. Б г хашаанаас гаргах гээд үснээс нь татсан, хүзүү дээр нь дарж эрүү, хөл хоёрыг нь хүргэсэн. Хашаа дотор байсан банзыг аваад Б руу шидэх гэхэд эхнэр А, охин Х нар намайг болиулсан. Би хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна. Б тай маргалдсанаас болж биед нь гэмтэл учруулсан. Өмнө Б тай маргалдаж, хэрэлдэж байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
6. С.Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тариаланчдын **тоотод иргэн Д.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хүрзний ишээр толгойн тус газар нь цохиж, үснээс нь зулгаан чирч, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Д.Б-н “Н гартаа барьж байсан богино модон иштэй хүрзний төмөр хэсгээр миний хүзүү, дагз хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Би Н д цохиулаад дотор муухайрсан ба эргэж хараад хүн аллаа ш дээ гэхэд миний үснээс зулгааж чамайг алсан ч яадаг юм бэ гээд хашаан дотроо 2 метр газар чирсэн.” гэх мэдүүлэг, гэрч Д.А-н “Б гийн хэлсэн үгэнд уурлаж газар ухаж байсан богино модон иштэй хүрзээр Б-н хүзүү, дагз хэсэг рүү нь цохисон, хатгаад хашаанаас гар гэж хэлсэн. Н, Б нар хоорондоо хэрэлдээд Хүлэмжээс гарсан ба хашаа дотор Н нь Б-н үснээс зулгааж хашааны хаалгаар гаргах гээд чирсэн.” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-н 2022 оны 04 сарын 21-ний өдрийн №359 дугаартай дүгнэлт, С.Н-н сэжигтнээр мэдүүлсэн “Би газар унаж байсан богино, шар өнгөтэй модон иштэй хүрзээр Б-н хүзүүний ар, дагз хэсэг рүү 1 удаа цохиход Б эргэж хараад надтай хэрэлдсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Н нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тариаланчдын **тоотод иргэн Д.Б-тай маргалдаж, хүрзний ишээр толгойн тус газар нь цохиж, үснээс нь зулгаан чирч, тархи доргилт, зүүн бугалга, хүзүүний ард зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна
Шүүгдэгч С.Н-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Н-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас Д.Б-н биед тархи доргилт, зүүн бугалга, хүзүүний ард зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С-н Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС