Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/01057

 

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/01057

Улаанбаатар хот

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: О И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Б-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1 845 200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Б-н, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 102/ШШ2015/02655 дугаартай шүүгчийн захирамжаар иргэн Э.Б-аас 88 275 000 төгрөгийг гаргуулж О И ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Э.Б тухайн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул О И ББСБ ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай зардал гаргуулах гэрээ болон шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын гэрээ зэргийг байгуулж хамтран ажилласан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Э.Б нь барьцаанд байсан  авто машиныг 27 734 670 төгрөгт тооцохоор хүсэлт гаргасны дагуу уг хүсэлтийг манай байгууллага хүлээж аваад 88 275 000 төгрөгөөс хасаж тооцсон. Гэхдээ улсын тэмдэгтийн хураамж 88 275 000 төгрөгөд ороогүй. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Э.Б хоёр удаагийн төлөлтөөр О И ББСБ ХХК-д 88 574 675 төгрөг төлөх ёстой байснаас үлдэгдэл төлбөр  31 000 000 төгрөг үлдсэн байсан. Э.Б О И ББСБ ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 29 889 194  төгрөг, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба руу 610 806 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Ингээд захирамжид заагдсан төлбөр болон улсын тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал зэргийг төлж барагдуулсан. Э.Быг шүүгчийн захирамжийг биелүүлсэн эсэх дээр маргахгүй байгаа. Э.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар ажиллагаа явуулсан. Ажиллагаа явуулахдаа 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардал манай байгууллагаас гарсан. Иймд манай байгууллага өөрт учирсан хохирол гэж 1 765 500 төгрөг, Э.Б хаяг дээрээ байхгүй учраас эрэн сурвалжлуулж хаягийн тогтоож дахин нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, энэ хэргийн материалыг бүрдүүлэх зорилгоор нотариатын зардал 9500 төгрөг нийт 1 845 200 төгрөгийг Э.Б-аас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. 

 

Хариуцагч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид энэ хэргийг хаахдаа харилцан тохиролцсоны үндсэн дээр хаасан. Ингэхдээ Тоёота Ланд-200 маркийн авто машиныг тухайн үеийн ханшнаас 14 000 000 төгрөгөөр багаар үнэлж, тулган шаардсаны улмаас зөвшөөрч, гүйцэтгэлийн ажиллагааны төлбөрийг өөрсдөө төлнө. Ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр дуусгах болно гэж тайлбар хийж байсан. Үүнийг шийдвэр гүйцэтгэлийн байцаагч нотолно. Урамшууллын төлбөрийг харилцан тохиролцоод би өөрт ногдох хувийг төлсөн. Энэ талаарх баримтаа хавтаст хэрэгт өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байцаагч гэрээ байгуулсан тал буюу О И ББСБ ХХК урамшууллын зардлыг төлөх ёстой гэдэг хуулийн заалт байгаа. Гэтэл би харилцан тохиролцсоны үндсэн дээр гэдэг утгаар өөрт ногдох хувийг төлсөн. Удаа дараа хаяг дээрээ байгаагүй гэжээ, би ажилтай хүн, утасны дугаарыг мэддэг байж  ийм юм ярьж байгаад бухимдаж байна.  Би өөрийн зүгээс урамшууллын төлбөрийг төлсөн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О И ББСБ ХХК нь Э.Б-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшуулалд 1 845 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 102/ШШ2015/02655 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Б-аас 88 275 000 төгрөгийг гаргуулж О И ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүгчийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 2015 оны 05-р сарын 13-ны өдрийн 102/ШЗ2015/13103 тоот захирамж, 1379 тоот гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /хх 9-13/ явагджээ.

 

Төлбөр төлөгч Э.Б шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөрийг бүрэн төлснөөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2016 оны 08-р сарын 17-ны өдрийн 719 тоот тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон /хх 29-31/ байна.

 

2002 оны 01-р сарын 10-ны өдөр батлагдаж, 2002 оны 09-р сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83-р зүйлд шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах, 83.2-т ...урамшууллыг ...төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулахаар зохицуулжээ.

 

Төлбөр авагч О И ББСБ нь 2015 оны 05-р сарын 20-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” гэрээг байгуулж 88 275 00 төгрөгийн 2 хувиар тооцож урамшууллыг төлөхөөр /хх 15, 28/ тохирч, 2015 оны 09-р сарын 14-ний өдөр урамшуулалд 1 154 694 төгрөгийг төлсөн /хх 13/ байна.

 

Төлбөр авагч нь 2 хувиар тооцож 1 765 500 төгрөг төлөхөөс зарим хэсэг буюу 1 154 694 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргийн зарим хэсгийг гүйцэтгэсэн ба үлдэх 610 806 төгрөгийг 2016 оны 07-р сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Э.Б төлсөн /хх 13, 32/ байна.

 

Үүнээс дүгнэвэл, нэхэмжлэгчийн “...урамшууллын 1 765 500 төгрөгийг төлж хохирсон” гэх нэхэмжлэлийн шаардлага, тайлбар үндэслэлгүй, нөгөө талаас, урамшууллын зардал төлөх нь хуулиар тогтоосон, гэрээгээр хүлээсэн үүрэг байна.

 

Талуудын байгуулсан 2013 оны 07-р сарын 18-ны өдрийн 13/3027 тоот  “Зээлийн гэрээ”-ний 3.2.7-д зээлдэгч “....урамшууллын төлбөрийг төлөх”-өөр тохирч, 610 806 төгрөгийг төлүүлсэн байх ба төлбөр төлөгч, авагч харилцан тохирч дуусгавар болгосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй  байна.

 

Монгол улсын их хурлын 2017 оны 6-р сарын 09-ний өдрийн хуулиар 2002 оны 01-р сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүчингүй болсонд тооцсон, 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4-р зүйлд 2002 оны 01-р сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ...83-р зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хугацаанд дагаж мөрдөхөөр заасан байх ба төсвийн жил дууссан байна.

 

Энэ хуулийг буцаан хэрэглэх талаар хуульд заагаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118-р зүйлд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд “шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах зардал” гэж тусгагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нотлох баримт бүрдүүлэх зорилгоор нотариатын үйлдэлд 9 500 төгрөгний зардал гаргаж хохирсон гэх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118-р зүйлийн 118.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Б-аас 1 845 200 /нэг сая найман зуун дөчин таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн О И ББСБ ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.    

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА