Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

 

 

 

      2022         06           17                                      2022/ШЦТ/72

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                 Б.Н,  

Улсын яллагч                                   З.Х,

Шүүгдэгч                                           Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2204000560063 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгай  хэсгийн ......тоот хашаанд оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн Б-н Х/РД: /

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны баруун талд хохирогч Л.Т-тай маргалдан нүүрэн тус газарт 1 удаа өвдөглөх, баруун гараараа 1 удаа цохих мөн зүүн гарыг нь хазаж биеийн эрүүл мэндэд нь зүүн гарын 3 дугаар хурууны үзүүр хэсгийн хазагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр найзуудтайгаа хамт “Аяс” караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Үүрийн 04 цагийн үед манай найзын найз охин нь харилаа гэхээр нь тэр охиныг 3 дугаар байр хүртэл дөхүүлж өгчихөөд буцаад “Аяс” караоке руу алхаж явтал ард нэг танихгүй залуу намайг чиглээд ирж байсан ба над дээр ирээд шууд маргаан өдсөн. Би тэр залуутай маргалдаж байгаад хоёулаа маргалддаг газар нь очиж маргалдъя гээд цагдаагийн хэлтэс ойрхон байхаар нь дагуулаад явсан. Тэр болтол бид хоёр зодолдоогүй. Би тэр залуугийн урд гараад алхаж явсан ба нэг мэдэхэд би газар уначихсан, тэр залуу миний дээр гарчихсан байсан. Яг яагаад бид хоёр дээр дороо орсоноо санахгүй байна. Би тэр залууг тэврээд, биедээ наагаад хөдөлгөхгүй байлгаж байгаад хүмүүсээс тусламж гуйж зөндөө орилсон. Тэгээд нэг мэдэхэд би дээр нь гарчихсан байгаад буцаад доор нь орчихсон байсан. Би тэр залуугийн доороос тэмцэлдэж байгаад мултраад цагдаагийн хэлтэс рүү зугтаасан. Хурууг нь хэрхэн яаж хазсанаа санахгүй байна, миний завьж руу гараа хийхээр нь хазсан болов уу гэж бодож байна. Би эмчилгээний зардалд нь 4,600,000 төгрөг өгсөн.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 15-16-р хуудас/,

Хохирогч  Л.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-12, 13-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 107 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 25-28, 71-77-р хуудас/,

Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 78-р хуудас, шүүхэд ирүүлсэн баримт/,

Шүүгдэгч Б.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны баруун талд хохирогч Л.Т-тай маргалдан нүүрэн тус газарт 1 удаа өвдөглөх, баруун гараараа 1 удаа цохих, мөн зүүн гарыг нь хазаж биеийн эрүүл мэндэд нь зүүн гарын 3 дугаар хурууны үзүүр хэсгийн хазагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч Л.Т-гийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Х-ын хохирогчийн зүүн гарын 3-р хурууны үзүүр хэсгийг хазсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:  

- Хохирогч Л.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 02 цагийн үед би Багануур дүүргийн 1-р хороо, 3 дугаар байрны 62 тоотод хадам аав, ээж, охин дээрээ очих гээд тус хорооны 4 дүгээр байрны 3-р орцны харалдаа явж байхад өөдөөс эрэгтэй, эмэгтэй хүн ирсэн. Тэгсэн эрэгтэй нь “намайг таних уу” гэж асуухаар нь би “танихгүй” гэхэд тухайн залуу “намайг Багануурын захын нохой ч андахгүй” гээд намайг 3 болон 4 дүгээр байрны голоор чирж очоод миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгэхэд би нүдээ гараараа дарахад намайг толгой дээрээс цээжээрээ тэвэрчихээд тавихгүй байсан. Бас миний нүүр рүү нэг удаа өвдөглөсөн. Би тухайн залууг түлхээд “би чамайг нэг ч цохиогүй шүү, одоо болъё” гэхэд миний нүүр рүү мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд зүүн гараараа нэг удаа нүүр рүү нь цохьсон. Тэгсэн чинь намайг газар унагаагаад өшиглөөд дээрээс дараад байсан. Тэгээд тухайн залуугаас холдоод гараа харахад зүүн гарын дунд хуруунаас цус гарч байсан. Тэгээд тэр хавиар хурууныхаа хэсгийг хайж байгаад олдохгүй болохоор нь гэрт орж ээж, аавд хэлээд цагдаагийн хэсэг дээр очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 13-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 107 дугаартай: “1.Үзүүлэгч Д.Т-гийн биед зүүн гарын 3-р хурууны үзүүр хэсгийн тайрагдсан шарх, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх 3-р хурууны үзүүр хэсгийн тайрагдсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Х нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч Б.Х-г гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Б.Х-ын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 107 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Л.Т-д 4,600,000 төгрөг төлсөн байх ба /хх-ийн 78-р хуудас, шүүхэд ирүүлсэн баримт/ хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч  Б.Х-г хохирогч Л.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэх  саналтай” гэв.

Шүүгдэгч Б.Х гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй,  шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Б-н Х-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б-ын Х-д  600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Б.Х-д  мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Х-д  тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь гэм хорын хохиролд нийт 4,600,000 /дөрвөн сая зургаан зуун мянга/-н төгрөгийг хохирогч Л.Т-д төлж барагдуулсан болохыг баталж, хохирогч нь цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Б.Х-д холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Х-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН