Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар ШЦТ/2022/74

 

 

 

 

         2022         06           24                                    2022/ШЦТ/74

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                 Б.Н,

Улсын яллагч                                   Г.Б,

Шүүгдэгч                                            Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ч-д холбогдох эрүүгийн 2204000000070 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Их Чонос” ХХК-д орлогч захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэг 34 тоот хувийн байранд оршин суух, 

Багануур дүүргийн Эрүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 8б дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11,520,000 төгрөгөөр торгох ял,

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгуулийн ял

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,500 /хоёр мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ял тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б-н Ч /РД: /

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 19.00 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн 132 дугаар цэцэрлэгийн  урд талд хатуу хучилттай зам дээр Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Ц-н тээврийн хэрэгслийн тэвшин дээр хүүхэд тээвэрлэсэн зөрчлийг арилгуулахаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй маргалдсан, улмаар зөрчлийг таслан зогсоохоор түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг унтраасан албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зүүн шанаан тус газарт нь гараар цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Багануур дүүргийн 2 дугаар хороо “Зам зуур” зоогийн газарт блок буулгаж өгчихөөд буцаад задгай руу явж байхдаа 88-51 УНН улсын дугаартай “HINO Ranger” нэртэй ногоон өнгийн ачааны тээврийн хэрэгслийн тэвшин дээрээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр сургуулийн урд талаас 2 хүүхэд суулгаад Багануур дүүргийн 5 дугаар хороо, Жижиг дунд үйлдвэрлэлийн автобусны буудал дээр буулгаж өгөх гээд явж байтал жижиг дунд үйлдвэрийн 4 замын уулзвар дээр араас цагдаагийн алаг машин ирээд цагаан хоолойгоор “зогс” гэхээр нь уулзвар өнгөрөөд 132 дугаар цэцэрлэгийн урд талын замд замаа чөлөөлөөд зогссон. Тэгээд цагдаагийн машинаас нэг цагдаа бууж ирээд бичиг баримтаа шалгуул гэхээр нь би өгсөн. Цагдаа “Яагаад тэвшин дээр хүүхэд суулгаж яваа юм бэ” гэсэн. Тэгээд хоёр хүүхдийг “буу” гээд нэлээд зандрангуй хэлээд хоёр хүүхэд буусан. Тэгэхээр би цагдаад хандаж “та яагаад 2 хүүхэд зандраад байгаа юм бэ, надад хэлчихэж болно шүү дээ” гэхэд “та яагаад дээрээ хүүхэд суулгаж яваа юм бэ” гэхээр нь “миний буруу” гэсэн. Тухайн цагдаа “та машины кабиндаа чихээд суулгаж болно шүү дээ” гэсэн, тэгэхээр нь би “ялгаа байхгүй, тэгсэн ч цагдаа торгоно шүү дээ” гэсэн. Тэгээд цагдаа намайг “буугаар ир” гээд чанга чанга хашихраад байсан. Намайг машинаас буухад тухайн цагдаа надтай зөрөөд миний машины түлхүүрийг авах гэсэн. Би “чи яахаараа миний түлхүүрийг авдаг юм бэ” гээд гарнаас нь булаахад түлхүүр машины шалан дээр унасан. Тэгэхэд тухайн цагдаа миний зүүн хацар руу гараараа цохисон ба би тэр цагдааг заамдсан. Машинд дотор явж байсан манай ах машинаас бууж ирсэн. Тэр цагдаа станцаараа дуудлага өгөөд намайг цагдаагийн хэлтэст авч ирсэн. Би гаргасан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 42, 105-р хуудас/,

Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7, 10-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар  сарын 19-ний өдрийн 244 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 46-72, 74-98-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ч-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.7 дахь заалтад “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн жолоодож яваа гэх үндэслэлтэй” бол тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, 25 дугаар зүйлийн 25.1.9 дэх заалтад “хуульд заасан журмын дагуу тээврийн хэрэгслийг түр зогсоосон бол тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүний жолоодох эрхийн үнэмлэх, зөвшөөрлийг шалгах” гэж, мөн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.  

Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 19.00 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн 132 дугаар цэцэрлэгийн урд талд хатуу хучилттай зам дээр Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Ц-н тээврийн хэрэгслийн тэвшин дээр хүүхэд тээвэрлэсэн зөрчлийг арилгуулахаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй маргалдсан, улмаар зөрчлийг таслан зогсоохоор түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг унтраасан албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зүүн шанаан тус газарт нь гараар цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл гаргасан болох нь:

-  Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 19 цаг өнгөрч байхад Багануур дүүргийн 4 дүгээр хороо жижиг дунд үйлдвэрийн гэрлэн дохион дээр 88-51 УНН улсын дугаартай ногоон өнгийн “HINO ranger” маркийн тээврийн хэрэгсэл тэвшин дээрээ 2 хүүхэд суулгачихсан явж байхаар нь зогсоосон. Би очоод тэвшин дээр байсан хоёр хүүхдийг “машин дээрээс буу, хүн ингэж тээврэлэхгүй, тээвэрлэх гэж байгаа бол  дотроо суулгаад яв” гэхэд жолооч “дотроо дөрөв, тавуулаа чихээд явах юм уу, хуцна биз, чи бас” гэхээр нь би жолоочийг буугаад ир гэхэд буухгүй байхаар нь жолооч талынх нь хаалгыг онгойлгосон. Тэгэхэд жолооч нь буугаад ирэхээр нь “машины аюулгүй байдлыг бодоод тээврийн хэрэгсэлийг унтраахад түлхүүр нь машины шалан дээр унасан. Тэгэхээр нь би авах гэхэд жолооч надтай түлхүүрээ булаацалдаад, миний зүүн шанаа хэсэг рүү гараараа цохисон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

- Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “..2022 оны 5 дугаар сарын 14-ний орой 19 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хороо 64 дүгээр сургуулийн харалдаа Б.Ч-ийн хүү Ч.Б, найзтайгаа машины тэвшин дээр суусан. Тэгээд 4 дүгээр хорооны жижиг дундын 4 замын уулзварт цагдаагийн машин ирж зогсоогоод цагдаа бууж ирээд тэвшин дээр байсан хоёр хүүхдийг “та хоёр буу” гэсэн. Тэгсэн чинь Б.Ч “чи яагаад хүүхэд зандчаад байгаа юм бэ” гээд цагдаа, Ч хоёр муудалцсан. ....хоорондоо заамдалцсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Камерийн бичлэгт  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7, 10-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар  сарын 19-ний өдрийн 244 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 46-72, 74-98-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ч-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 73-р хуудас/

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд Б.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан  хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Б.Ц нь энэ хэрэгт холбогдуулан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Ч-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.                

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ч-ийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тус ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчилж төлүүлэх саналтай.” гэв.

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван  сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг СиДи бичлэгийг хавтаст хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Ч-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б-ийн Ч-д 3,000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 3,000 /гурван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Ч-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Ц нь энэ хэрэгт холбогдуулан хохирол төлбөргүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дугаар заалтад тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Б.Ч-н  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН