Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2023/0747

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.С-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, П.А

Нэхэмжлэлийн шаардлага: Ш-н захирлын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/386 дугаар тушаалаар С.С-н төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг зогсоосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 11 дүгээр сараас 2023 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл цалин 5.030.283 төгрөгийг улсын төсвөөс гаргуулах, энэ хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх, цаашид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохыг Ш-даалгах тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0743 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, Г.Ц

Хариуцагчийн өмгөөлөгч С.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0673/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.С нь Ш-н захирлын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/386 дугаар тушаалаар С.С-н төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг зогсоосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 11 дүгээр сараас 2023 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл цалин 5.030.283 төгрөгийг улсын төсвөөс гаргуулах, энэ хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх, цаашид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохыг Ш даргад даалгах”-аар маргажээ.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0743 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.2.3, 57.2.4, 57.7, 57.8, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.С-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шзахирлын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/386 дугаар тушаалаар С.С-н төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг зогсоосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 11 дүгээр сараас төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацаагаар тооцож олгуулж, ажил олгогчоор эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, цаашид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохыг даалгаж шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Шүүхийн шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 57.2.2, 57.2.3, 57.2.4 дэх хэсгийг дэлгэрүүлэн, буруу тайлбарлаж, төрийн тусгай албанд 5 жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байгаа С.С-т төрд ажилласан удаан жилийн нэмэгдлийг нөхөн олгохоор шийдвэрлэсэн нь төрийн байгууллагыг санхүүгийн хүндрэлд оруулж байгаа ба С.С-той ижил хэмжээнд ажилласан 200 орчим ажилтан, албан хаагчдын эрх зүйн байдлыг хөндөх нөхцөл байдлыг бий болгосон. Тус байгууллага нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч бөгөөд тус байгууллагын алба хаагч, шинжээч, мэргэжилтэн нь “төрийн тусгай албан хаагч” байхаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасан. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь хэсэгт “Тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс бүрдэнэ” гэж хуульчилсан.

3.2. Энэхүү заалтыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Засгийн газрын 1999 оны 211 дүгээр тогтоолын хавсралт, Онцгой байдлын байгууллага Засгийн газрын 2005 оны 77 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Цагдаагийн байгууллага Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасныг үндэслэн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгож байна. Тус байгууллагын албан хаагчид цагдаагийн дүрэмт хувцас, цол хэрэглэдэг бөгөөд Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-аар төрийн тусгай алба хаагч нарт 5-10 жилийн хугацаанд ажилласан бол 10 хувийн, 11-17 жилийн хугацаанд ажилласан бол 15 хувь, 18 ба түүнээс дээш жилийн хугацаанд ажилласан бол 20 хувийн нэмэгдлийг олгодог бөгөөд энэхүү хугацаанд зөвхөн төрийн тусгай албанд ажилласан хугацааг оруулан тооцохыг 4 дэх хэсэгт тусгасан тул уг журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

3.3. Төрийн албаны зөвлөлөөс Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/1169 албан бичигт ... Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний газрын шинжээч С.С-т Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолын 1 дугээр хавсралтаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам’’-ыг үндэслэн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байна. Төрийн албаны тухай хуулийн 57.7, 57.8 дахь хэсэгт заасны дагуу төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж буй алба хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацааг адилтгах, дүйцүүлэх зохицуулалт байхгүй болно” гэжээ.

3.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/386 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.С-т нэмэгдэл олгохыг зогсоосон шийдвэрийг ямар нэгэн эрх зүйн зөрчилгүй акт болохыг тогтоож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0743 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.С-н нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч С.С-с Ш газрын даргад  холбогдуулан  Ш захирлын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/386 дугаар тушаалаар С.Содномцогийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг зогсоосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, 2020 оны 11 дүгээр сараас 2023 оны 08 дугаар сар хүртэлх хугацааны төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл цалин 5.030.283 төгрөгийг улсын төсвөөс гаргуулах, энэ хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх, цаашид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохыг Ш даргад даалгах-аар маргасан байна.

2.2. Анхан шатны шүүх ... Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор батлагдсанаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн хувьд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл нь аль ангиллын албан хаагч байхаас, аль ангиллын албыг тухайн хугацаанд хааснаас үл хамаараад ижил хувь хэмжээтэй байх бөгөөд нэхэмжлэгч С.С нь маргаанд хамаарах төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг зогсоосон 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэр гарах үед төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаасан 16 жил 7 сар болон төрийн тусгай алба хаасан 1 жил, 1 сар, нийт 17 жил, 8 сар төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг үндсэн цалингаас 16 хувиар бодож авахаар байжээ. Гэтэл төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг төрийн тусгай албанд ажилласан хугацаагаар хязгаарлан олгохоос татгалзаж, нэмэгдлийг хасаж шийдвэрлэсэн нь төрийн албан хаагчийн төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс, нийгмийн баталгаагаар хангагдах үндсэн эрхийг хууль бусаар зөрчжээ ... төрийн тусгай алба хашиж буй нь өмнө төрийн бусад байгууллагад төрийн бусад ангиллаар буюу төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаалыг эрхэлж байсан хугацаанд хамаарах, нэмээд одоо ажиллаж буй төрийн тусгай алба хашсан хугацаанд хамаарах, төрийн алба хаасан нийт хугацааны нэмэгдлийг тооцуулан авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2.3. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.С нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор 1998 оны 8 дугаар сараас 2007 оны 2 дугаар сар хүртэл, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрт ерөнхий нягтлан бодогчоор 2007 оны 2 сараас 3 дугаар сар хүртэл, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологийн мэдээллийн төвд ерөнхий нягтлан бодогчоор 2007 оны 3 дугаар сараас 2009 оны 9 дүгээр сар хүртэл, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн Мониторингийн тасгийн мэргэжилтнээр 2009 оны 9 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сар хүртэл төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан үүргийг 16 жил 7 сар эрхэлсэн. Улмаар Ш-д 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б/394 дүгээр тушаалаар эдийн засгийн шинжээчээр томилогдон төрийн тусгай алба хашиж эхэлсэн, одоогоор 5 дахь жилдээ ажиллаж байгаа нь болох нь тогтоогдож байна.

2.4. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7-д “төрийн захиргааны албан хаагчид нэмэгдэл олгох журам, хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, 57.8-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, 57.12-т “Төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгоно” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 382 дугаар тогтоол батлагдаж, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн хувьд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл нь аль ангиллын албан хаагч байхаас, аль ангиллын албыг тухайн хугацаанд хааснаас үл хамаараад ижил хувь хэмжээтэй байх бөгөөд нэхэмжлэгч С.С нь маргаанд хамаарах төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг зогсоосон 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/386 дугаар тушаал гарах үед төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаасан 16 жил 7 сар болон төрийн тусгай алба хаасан 1 жил, 1 сар, нийт 17 жил 8 сар төрийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг үндсэн цалингаас 16 хувиар бодож авахаар, энэ нэмэгдлийн хувь хэмжээ жил бүр 1 хувиар нэмэгдэж, тухайлбал 18 дахь жилд 17 хувь, 19 дэх жилд 18 хувь, 20 дахь жилд буюу 2023 онд 19 хувиар бодож авахаар байна.

2.5. Гэтэл маргаан бүхий Ш захирлын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/386 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааны 15 хувийн нэмэгдлийг төрийн тусгай албанд ажилласан хугацаагаар хязгаарлан зогсоож байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “төрийн алба” гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг, 3.1.2-д “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” гэж, 3.1.3“чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг” гэж, 57 дугаар зүйлийн 57.1-д “төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж, 57.2-д “төрийн албан хаагчийн цалин хөлс” гээд 57.2.2 “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс”, 57.2.3 “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс”, 57.2.4 “үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс тус тус бүрдэнэ гэж заасныг тус тус зөрчжээ.

2.6. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг зогсоосноор төрийн албан хаагчийн төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангагдах, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, урамшуулах үндсэн эрхийг нь ноцтой зөрчсөн байна.

2.7. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ... Тус байгууллагын албан хаагчид цагдаагийн дүрэмт хувцас, цол хэрэглэдэг бөгөөд Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-аар төрийн тусгай алба хаагч нарт 5-10 жилийн хугацаанд ажилласан бол 10 хувийн, 11-17 жилийн хугацаанд ажилласан бол 15 хувь, 18 ба түүнээс дээш жилийн хугацаанд ажилласан бол 20 хувийн нэмэгдлийг олгодог бөгөөд энэхүү хугацаанд зөвхөн төрийн тусгай албанд ажилласан хугацааг оруулан тооцохыг 4 дэх хэсэгт тусгасан тул уг журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэх давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

2.8. Хэдийгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1605 дугаар албан тоотоор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолын дагуу шүүхийн шинжилгээний байгууллагын албан хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох ёстой гэх хариу өгсөн боловч маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолд зааснаар тооцон олгож болохоор байх тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

2.9. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ