Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн

            Улсын яллагч А.Нямсүрэн

           Хохирогч Ц.Хулан

Шүүгдэгч Ж.Золзаяа түүний өмгөөлөгч Ж.Дорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар  Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Золзаяад холбогдох 2016 2503 1492 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, ээж, өвөө, дүү хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Дэнжийн 41-540 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ХК84122709 тоот регистртэй, Боржигон овогт Жаргалсайханы Золзаяа.

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Ж.Золзаяа нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-р гудамж 540 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Хуланг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгнө гэв. Тухайн үед наадам болох гэж байсан болохоор миний дүү намайг хонины мах авчих гэж хэлсэн. Тэгээд би нөхөртэйгөө явж байтал хохирогч, Цэндийн ээжтэй хэсэг хүмүүстэй гудамжинд архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би нөхөртөө наад хүмүүсийн салхин доогуур гарах юм бол бузартана гэж хэлсэн. Тэгтэл тэр үгийг Хулан сонсчихоод маргалдаад эхэлсэн тэгээд би нөхөртэйгөө тоохгүй яваад өгсөн. Тэгээд гэртээ байж байтал хашааны хаалга уг нь түгжээтэй байсан. Тэгтэл гэрийн амбаарын хаалга цохиод байсан гайхаад хаалга онгойлоход Цэнд бас өөр нэг

залуутай байсан. Тэгээд гараад ирэнгүүт  Цэнд миний үснээс зулгааж доош нь дарсан. Тухайн үед би Цэндийн жоохон дүүтэй ерөөсөө тааралдаагүй, урд өдөр  дүү нь хашааны хаалга онгойлгоод байхаар нь загнасан тэр асуудалд өс санасан байх. Тухайн үед би архи уусан байсан Цэндээтэй зодолдож байгаад салсан чинь Цэндээ хашаа даваад зугтаахдаа чамайг цагдаад өгнө гээд байсан. Хулан тэгтэл манай амбаарын хавьд сууж байхаар нь хөөж гаргаад Хуланг цохисон гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч Ц.Хулан  мэдүүлэхдээ: Тухайн өдөр сонгууль болох гэж байгаа учраас 100.000 төгрөг банкнаас аваад гэрийнхээ цавгийг захаас авсан. Тэгээд гудамжаар явж байтал Пүүжээ эгч хэсэг хүмүүстэй сууж байхаар очиж уулзсан. Тэгтэл Золоо эгч нөхөртэйгөө явж байхаар нь “Сайн уу Золоо эгчээ гэж мэндэлтэл миний сайн муу чамд ямар хамаатай юм бэ янхан минь гэж хэлсэн. Би тэгэхээр нь “Билгүүний дэвсгэр минь” гэж Золоо эгчийг хэлсэн. Тэгээд салаад явсан би нөхөртэйгээ Цэндээ эгчтэй манай гэрт нэг шил архи уусан. Тэгтэл миний нөхөр унтаад өгөхөөр нь гараад Цэндээ, Базараа нартай Золоогийн гэр рүү явсан. Би тухайн үед Золоо эгчийн гэрт ороогүй гадаа байж байхад Цэндээгийн дүү уйлаад гараад ирсэн. Би Цэндийг хайхаар Золоо эгчийн хашаа руу ортол Золоо эгч үгийн зөрүүгүй мод барьж гарч ирээд миний гар руу цохисон. Тэгтэл миний гар хугарчихлаа гэж хэлээд доошоо суутал Базараа ах намайг хашаанаас татаж гаргаад цагдаа дуудсан. Би гартаа хагалгаанд орох ёстой байсан боловч мөнгө байхгүй учраас хагалгаанд орж чадаагүй. Би шүүгдэгчээс 300.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна гэв.

 

            Гэрч О.Отгонцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 07 дугаар 09-ний орой гэртээ хүүхдээ агаар салхинд гаргаад сууж байсан чинь Хулан согтчихсон, Цэндээ эрүүл хүрч ирээд манай хашааны урд байх хөрш Золзаяагийн хашааг Цэндээ давж байгаад модыг нь хугалсан.Тэгээд Цэндээ Золзаяагийн хашааг давж ирээд хашааны хаалгыг нь онголохтол Хулан Базраа 2 Золзаяагийн хашаанд орж ирсэн.Цэндээ Золзаяагийн үүдний амбаарыг цохитол Золзаяа гарч ирээд хоорондоо муудалцаж байгаад зодоон болж эхэлсэн.Золзаяагийн нөхөр нь Базараатай барилца аваад зогсож байсан.Тэр 2 хоорондоо зодолдож харагдаагүй. Тэгтэл Золзаяа нэг газраас прүүс мод аваад Цэндийг хөөтөл Цэнд дээд талын айлын хашааг давж зугтаагаад манай хашаанд ороод ирсэн. Тэгсэн Золзаяагийн хашаанд Хулан согтуу болохоор нь ганцаараа үлдчихсэн чинь Золзаяа бариж байсан модоороо Хуланг цохиж байсан.Яг хашаа гэдгийг нь мэдэхгүй байна.Нилээд хэдэн удаа цохиж байсан.Тэр үед бороо дуслахаар нь би хүүхдээ аваад гэртээ орчихсон.

 

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Цэнд мэдүүлэхдээ: Би 2016-07-08-ны өдөр 12 настай манай дүү Отгонжаргалыг хойд айлын Золзаяа "Янхан минь танайд хоолны мах байгаа юу, байхгүй бол эгч нь бүтэн хонины мах өгөх үү" гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би ямар нэгэн юм болголгүй зүгээр орхисон юм. Тэгээд маргааш нь манай дүү Отгонжаргал, манай хүүхэд бид нар Золзаяагийн ар талын Батмөнх эгчийнд байж байгаад Отгонжаргалыг усаа аваад ир гээд гаргасан чинь хэсэг хугацааны дараа Отгонжаргал "Золзаяа эгч намайг эцэггүй гээд байна" гэсээр уйлаад ороод ирэхээр нь би гараад хартал Золзаяа хашаа нь дотроо байж байхаар нь би "чи юу гээд байгаа юм бэ хүүхэд" гэтэл Золзаяа "Чамд ямар хамаатай юм бэ, чаддаг юм бол ороод ир гичий минь" гэхээр нь Базарааг дуудаад хамт хашаанд нь орсон... Нөхөр нь байсан болохоор би Базараа ахыг хань татаж орсон юм. Хашаанд ороод би Золзаяатай маргалдаж байтал Золзаяа намайг цохиод авахаар нь би үснээс нь зулгааж байгаад тавьтал Золзаяа шууд мод бариад авахаар нь би хашаанаас нь гараад явсан юм. Золзаяа "зайлцгаа" гэж орилоод Хуланг цохисон байсан... Би тухайн үед яг яаж цохисныг нь хараагүй ч яг цохисон гэснийх нь дараа нь очтол Хулангийн гар нь шуугаараа мурийчихсан байсан. Тэгээд цагдаа нар ирсэн.

Энэ 2 нэг дорын хүмүүс байж хоорондоо таарамж муутай болохоор хоорондоо нээх харьцаад байдаггүй гэсэн мэдүүлэг. /хх-14-15/

 

Мөрдөн байцаалтанд гэрч З.Батбаярын гэсэн мэдүүлэг: Би 2016-07-09-ний өдөр эхнэр Золзаяа, өвөө Бажиг нартай хамт 0.75 литрийн нэг шил архи ууж дуусаад 2 дахь 0.5 литрийн шилтэй архи ууж байтал амбаарын хаалга хүн нүдэн Золзаяа хаалга онгойлгохоор явтал цаашаагаа хүнтэй маргалдаад явчихсан араас нь гартал манай үүдний амбаарт нэг залуу зогсож байхаар нь би юу хүн яах гэж байгаа юм, алив гар гээд тэр залуутай зууралцаад хамт газрын уруу өнхрөөд унасан. Тэгээд би босоод иртэл хашаанд баахан танихгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс ороод ирчихсэн хараад зогсож байсан. Нэг эмэгтэй манай эхнэртэй зууралдаад байж байсан. Би тэр хоёрыг салгаад нөгөө хүмүүсийг хөөж гаргаад хашааны хаалгыг түгжсэн. Тэгээд дотогшоо буцаж ороод архи уунгаа болсон явдлын "талаар яриад байж байтал цагдаа нар ирээд Золзаяаг аваад яваад өгсөн. Би Хуланг хэн цохисныг хараагүй. Манай хүү Тамираа хэлэхдээ "ээж мод барьж гараад Хулан эгчийг модоороо цохисон" гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-17-18/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9752 тоот дүгнэлтэнд:

1.Ц.Хулангийн биед зүүн шуу, богтос ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, баруун нүдний дотор булан, баруун бугалганд цус хуралт, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." /хх-10/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹9752, гэрчийг байцаасан тэмдэглэл хх-14, ял шалгах хуудас хх-33, зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтууд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба уг хэрэгт шууд хамааралтай тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Ж.Золзаяа нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-р гудамж 540 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Хуланг зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч Ц.Хулангийн өгсөн…би Цэндийг хайхаар Золоо эгчийн хашаа руу орсон...тэгтэл Золоо эгч үгийн зөрүүгүй мод барьж гарч ирээд миний гар руу цохисон..тэгтэл миний гар хугарчихлаа гэж хэлээд доошоо суутал Базараа ах намайг хашаанаас татаж гаргаад цагдаа дуудсан…гэрч О.Отгонцэцэгийн өгсөн…Золзаяа нэг газраас прүүс мод аваад Цэндийг хөөтөл Цэнд дээд талын айлын хашааг давж зугтаагаад манай хашаанд ороод ирсэн…тэгсэн Золзаяагийн хашаанд Хулан согтуу болохоор нь ганцаараа үлдчихсэн чинь Золзаяа бариж байсан модоороо Хуланг цохиж байсан…яг хашаа гэдгийг нь мэдэхгүй байна…нилээд хэдэн удаа цохиж байсан…гэрч Г.Цэндийн өгсөн…Отгонжаргал “Золзаяа эгч намайг эцэггүй гээд байна” гэсээр уйлаад ороод ирсэн…чи юу гээд байгаа юм бэ хүүхэд гэтэл…Золзаяа чамд ямар хамаатай юм бэ…чаддаг юм бол ороод ир гичий минь гэсэн…би Базараа ахыг татаж орсон…Золзаяа намайг цохиод авахаар нь би үснээс нь зулгааж  байгаад тавьтал Золзаяа шууд мод бариад авхаар нь би хашаанаас нь гараад явсан гэсэн мэдүүлэг хх-14-15, гэрч З.Батбаярын өгсөн…би Хуланг хэн цохисныг хараагүй…манай хүү Тамираа хэлэхдээ…ээж мод барьж гараад Хулан эгчийг модоороо цохисон гэсэн мэдүүлэг хх 17-18, шүүх эмнэлгийн шинжээчийн …Ц.Хулангийн биед зүүн шуу, богтос ясны дунд 1/3 хэсгийн далд хугарал, баруун нүдний дотор булан, баруун бугалганд цус хуралт, уруулд зулгаралт гэмтэл, дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн 9752 тоот дүгнэлт зэргээр болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

  Мөрдөн байцаалтын үед цугларсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу зөвшөөрөгдсөн арга хэлбэрээр авагдсан байх тул дээрхи баримтуудыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.       

 

  Шүүгдэгч Ж.Золзаяа нь хохирогчид 85.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Ц.Хулан нь цаашид гарах эмчилгээ сувилгааны зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.     

 

Шүүгдэгч Ж.Золзаяагийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокуророос эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэхь хэсгээр яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Золзаяаг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Золзаяаг ял шийтгэхдээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгт үйлдэж учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн,  гэм хорын хохирол арилсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.