Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0782

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 15 өдөр               Дугаар 128/ШШ2020/0782                   Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.С

Хариуцагч: БЗДНДХ

Нэхэмжлэлийн шаардлага: “Ш.С ын өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ш.С-ын өндөр насны тэтгэврийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн тогтоож олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгч Ш.С, онлайнаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Б.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ш.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.С би 1991 онд Улаанбаатар хотод Хууль цаазын дунд сургууль төгсөж улмаар 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр БНМАУ-ын Прокурорын 3/213 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Хяналтын прокуророор томилогдон ажиллаж байгаад Монгол Улсын Их сургуульд суралцах болсон тул Монгол улсын Ерөнхий прокурорын 1993 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/323 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болно.

Монгол Улсын Их сургуулийг төгсөж Монгол Улсын Ерөнхий прокурорын 1996 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 27 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн Прокурорын газарт туслах прокуророор томилогдон ажилласан. Монгол Улсын Ерөнхий прокурорын 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 375 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн Ерөнхий прокуророор, 2003 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Ерөнхий прокуророор, 2005 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокуророор, 2010-2015 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хяналтын прокуророор, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2 дугаар прокурорын газрын Тамгын хэлтсийн даргаар, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс Нийслэлийн Прокурорын газрын  Тамгын хэлтсийн даргаар, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс Улсын ерөнхий Прокурорын газрын Тамгын газар орлогч прокуророор, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс Нийслэлийн Прокурорын газарт Тамгын хэлтсийн даргаар ажиллаж айгаад 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/259 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Миний бие 59 настай ба Прокурорын байгууллагад 26 жил 10 сар ажилласан бөгөөд Монгол улсын Прокурор тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсвэл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн заалтыг үндэслэн тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан боловч хүлээн авах боломжгүй “Манай үйлчилгээ хариуцсан тамгын дарга Гэрэлцэцэгтэй уулз” гэсний дагуу уулзахад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул хүлээн авах боломжгүй та шүүхэд ханд” гэсэн.

Миний бие тус Нийгмийн даатгалын хэлтсийн тамгын дарга Гэрэлцэцэг материал хүлээн авахгүй боломжгүй гэсэн албан бичиг өгөөч гэхэд шаардлагагүй танай прокурорууд шүүхээр тогтоолгож байгаа гэсэн хариу өгсөн” гэжээ.

Хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Шагдарын Сүхбат нь нэхэмжлэлдээ 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст “Прокурорын тухай” хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Гэсэн заалтыг үндэслэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт өгсөн гэжээ.

 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалтад прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул Ш.Сүхбатын ажилласан хугацаагаар 60 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Ш.Снь анх “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд Прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзалгүйгээр тэтгэвэр тогтоолгох хуулийн заалт байхгүй гэсэн хариу өгсөн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Харин нэхэмжлэгч Ш.Снь шүүх хуралдаанд “Ш.С ын өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ш.С ын өндөр насны тэтгэврийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн тогтоож олгохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий прокурорын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Прокурорыг ажлаас чөлөөлж, тэтгэвэр тогтоох, буцалтгүй тусламж олгох тухай” Б/259 дүгээр тушаалаар Ш.С ыг Нийслэлийн прокурорын газрын ахлах прокурор, Тамгын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Хэрэгт цугларсан баримтууд /ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдийн хуулбарууд гэх мэт/-аас үзэхэд нэхэмжлэгч Ш.С нь прокурорын байгууллагад буюу прокуророор 26 жил 9 сар гаруй хугацаанд ажилласан байна.

Прокурорын тухай хуулийн 60.3-д “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасан 55 насанд хүрсэн эрэгтэй болон эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл гэсэн 2 болзол шалгуурын аль алийг нь хангасан гэсэн агуулгаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Хариуцагч нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул Ш.Сү  ажилласан хугацаагаар 60 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж тайлбарлаж байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтаас үзвэл Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэхээр байна.

Прокурорын эрх зүйн байдлыг Прокурорын тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан байх ба тус хуулийн 60.3-д “... 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан ба энэхүү Прокурорын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тодруулбал, Прокурорын хуулийн 60.3-д “... 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж прокурор өндөр насны тэтгэвэрт тогтоолгох болзол, шалгуурыг нарийвчлан зохицуулсан, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байх тул тус хуулийн 60.3-д заасны дагуу нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

  Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш.С өндөр насны тэтгэврийг тогтоохгүй байгаа БЗДНДХ эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ш.Сүхбатын өндөр насны тэтгэврийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн тогтоож, зохих журмын дагуу олгохыг БЗДНДХ хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан Ш.С ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, БЗДНДХ 70200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                           М.БАТЗОРИГ