Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 378

 

МАГАДЛАЛ

 

2017.02.03                                               Дугаар 378                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Агь трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06910 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Агь трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Капиталпропертис” ХХК, “Наран трейд” ХХК нарт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 989 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Баярхүү,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2014 оны 8 сарын 27-ны өдөр МАГ/14/08/28-1 тоот "Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх” гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр “Агь трейд” ХХК нь “Наран трейд” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Наран плейс” төсөлд ОХУ-д үйлдвэрлэгдсэн ган хоолой, цайрдсан ган хоолойг “Капитал Пропертис” ХХК-ийн захиалсан тоо хэмжээгээр нийлүүлэх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай хандаж захиалсан бараа бүтээгдэхүүнийг хугацаанд нь бүрэн нийлүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр гэрээний нийт үнэ 79 229 427 төгрөг боловч нийлүүлсэн барааны үнэ 67 204 800 төгрөг болсон. Энэхүү үнийн дүнгийн 90 хувийг бэлнээр буюу нэхэмжлэгч талын дансанд шилжүүлж үлдсэн 10 хувийг бартераар төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч нарын зүгээс гэрээний үнийн дүнгийн 90 хувийг төлсөн болно. Харин бартераар төлөх 10 хувийг өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулсангүй. Хариуцагч нарын зүгээс бартераар барааг шилжүүлсэн болно. Үүнд, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1 655 680 төгрөгийн үнэ бүхий чемодан, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 449 000 төгрөгийн үнэ бүхий цүнх, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 72 500 төгрөгийн үнэ бүхий бэлэг, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 159 000 төгрөгийн үнэ бүхий куртик мөн сүүлд 1 394 500 төгрөгт бараа авч нийт 3 373 600 төгрөгийн бараа авсан болно. Нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл    2 989 800 төгрөгт гэрээний дагуу бартераар бараа авах сонирхолтой байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2 989 800 төгрөгийн үнэ бүхий хөргөгч, угаалгын машиныг авахаар болсон. Энэхүү хөргөгч, угаалгын машиныг шинээр ашиглалтад орж байгаа орон сууцанд зориулан сонгосон бөгөөд байраа бэлэн болтол бараагаа хадгалуулж байж болох уу хэмээн “Наран эло” ХХК-гийн ажилтнаас асуухад болно оо хэмээн утсаа бичиж үлдээн авах үедээ залгаарай гэсэн. Ийнхүү бартераар авах бараагаа авахаар 2016 оны 6 сард очиход хариуцагчийн зүгээс '‘танай сонгосон барааг манай ажилтан шамшигдуулсан юм шиг байна. Хоёр хоногийн дараа хүрээд ир бид зохицуулаад өгнө” гэсэн. Хоёр хоногийн дараа буюу 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр очиход хариуцагчийн зүгээс бид хариуцлага алдсан ажилтнаа шүүхэд өгнө, тэр ажилтнаасаа хохирлоо барагдуулсны дараа танай асуудлыг шийдвэрлэнэ хэмээн гэрээнийхээ үүргийг биелүүлэхээр үндэслэлгүйгээр татгалзсан болно. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээнийхээ дагуу төлбөрөө бартераар авах эрхтэй. Харин хариуцагч нь гэрээний дагуу төлбөрийн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Компанийн дотоод асуудлаасаа болж харилцагч компанийнхаа өмнө хүлээсэн үүрэгтээ хүндэтгэлгүй хандаж байгаад харамсаж байна. Бидний зүгээс асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх гэж үзсэн боловч хариуцагч нарын зүгээс өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлсэнгүй. Иймд хариуцагч нараас талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2 989 800 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагч “Капиталпропертис” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай компани тус компанитай 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 27МАГ/14/08/28-1 тоот Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд захиалагчийг төлөөлөн гэрээний 1.1-т заасны дагуу нэхэмжлэгчид шаардлагатай хэмжээний ган хоолойг захиалах, мөн тооны хэмжээний материалыг хүлээн авах үүрэг хүлээн гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.1-т гэрээний төлбөр 79 229 427 байхаар харилцан тохиролцож, үүнээс гэрээний 3.3-т "...90 хувийг буюу 67 204 800 төгрөгийн хөрөнгө оруулалтыг бэлнээр, үлдэх 10 хувийн төлбөрийг бартераар төлөх үүргийг” гэрээний хөрөнгө оруулагч тал хүлээсэн. Манай компанийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно. Харин гэрээний үлдэгдэл 2 989 800 төгрөгийн үнийн дүнд “Наран трейд” ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд хэлцэл хийгдсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Наран трейд” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч “Наран трейд” ХХК-ийн зүгээс “Агь трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Манай компани тус компанитай 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 27МАГ/14/08/28-1 тоот Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд хөрөнгө оруулагчийг төлөөлөн нэхэмжлэгчид гэрээний 3.1-т заасны дагуу гэрээний нийт төлбөр 79 229 427 төгрөгийн төлбөрөөс гэрээний 3.3-т 90 хувийг буюу 67 204 800 төгрөгийн хөрөнгө оруулалтыг бэлнээр, үлдэх 10 хувийн төлбөрийг бартераар төлөх үүргийг хүлээн гэрээ байгуулсан. Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж төлбөрийг бэлнээр болон бартераар гэрээнд заасан хугацаандаа шилжүүлсэн. Нэхэмжлэгчид гэрээний үлдэгдэл 2 989 800 төгрөгийн барааг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Бараа хүлээлцсэн №1 актын дагуу RL55TTE2A хөргөгч 1 899 900 төгрөг, WF702U2BBWQ угаалгын машиныг 1 089 900 төгрөгөөр тус тус тооцон нийлүүлсэн. Бараа хүлээлцсэн №1 актыг байгуулахад “Агь трейд” ХХК-ийн захирал Д.Саранцэцэг, менежер Б.Мөнхчин нар байлцан барааг хүлээн авсан. Тус компани 2015 оны 10 дугаар сарын      15-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тус цахилгаан бараануудыг мэдүүлсэн байдаг. Мөн Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.2-т “Худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн хүсэлтээр гэрээнд зааснаас өөр газар хүргүүлэхээр илгээсэн бол тухайн эд хөрөнгийг тээвэрлэгчид, эсхүл эрх бүхий этгээдэд шилжүүлсэн үеэс худалдан авагчид үр шим, эрсдэл нь шилжинэ гэж заасны дагуу Бараа хүлээлцсэн №1 актаар нэхэмжлэгчид цахилгаан барааг шилжүүлсэн тул манайх хариуцах үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгад дурдаж буй шиг бартерын цахилгаан барааг хадгалалт, хамгаалалтын харилцаа бидний дунд огт үүсээгүй. Хэрвээ худалдсан эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээсэн бол Бараа хүлээлцсэн №1 актаас гадна өөр хэлцэл эсхүл гэрээ байгуулагдах байсан. Үүнийг нотлох баримт байдаггүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хариуцагч “Наран трейд” ХХК, “Капиталпропертис” ХХК нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 989 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Агь трейд” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 787 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч нар нь гэрээний дагуу нийт үнийн дүнгийн 90 хувийг бэлнээр буюу нэхэмжлэгч талын дансанд шилжүүлж үлдэх 10 хувийг бартераар төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс бартераар нийт 3 373 600 төгрөгийн барааг хариуцагч нараас бодитоор авсан бөгөөд 2 989 800 төгрөгийн бараа авах дутуу байсан. Энэхүү үнэд таарсан хөргөгч, угаалгын машин авахаар тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бараа хүлээлцсэн акт байгуулж тооцоо нийлсэн. Харин тооцоо нийлсэн хөргөгч, угаалгын машин хоёрыг нэхэмжлэгч тал бодитоор хүлээж аваагүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс "...хариуцагч “Наран трейд” ХХК, Капиталпропертис ХХК нар 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Бараа хүлээлцсэн акт-1" үйлдэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь актад дурдсан 2 989 800 төгрөгийн үнэ бүхий барааны үнийг хариуцагч нараас шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь шүүх хуралдааны явцад “Агь трейд” ХХК нь 2 989 800 төгрөгийн барааг бодитоор хүлээн аваагүй, хариуцагч нар тус барааг бодитоор хүлээлгэн өгөөгүй гэсэн маргаан үүссэн. Энэхүү үйл явдлыг мэдэх гэрчийг шүүх хуралдаанд оролцуулж тухайн барааг “Агь трейд” ХХК бодитоор аваагүй гэдгийг ч нотолсоор байхад шүүхийн зүгээс хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ буюу 2 989 800 төгрөгийн барааг хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа. Ц.Баттуяа, Д.Эрдэнэ нарыг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан. Шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 31882 дугаар бүхий захирамж гарган хүсэлтийг шийдвэрлэхдээ Ц.Баттулга, Д.Эрдэнэ нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Ц.Баттуяаг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүхийн зүгээс процессын алдаа гаргаж Ц.Баттулга гэдэг хүнийг гэрчээр оролцуулах захирамж гаргасан нь Ц.Баттуяаг гэрчээр оролцуулах боломжгүй болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Агь трейд” ХХК нь хариуцагч “Капиталпропертис” ХХК, “Наран трейд” ХХК-д тус тус холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 989 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан МАГ/14/08/28-1 тоот "Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх” гэрээгээр нэхэмжлэгч нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн ган хоолой, цайрдсан ган хоолойг “Капиталпропертис” ХХК-ийн захиалсан тоо хэмжээгээр “Наран трейд” ХХК-д нийлүүлэх үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн, гэрээний үнэ 79 229 427 төгрөгийн үнийн 90 хувийг бэлнээр, 10 хувийг бартераар төлөхөөр харилцан тохиролцсон, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2 989 800 төгрөгийн үнэ бүхий хөргөгч, угаалгын машиныг талууд хүлээлцсэн акт үйлдэж, гарын үсэг зурсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэл буюу 2 989 800 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч нараас шаардаж байгаа боловч бараа “Бараа хүлээлцсэн акт “№1 баримтанд нэрлэн заасан хөргөгч, угаалгын машиныг хүлээн аваагүй гэх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна энэ актад зурсан гарын үсгийн талаар хариуцагч маргаагүй, “…бараа хүлээлцсэн баримт нь “Наран трейд” ХХК-иас бараа авах эрхийн бичиг болдог, уг баримтаар “Наран эло” ХХК-иас бараа сонгохоор болсон...” гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй, энэ баримтанд нэрлэсэн барааг Д.Эрдэнэ, Ц.Баттуяа нар шаардах эрхийг нэхэмжлэгч шилжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр нотлох баримтанд үндэслэгдсэн гэж үзнэ.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүй нь буруу болсон тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг зөвтгөх боломжтой.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...гэрч асуулгах хүсэлтийг хангах захирамждаа гэрч Ц.Баттуяагийн нэрийг Ц.Баттулга гэж буруу бичсэнээс шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах боломжгүй болгосон...” гэж давж заалдсаныг хангах үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч барааг хүлээн авсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан, Д.Эрдэнэ, Ц.Баттуяа нар бараа хүлээлцсэн актад заасан хөргөгч, угаалгын машиныг авахаар шаардсаныг нотлуулахаар гэрчээс мэдүүлэг авах нь хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06910 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хариуцагч “Наран трейд” ХХК, “Капиталпропертис” ХХК нараас...” гэсний өмнө “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62 787 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

             ШҮҮГЧИД                                   С.ЭНХТӨР

 

                                                                           М.НАРАНЦЭЦЭГ