Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0422

 

 

 

 

 

 

2016 оны 6 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0422

Улаанбаатар хот

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Б.*******гийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Н.******* 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.******* 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа

“...Сумын нутгийн захиргааны байгууллагын 2016 оны төсөв, ажилтны орон тоог цөөрүүлсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 40 дүгээр тогтоолоор нэг албан хаагчийн цалинг хасаж баталсан. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох” гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны 425 дугаар тогтоолын 1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах эсвэл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг хэрэгжүүлж 2 сая 703.2 төгрөгийг олгосон” гэжээ.

Гурав. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 08 дугаар шийдвэрээр:

“...Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.4 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Завхан аймгийн Сантмаргац сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 11 сарын 30-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Б.*******г Завхан аймгийн Сантмаргац сумын Засаг даргын Тамгын газрын мал эмнэлэг үржлийн тасгийн бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2015 оны 11 сарын 13-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 4 хүртэл ажлын 123 хоногийн дундаж цалин 2676357 төгрөгнөөс холбогдох татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, бичилт хийж олгохыг хариуцагч Завхан аймгийн Сантмаргац сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Дөрөв. Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрт “...Мал эмнэлэг үржлийн тасгийн бэлчээр, газар тариалан, Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.*******г ажилд нь эгүүлэн тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 4-нийг хүртэл ажлын 123 хоногийн дундаж цалин 2,673,357 төгрөгийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, бичилт хийж олгох, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагч Сантмаргаз сумын Засаг даргын Тамгын газрын даргаас гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олго” гэсэн байна.

Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн Б.*******гийн орон тоо, албан тушаал нь 2015 оны сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн тооцоонд ороогүйгээр батлагдсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах эсвэл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг хэрэгжүүлж 2,703,200 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр, Б.*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 214.416 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардалд 80.000 төгрөг шилжүүлсэн. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 53 дугаар тогтоолоор тэмдэгтийн хураамж 33.565 төгрөгийг шилжүүлсэн.

Нийгмийн даатгалын сангаас Б.*******д 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 76 өдрөөр тооцож 757,393 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 2 хувааж олгосон.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 53 дугаар тогтоолд зааснаар Б.*******д 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны 73 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин 1,209,000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бэлнээр олгосон. Б.*******д нийтдээ 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл нийлээд 4,884,009 төгрөгийг бэлнээр олгосон. Б.*******г албан тушаал, цалингийн сан батлагдаагүй тул ажилд авах нөхцөл, боломж бүрдэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******гээс гарсан улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг би төлөх эрх үүсээгүй гэж үзэж байна.

Б.*******гийн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1 удаа гаргасан нэхэмжлэлийг тус тус зохих шатанд нь биелүүлсэн гэж үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Орон тоо, албан тушаал, цалингийн сан батлагдаж ирвэл Б.*******г ажилд нь эгүүлэн авахад бэлэн байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч Б.*******г тус сумын Тамгын газрын мал эмнэлэг, үржлийн тасгийн газар тариалан, бэлчээр, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөхөөс өмнө Тамгын газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар мөн тухайн үед эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлсөн байх бөгөөд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр уг тушаалыг хүчингүй болгож, Б.*******г эрхэлж байсан албан албан тушаалд нь эгүүлэн тогтоон, улмаар 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 8 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгохыг даалгаж шийдвэрлэсний дагуу хариуцагчаас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Б.*******г урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилжээ.

Гэвч нэхэмжлэгчийг ийнхүү эгүүлэн томилсноос хойш хагас сар гаруйн дараа шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон өмнөх тушаалын үндэслэлээр дахин нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний гэх 2.703.200 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл гэх 214.416 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр, нийгмийн даатгалын сангаас 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх ажилгүйдлийн тэтгэмж гэх 757.393 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 31, 4 дүгээр сарын 30-ны өдөр, Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаар тогтоолын дагуу 2015 оны 8 дугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гэх 1.209.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр тус тус Б.*******д олгосон, түүнчлэн Б.*******гийн Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх болон аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зохих шатанд нь биелүүлсэн гэх тайлбарууд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд үл хамаарна.

Учир нь дээр дурдсан ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ажилгүйдлийн тэтгэмж зэрэг нь одоогийн маргаан бүхий актын улмаас үүссэн бус харин өмнөх 2015 оны Б/04 дүгээр тушаалыг шүүхээс хүчингүй болгосонтой хамааралтай, цаг хугацааны хувьд ч 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б.*******г ажилд нь эгүүлэн томилсноос өмнөх хугацааны буюу шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх хүрээнд хийгдсэн ажиллагаа байна.

Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 223 дугаар тогтоолоор сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд мал, эмнэлэг, үржлийн нэгжийг байгуулснаас гадна 1501-3000 хүртэл хүн амтай сумдад 12 гэж тогтоосон орон тоог 14 болгож нэмэгдүүлснээс гадна Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 425 дугаар тогтоолоор Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг бууруулаагүй, харин ч 14 байхаар мөн адил тогтоосон талаар, түүнчлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 40 дүгээр тогтоолоор нэг албан хаагчийн цалинг хасч баталсныг орон тоог хассан гэж үзэхгүй талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт дүгнэжээ.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т зааснаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрхтэй хэдий ч одоогийн маргаан бүхий тушаалд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг өмнө нь ажлаас чөлөөлснийг хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан, мөн энэхүү шийдвэр гарснаас хойш эрх зүйн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, орон тоо хасагдаагүй байхад дахин адил үндэслэлээр тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бүхий байна.

Мөн “өмнөх шүүхийн шийдвэрүүдийг зохих шатанд нь биелүүлсэн” гэх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлсэн томилсны дараа удалгүй дахин ажлаас чөлөөлсөн хариуцагчийн тушаалыг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Завхан аймгийн Сантмаргац сум гэх мэтээр хуулийн болон сумын нэрийг буруу бичсэн, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70  дугаар зүйлийн 70.2.1-ийг бус 70.2.3, 72 дугаар зүйлийн 72.5 дахь хэсгийн заалтыг чухам ямар үндэслэлээр удирдлага болгосон нь ойлгомжгүй байгаа зэргийг тэмдэглээд эдгээрт болон нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Тамгын газрын даргаас бус Тамгын газраас гаргуулах байдлаар зохих өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 8 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн” гэсний “Монгол Улсын” гэснийг хасч, “...Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн...” гэсний өмнө “Монгол Улсын” гэж нэмж, “...Сантмаргац...” гэснийг “Сантмаргаз” гэж, “...тушаалыг илт хууль бус болохыг тогтоож,...” гэсний дараа “хүчингүй болгон” гэж нэмж,  2 дахь заалтын “Сантмаргац” гэснийг “Сантмаргаз” гэж, 3 дахь заалтын “...Тамгын газрын даргаас...” гэснийг “Тамгын газраас” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН