Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

 

 

 

      2022         07           04                                      2022/ШЦТ/79

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                             Б.Н,  

Улсын яллагч                                               З.Х,

Шүүгдэгч                                                       Ё.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ё.Н-д холбогдох эрүүгийн 2204000870082 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хөдөө хэсэгт оршин суух хаягтай боловч Багануур дүүргийн 3 дугаар хороо ..... тоотод түр оршин суух,

урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сар хорих ялаар,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ё-н Н /РД: /

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч  Ё.Н нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн 47 тоотод орших иргэн Б.С-н хашаанд А.Ч-г “архи уусангүй” гэх шалтгаанаар заамдаж, улмаар А.Ч-н хөл рүү өшиглөсний улмаас баруун шагайн үе, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ё.Н шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуус 47 тоотод байрлах хашаанд өөрийн танил ах Ч-той уулзахаар 0.75 граммын “Эдэн” нэртэй архи аваад очсон юм. Тэгээд би Ч-г “архи уух уу” гэхэд “уухгүй” гэсэн. Би өмнө нь Ч ахын зарах гээд байсан фургон маркийн тээврийн хэрэгслийг өөрийн найздаа зарж өгсөн юм. Тухайн үед манай найз надад машин нь тоормоз нь эвдрэлтэй байна гэж хэлж байсан юм. Тэгээд би Ч ахад “Та таньдаг хүнд эвдрэлтэй машин зараад жаахан муухай юм хийлээ, та нөгөө машинаа худалдаж авсан хүнтэй утсаар ярь гээд” өөрийн гар утсаараа залгаад Чахад өгөхөд гараараа миний гарыг түлхээд эргээд алхсан. Тэгэхэд нь миний уур хүрээд баруун хөлөөрөө Ч ахыг хавсарч унагаасан. Тэгэхэд хашаанд байсан С гэх эгч ирээд цагдаа дуудлаа шүү гээд цагдаагийн байгууллагад хандсан” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 52-53-р хуудас/,

А.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/,

Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,

П.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн  2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 247 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-21-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 59-68-р хуудас/,

Шүүгдэгч Ё.Н-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Ё.Н нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн 47 тоотод орших иргэн Б.С-ийн хашаанд А.Ч-г “архи уусангүй” гэх шалтгаанаар заамдаж, үл ялих шалтгааны улмаар А.Ч-н хөл рүү өшиглөж баруун шагайн үе, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- А.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “Би 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Ану” автот угаалгын ард талын айлын хашаанд машин засаад байж байтал Бандиа гэх залуу орж ирээд надтай уулзаад машин очиж үзүүлье гэж хэлэхээр нь би тухайн үед хүний машин янзалж байсан болохоор амжихгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд нөгөө архиа намайг уу гэж хэлэхээр нь” ах нь хүний юм янзалж байна, дараа болъё оо” гэж хэлсэн чинь “чи муу яасан их зантай болчихсон юм бэ” гээд миний хөл рүү өшиглөөд тэгээд намайг зодох гээд дайрч давшлаад хувцаснаас минь татаж чангаагаад байж байсан чинь миний хөл өвдөөд газар унасан. Газар унасан үед нүүр рүү минь бас цохисон. Тэгээд байж байтал тухайн хашаанд амьдардаг С гэдэг хөгшин гарч ирж салгаад цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/,

- Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр манай хашаанд Ч машин янзлаад байж байсан. Тэгсэн чинь нэг согтуу хүн орж ирээд Ч руу очоод дээрэлхүү маягаар харьцаад тэгээд байж байснаа “архи уу” гэж хэлээд архи гаргаж өгсөн. Тэгсэн чинь Ч архийг нь уугаагүй. Нөгөө залуу өөрөө архи шилээр нь ууж байснаа газар чулуудчихсан. Тэгээд Ч-г барьж аваад зодоод хөлийг нь гэмтээчихсэн. Би салгах гээд очсон чинь салгаж дийлэхгүй болохоор нь цагдаад дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хуудас/,

- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 247 дугаартай дүгнэлтэд “1.А.Ч-ийн биед баруун шагайн үе, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 39-40-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ё.Н  нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд Ё.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч А.Ч нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Ё.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.    

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ё.Н-ыг хохирогч А.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч Ё.Н-ыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ё.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Ё-н Н-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Ё-н Н-д 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг  Ё.Н-д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгчид 600 /зургаан зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ё.Н-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.Ч нь энэ хэрэгт холбогдуулж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй Ё.Н-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.Н-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ё.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН