| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2018/00992/И |
| Дугаар | 102/ШШ2018/01152 |
| Огноо | 2018-04-11 |
| Маргааны төрөл | Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам зөрчсөн, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2018/01152
| 2018 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2018/01152 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ...гудамж, ... дугаар байрны .. тоотод оршин суух, ... овогт Б.Б /РД: ...-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ...ын байранд байрлах, Б.Х.З.Х.Т.Б.А-нд холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц,Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Б.Х.З.Х.Т.Б.А нь Б.Б миний өмч болох улсын бүртгэлийн Ү-2205013112 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байрны 90 тоот 2 өрөө орон сууцыг шинжээч томилон 73,366,159 төгрөгөөр үнэлсэн байна. Дуудлага худалдаагаар худалдахад үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг уг ажиллагааг явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцсон үнээр, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэсэн байна. Гэтэл тус алба уг журам, хуулийн шаардлагыг зөрчин төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч Б.Баас үнийн санал авахгүйгээр үнэлгээчнээр үнэлүүлснээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчсөн байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, М.Э нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 3010/б дугаар шийдвэрээр Батсүхийн Бадамбулагаас 62,229,380 төгрөгийг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянгол дүүргийн 73 дугаар хороо, 35 дугаар байр, 90 тоотод 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийг хангуулж, Анод банкны эрх хүлээн авагчид олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрт албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан төлбөр төлөгч Бадамбулагийн өмчлөлийн ҮЛ2023013612 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байрны 90 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаагаар битүүмжлэн хураамж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу албадан дуудлага худалдаа явуулах анхны үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнлэгээг харилцан тохиролцож чадаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээг тогтоосон. Б.Баас үнийн саналыг нь авсан, энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн байгаа. Энэ ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу зохион байгуулсан бөгөөд Бадамбулагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Х.З.Х.Т.Б.Анд холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 3010/Б дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Б.Баас 62,229,380 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Анод банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, хариуцагч шийдвэрийг үл биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байрны 90 тоот 29 м/кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2664 дүгээр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 15252355 дугаар тогтоолоор Б.Бт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар тогтоожээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байрны 90 тоот 2 өрөө орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 171/1 тоот тогтоолоор битүүмжилж, Б.Х.З.Х.Т.Б.Аны 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 15252355/1 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан байна.
Төлбөр төлөгч, төлбөр авагч нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний асуудлаар санал зөрсөн тул Б.Х.З.Х.Т.Б.Аны 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Ашид билгүүн ХХК-г шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-318/05 тоот үнэлгээний тайланд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байрны 90 тоот 2 өрөө орон сууцыг 73,366,159 төгрөг-өөр үнэлжээ. Б.Х.З.Х.Т.Б.А нь шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагааг буюу төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, шинжээч томилох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль болон Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ... дуудлага худалдаагаар худалдахад үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг уг ажиллагааг явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцсон үнээр, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэсэн байна. Гэтэл төлбөр барагдуулах ажлын алба уг журам, хуулийн шаардлагыг зөрчин төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч Б.Баас үнийн санал авахгүйгээр үнэлгээчнээр үнэлүүлснээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчсөн байна гэжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу энэ иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Б нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 35-90 тоот 2 өрөө орон сууцаа 150,000,000 төгрөгөөр үнэлж байна, үнийн 70 хувиар тооцож дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрнө гэж үнийн саналаа өөрөө бичиж өгсөн баримт хэрэгт авагдсан байгаа нь түүний нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. гэж заасан журам зөрчигдөөгүй байна.
Иймд төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн хариуцагч Б.Х.З.Х.Т.Б.Анд холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР