| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2022/0058/Э |
| Дугаар | 146/ШЦТ/59 |
| Огноо | 2022-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 146/ШЦТ/59
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Улсын яллагч: Б.Түвшинтөр
Хохирогч: *******, *******
Шүүгдэгч: *******, *******
Нарийн бичгийн дарга А.Батцог нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,******* нарт холбогдох эрүүгийн 2227000650073 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1959 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД:*******/,
Монгол Улсын иргэн, 1957 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэр хүүхдийн хамт ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч *******, ******* нар нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэртээ тоононы мод янзалж байхад ******* манай хашааны гадаа машинтайгаа ирчихсэн, манай эхнэрийг авч явах гэж байхаар нь би уурлаад машиных нь урдуур ороод зогсоосон. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед машиных нь цонх онгорхой байсан. Би хашааны хаалганы төмрийг аваад ******* руу далайтал төмрөөс барьчхаад тавихгүй байхаар нь өөдөөс нь түлхтэл шанаа руу нь хүрсэн. Тэгээд ******* машинаасаа бууж ирээд бөгжтэй гараараа миний дух руу 2-3 удаа цохисон. Тэгээд ******* машинаа унаад явсан. Би гэртээ үлдсэн” гэв.
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймаг Бат-Өлзий сум 3 дугаар баг Рамын дэнж 1-102 тоотод эхнэр Эрдэнэчимэгтэй хамт байж байсан юм. Би гэрийнхээ гадаа гэрийн тоононы мод харуулдаад байж байсан чинь хашааны гадаа саарал өнгийн приус маркийн машинтай манай эхнэр Эрдэнэчимэгийн дүү Гантогтох нь нөхөр Олдохын хамт согтуу манай гэрт орж ирсэн. Би урьд нь очиж машиныг нь зогсоосон чинь манай эхнэр Эрдэнэчимэг нь машинаас буугаад явсан. Тэгээд Олдох машинаасаа бууж ирээд урд орж ирж намайг зогсоолоо гээд заамдаад авахаар нь би дугтраад гарыг нь тавиулсан чинь Олдох намайг эхнэрийгээ манайх руу явуулж архи уулгасангүй эхнэрийнхээ эрхийг зөрчлөө гээд хашааны гадаа байсан төмрийг аваад намайг унагаагаад миний нүүр лүү төмрөөр нэг удаа цохиод гараараа дух руу цохиод дараа нь толгой руу өшиглөөд зодсон. Тэгээд миний хамар,дух, чамархай хэсгээс цус гарсан. Тэгээд Олдох эхнэрээ аваад машинаа жолоодоод яваад өгсөн...би эмнэлэг явж дух, чамархай хэсэгтээ оёдол тавиулсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...Эрдэнэчимэг манай эхнэр Гантогтох руу утсаар залгаад ирээд аваадах гэхээр нь би машинаа асаагаад эхнэр Гантогтохын хамт Дондовын хашааны үүдэнд машинтайгаа очсон. Тэгээд Дондовын гэрт орсон чинь Эрдэнэчимэг байхаар нь явах уу гэсэн Эрдэнэчимэг явна гэсэн...Тэгээд Эрдэнэчимэгийг машиндаа суулгаад хөдлөх гэсэн Дондов машины урдуур гараараа алдлаад зогсохоор нь би машинаа зогсоогоод машиныхаа цонхыг онгойлгосон чинь миний эрүү рүү Дондов төмрөөр цохихоор нь би машинаасаа буугаад Дондовыг газар унагаад 2-3 удаа нүүр хэсэг рүү бөгжтэй гараараа цохисон чинь Дондовын нүүрээс цус гарсан...Би Дондовт зодуулснаас болж миний нэг шүд хөдөлж, нэг шүд эмтэрч эрүү зулгарч шалбарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай гадаа Олдох, эхнэр Гантогтохын хамт машинтай ирээд манайх руу явъя гэхээр нь машинд нь суугаад байж байсан чинь манай нөхөр Дондов гарч ирээд намайг явуулахгүй гээд хоёр гараа алдлаад машины урд зогсохоор нь би Олдохын машинаас буусан. Тэгсэн чинь Олдох Дондовт чи эмэгтэй хүний эрх зөрчлөө гэсэн чинь Дондов хаалганы төмөр аваад барьж очоод машины цонхоор Олдохын нүүр хэсэг рүү төмөртэй гараараа цохих шиг болсон. Тэгсэн чинь Олдох машинаасаа бууж ирээд Дондовтой барилцаад авсан. Тэгэхээр нь би айгаад зугтаачихсан. Тэгсэн намайг явсны дараа Олдох бөгжтэй гараараа Дондовыг унагаад цохисон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...Нөхөр Олдохын хамт Эрдэнэчимэг эгчийн хашааны үүдэн дээр ирээд эгч Эрдэнэчимэгийг машиндаа суулгаад хөдлөх гэсэн Эрдэнэчимэг эгчийн нөхөр Дондов гарч ирээд машины өмнө зогсоод явуулахгүй байхаар нь манай нөхөр Олдох Дондовыг машины цонхоор яах гээд байгаа гэсэн чинь Дондов, Олдохын шанаа руу богино төмрөөр цохисон чинь Олдох уурлаад машинаасаа гараад Дондовтой барилцаж аваад байсан.Тэгсэн манай эгч Эрдэнэчимэг машинаас гараад зугтаасан. Тэгээд би машинаасаа гараад Дондов, Олдох хоёрыг салгасан чинь манай нөхөр Дондовыг зодоод шанаа, духнаас нь цус гаргасан байсан...Манай нөхөр Олдох нь Дондовын нүүр хэсэг рүү бөгжтэй баруун гараараа цохиод байхыг харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас /,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “...үзүүлэгч *******ын биед тархи доргилт, дух, зүүн шанаа хэсэгт шарх, зүүн чамархай, зүүн доод эрүү, дээд уруул хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 215 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас /,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “...үзүүлэгч *******ын биед доод эрүүнд 3,6 дугаар шүд булгарсан гэмтэл болон доод уруул, эрүү хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 212 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас /,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 2-4, 7-9-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65, 72-р хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******, ******* /хх-ийн 18-19, 23-24-р хуу/, гэрч *******, ******* /хх-ийн 26-27, 32-р хуу/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 212, 215 дүгнэлтүүд /хх-ийн 34-35, 39-40-р хуу/ , гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 812-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 2-4, 7-9-р хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бараан өнгийн 52 см урттай, 2 см өргөнтэй тахир төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******, шүүгдэгч******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******, шүүгдэгч******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар бараан өнгийн 52 см урттай, 2 см өргөнтэй тахир төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН