Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

 

 

 

      2022         07           04                                      2022/ШЦТ/81

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                 Б.Н,  

Улсын яллагч                                   Д.А,

Шүүгдэгч                                           Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 2204000900081 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн .... тоот хашаанд оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б-ийн Э /РД: /

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” хүнсний дэлгүүрт И.Э-г “архи уулаа” гэж хэлсэн үгэнд дургүйцэж улмаар гартаа барьж явсан модоор толгой болон хөлний хэсэг, баруун гаран тус газарт цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун бугуйн үе, баруун далны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би дөрвөн найзын хамт хөдөө мод руу салхинд гарч пиво ууж хоноод маргааш өглөө нь буюу 2022 оны 5 дугаар сарын 28-нд манай гэрт ирж “Могул” нэртэй архи нэг шилийг уусан. Тэгээд би тэр хүмүүсээс салаад бас өөр хүн дуудахаар нь очиж гадуур пиво уусан. Тэгээд “Соронз” дэлгүүрийн гадаа зогсож байгаад хоёр хүнтэй нийлээд гурвуулаа гол явж голын эрэг дээр “Хараа” нэртэй архи уусан. Би голоос ирээд “Тэргэл” дэлгүүр ортол нэг эмэгтэй хүн намайг залуу хүн байж архи уулаа гэж хэлэхээр нь би ууралснаа санаж байна. Би мод барьж зодож цохисноо мэдэхгүй байна. Намайг эрүүлжүүлэх байр явсны дараа надад зодуулсан гэх эмэгтэй охинтойгоо манай гэрт очиж манай аав, ээж хоёрыг хэл амаар доромжилж хараасан гэсэн.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 3-4-р хуудас/,

Хохирогч И.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Ш.А-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 49-66-р хуудас/,

Шүүгдэгч Б.Э-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” хүнсний дэлгүүрт И.Э-г “архи уулаа” гэж хэлсэн үгэнд дургүйцэж улмаар гартаа барьж явсан модоор толгой болон хөлний хэсэг, баруун гаран тус газарт цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун бугуйн үе, баруун далны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч И.Э-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийн хохирогчийн нуруу хэсэгт модоор нэг удаа цохьсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:  

- Хохирогч И.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 28-ны 17 цагийн үед юм худалдаж авахаар гэрийнхээ ойролцоо байдаг “Тэргэл” дэлгүүрт ороод байж байтал гаднаас нэг согтуу залуухан эмэгтэй орж ирээд муухай хашхираад байхаар нь би өөрийн охин шиг хүн байна гэж бодоод “яав миний дүү, чи яах гэж ингэж архи уусан юм бэ” гэж хэлтэл тэр үг дуугүй гартаа барьж явсан модоороо миний ууц руу 1 удаа, баруун хөлний өвдөгний гадна хэсэг рүү 1 удаа цохих үед өөрийгөө хамгаалаад баруун гараараа хаатал миний баруун гар руу тухайн модоороо дахиад 1 удаа цохих үед дэлгүүрийн худалдагч бид хоёрыг салгаад тэр хүүхэн дэлгүүрээс гараад явсан. Удалгүй цагдаа нар ирж мэдүүлэг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

- Ш.А-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ байж байхад нэг согтуу эмэгтэй манай дэлгүүрт үйлчлүүлээд зогсож байсан эмэгтэй зүгээр зогсож байхад нь модоор толгой руу нь цохиод үснээс нь зулгаагаад тавихгүй байхаар нь тэр эмэгтэйг салгаад шууд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 255 дугаартай: “1.И.Э-н биед баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун бугуйн үе, баруун далны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 49-66-р хуудас/,

- Шүүгдэгч Б.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67-р хуудас/ ,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Энь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч Б.Э-ийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч И.Э-н эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 255 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч И.Э нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э-ийг хохирогч И.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах, ял эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авахуулах саналтай” гэв.

Шүүгдэгч Б.Э гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Би долоо хоногт хоёр удаа байнга архи уудаг. Хоёр хүүхдийг маань аав, ээж асардаг. Согтуу үедээ юу хийж байгаагаа мэддэггүй.” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах, тус ялыг эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Б-н Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Б-н Э-т 250 /хоёр зуун тавь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 250 /хоёр зуун тавь/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.Э-т сануулсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар зааснаар хохирогч И.Э нь энэ хэрэгт холбогдуулан гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах,  прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах журамтайг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН