Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/01278

 

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2018/01278

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б М ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 578 800 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, хариуцагч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их монгол улсын гудамж, Дүнжингарав хороололын 103-38 тоотод байрлах 87 м.кв бүхий орон сууцыг түрээслэхээр Б М ХХК-тай гэрээ хийж, 2 жилийн хугацаатай, түрээсийн төлбөрийг 1 500 000 төгрөгөөр тохирч, дараа 1 200 000 төгрөг болгосон. Түрээслүүлэх явцад төлбөрийн маргаан гарч, Б М ХХК үйл ажиллагаа явуулах боломжгүй болж түрээсийн байрнаас гарсан. Түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт түрээслэгч нь байрны бүрэн бүтэн байдал, өдөр тутмын арчилгаа, ашиглалтын бүх зардлыг хариуцахаар тохирсон. Гэтэл түрээслэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх СӨХ-ны зардал 578 800 төгрөгийг төлөөгүй байсан. СӨХ надаас дараа дараагийн саруудын төлбөрийг төлөхийн тулд өмнөх төлбөрүүдээ төлөх ёстой гэж шаардаад би 578 800 төгрөгийг төлсөн. Иймд Б М ХХК-иас гэрээний шаардлагыг биелүүлж, 578 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2012 оноос хойш Дүнжингарав хорооллын Т.А-гийн байрыг түрээсэлж байгаад 2016 оны  3 дугаар сарын 31-ний өдрөөр гэрээг дуусгавар болгосон. Байр түрээсэлж байх хугацаандаа “Шилмэл шилтгээн” СӨХ болон “Гамбиж” ХХК-тай аж ахуй нэгжээр  гэрээ байгуулж ажилласан. Энэ хоёр байгууллагатай аж ахуй нэгж гэдэг утгаараа айл өрхөөс хоёр дахин өндөр төлбөрөөр гэрээ байгуулж, төлбөрөө цаг хугацаанд нь төлөөд явж байсан. “Шилмэл шилтгээн” СӨХ-той байгуулсан гэрээгээ анзаараагүй, байрны мөнгө гарахаар нь банкинд очиж төлбөрөө төлж байсан. Эдийн засаг хямраад бүх л байгууллагууд илүү зардлуудаа шалгахад манайх үргэлж СӨХ-д илүү төлөлт хийсэн байсан. 2014 оны 7,8,9,10 дугаар сараас хойш үргэлж илүү төлөлт хийж байснаа мэдсэн.  Гэрээнд төлбөрийг 58 200 төгрөг гэж тохирсон боловч манайх 71 350 төгрөгөөр төлөлт хийсэн. Илүү төлөлт хийж байснаа 2015 оны 12 дугаар сард мэдсэн. Тэгээд манайх илүү төлөлт хийсэн байгаа тул энэ төлбөрөө суутгуулъя гэж СӨХ-д хэлсэн боловч мэдэх хүн байхгүй, авч хэлэлцээгүй. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр  “Шилмэл шилтгээн” СӨХ болон “Гамбиж” ХХК нарт манайх түрээсийн гэрээгээ дуусгавар болгож байгаа тул манайхтай холбоотой төлбөр тооцоог дуусгаж өгнө үү гэсэн албан бичиг хүргүүлсэн. “Гамбиж” ХХК-тай би тооцоо хийсэн. “Шилмэл шилтгээн” СӨХ нь манай илүү төлөлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байсан болохоор тооцоогоо хийгээгүй. Би нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төлбөрийг төлсөн гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.А нь Б М ХХК-д холбогдох түрээсийн гэрээний улмаас учирсан хохиролд 578 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

 Б М ХХК нь Т.А-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204027387 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 12-р хороо, Дүнжингарав хорооллын 103-р байрны 38 тоот орон сууцыг жирэмсний дасгалын төв ажиллуулах зорилгоор 2015 оны 7-р сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаатай, сарын 1 200 000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслэхээр тохирч түрээсийн гэрээ /хх 5-7/  байгуулжээ.

 

Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарч, улмаар гэрээгээ цуцалсан байна.

 

Гэрээний 1.4-т зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаанд ашиглалтын бүх зардлыг бүрэн хариуцахаар тохирсон боловч Шилмэл шилтгээн сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний зардлыг 2015 оны 9-р сараас 2016 оны 04-р сарын 30-ныг хүртлэх хугацаанд төлөөгүй байжээ.

 

Харин түрээслүүлэгч нь Шилмэл шилтгээн сууц өмчлөгчдийн холбооны зардал 578 800 төгрөгийг 2017 оны 9-р сарын 06-ны өдөр, 2018 оны 01-р сарын 04-ний өдөр тус тус хувааж төлсөн нь Төрийн банкны орлогын баримтаар /хх 8-9/ тогтоогдсон байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...Сөх илүү төлбөр авч байсан, үүнийг шийдэж өгөөгүй тул төлөхгүй” гэж тайлбарладаг боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

 

Бест мадер ХХК нь Шилмэл шилтгээн сууц өмчлөгчдийн холбоотой 2014 оны 4-р сарын 16-ны өдөр “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ” байгуулсан /хх 22-35/ байх ба энэ гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа тусдаа шийдвэрлэх боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг,  116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326-р зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б М ХХК-иас 578 800 /таван зуун далан найман мянга найман зуу/ төгрөг гаргуулж Т.А-аад олгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18 015 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б М ХХК-иас 18 015 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА