| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2022/0060/Э |
| Дугаар | 146/ШЦТ/60 |
| Огноо | 2022-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 146/ШЦТ/60
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Улсын яллагч: Д.Түвшинтөр,
Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Ц.Хонгорзул,
Шүүгдэгч *******н өмгөөлөгч Г.Гандөш,
Хохирогч *******,*******,
Нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,******* нарт холбогдох эрүүгийн 2227000230056 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, ******* ажилтай, ам бүл 6 нөхөр 4 хүүхдийн хамт ******* оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******, регистрийн дугаар: *******,
2. Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг *******,******* хаягтай оршин суух хаягтай, соёлын тэргүүний ажилтан, эх орны төлөө III хүндэт тэмдгээр шагнагдаж байсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,*******, регистрийн дугаар: ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч*******, ******* нар нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутагт байрлах 25 айлийн орон сууцны 1-4 тоотод оройн 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр миний үеэл Баярмаа манай гэр бүлийн хүмүүсийг цай уулгасан юм. Орой 19 цагийн үед Баярмаа надтай хамт Хархорин сумын төвд байдаг Батжаргалын гэрт очих уу гэхээр нь хамт явсан. Батжаргал бид хоёр төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй Батжаргалыг Баярмаагаар дамжуулан таньж мэдэх болсон. Баярмаа, Батжаргал хоёр маш сайн найзууд байгаа юм. Батжаргалын гэрт очиход миний танихгүй хүмүүстэй цуг Батжаргал болон түүний нөхөр Мөнхөө нар архи ууж хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд очоод Батжаргалын гэрт байсан эмэгтэй хүмүүс пиво уусан харин эрэгтэй хүмүүс нь болохоор архи уусан, тэрний дараа 21 цагийн үед Баярмаагийн гэрт Баярмаа болон Баярмаагийн гурван хүүхэд Золбоо, Хүслэн, Цэлмэг нарын хамт ирж байрны гадна Баярмаа, Золбоо, Хүслэн, Цэлмэг 4-г буулгаж үлдээсэн. Үүний дараа би хүнсний дэлгүүр орж 2.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво авсан тэрний дараа гэрээрээ орж өөрийнхөө гурван хүүхдийг аваад Баярмаагийн гэрт ирсэн юм. Тухайн цаг хугацаанд Баярмаагийн гэрт гаднаас хүн байгаагүй гурван хүүхэд нь байсан. Намайг Баярмаагийн гэрт байхад Батжаргал над руу болон манай эгч Баярмаа руу дуудлага хийгээд байсан. Тэгээд ирж байна гэж ярьсан. Баярмаагийн гэрт намайг байж байхад Батжаргал өөрийнхөө гэрт байсан хүмүүсийг дагуулж цуг гаднаас орж ирсэн. Мөн хоёроос гурван сав пиво нэг шил архи авчихсан байсан. Бид нар хамт 02 цаг хүртэл архи, пиво ууж хэрэглэсэн. Хамгийн эхэлж Батжаргалтай цуг ирсэн хүмүүсээс Золоо гэдэг эмэгтэй нөхөр хүүхдээ дагуулж явсан. Манай 4 настай хүү Баярмаагийн хүүхдийн үсэнд баримлын шавар наачихсан гэж хэлсэн. Тэгээд Баярмаа уурлаж хүүхдийн үсэнд баримлын шавар наачихлаа гэж хэлээд нэг удаа гараараа цохьсон Тэгэхээр нь би хүүхдээ өмөөрч Баярмаатай маргалдсан. Наадах чинь бохь биш, шавар угаагаад арилна гэж хэлэхэд гэрт байсан хүмүүсийн хажууд Баярмаа намайг хэл амаар доромжилсон. Тэгтэл Бямбасүрэн нөхөр хүүхдүүдээ дагуулж гэрээс гарсан. Тухайн цаг хугацаанд Батжаргалын нөхөр Мөнхөө орж гараад байсан. Баярмаа эгч барилцаж өөр хоорондоо хэн хэнийгээ цохисон, зууралдсан, тэгэхэд бид хоёрын дундуур Батжаргал салгах гэж орсон. Батжаргалын нүүр шанаа хэсэг рүү нь Баярмаатай зууралдаж байгаад цохисон тэр нь үнэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн өдрийн 12 цагийн үед би өөрийн найз Баярмаатай утсаар яриад манайд ирж цай уугаарай гэсэн чинь хариуд Баярмаа найз нь одоогоор гэртээ ах дүү нараа цай уулгаж байна, аажуу яваад очьё гэхээр нь за тэг тэг гээд утсаа тасалсан. Түүнээс хойш 15-16 цагийн хооронд гэр бүлийн найзууд болох Чинзориг эхнэр хүүхдүүдтэйгээ, Мөнх-Эрдэнэ эхнэр хүүхдүүдтэйгээ манай гэрт ирсэн. Тэгээд би хоол цай хийгээд юм яриад сууж байсан чинь орой 18 цаг 30-40 минутын үед гаднаас найз Баярмаа 3 хүүхэдтэйгээ орж ирээд “өө тортой юмаа хүргүүлж ирсэн машинд үлдээчхэж гараад аваад ирье” гээд гараад төд удалгүй үеэл дүү Нэргүйтэй хамт орж ирсэн. Тэгээд бид нар хоол цай идэж уунгаа хүмүүс ирсэн юм чинь гээд 1 шил 0.5 литрийн архи, 1 ширхэг 2.5 литрийн пиво гаргаж ирээд ширээн дээр тавьсан. Тухайн гаргаж ирсэн архийг манай нөхөр Мөнхдэлгэр, Мөнх-Эрдэнэ 2, харин пиво-г Баярмаа, Нэргүй, Мөнх-Эрдэнийн эхнэр Бямбацэрэн бид 4 хувааж уусан. Түүнээс хойш 21 цаг болж байхад Нэргүй, Баярмаа 2 хүүхдүүдээ аваад гэр рүүгээ явсан, явахдаа та нар араас ирээд цай уугаарай гэж хэлсэн. Тэгээд бид нар очих уу яах уу гэж ярилцаж байгаад хүн дуудаж байхад очъё гээд нөхөр Мөнхдэлгэр, Чинзориг эхнэр хүүхдүүдийн хамт, Мөнх-Эрдэнэ эхнэр хүүхдүүдийн хамт бид нар хамтдаа Баярмаагийнд 22 цагийн үед очсон. Гэрт нь ороод хоол цай идэж уучхаад байж байтал Баярмаа мөн 1 шил 0.5 литрийн архи, 1 ширхэг 2.5 литрийн пиво гаргаж ирсэн. Тухайн архийг нь манай нөхөр Мөнхдэлгэр, Чинзориг, Мөнх-Эрдэнэ 3 хувааж, пиво-г нь Баярмаа, Нэргүй, Мөнх-Эрдэнийн эхнэр Бямбацэрэн бид 4 хувааж уусан. Чинзоригийн эхнэр нь ер архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бид нарыг сууж байх үед Баярмаагийн гэрт Баярмаагийн 6-р ангийн 1,1-2 дугаар ангийн 1, 2 настай 1 хүүхэд, Нэргүйн 6-р ангийн 1, 3-4 дүгээр ангийн 1, 4-5 орчим настай 1 хүүхэд байсан ба тухайн хүүхдүүд нь хоорондоо тоглоод л, хүүхдүүд л болсон хойно хоорондоо зодолдох уйлалдах гэх мэт үйлдлүүд гаргаж байсан. Тэгсэн Баярмаагийн бага хүүхдийн үсэнд нь Нэргүйн хүүхэд баримлын шавар наачихсан байсан. Энэ шалтгаанаас болоод Баярмаа, Нэргүй 2 хоорондоо маргалдаж эхэлсэн ба маргалдахаар нь Чинзоригийн гэр бүл түрүүлж гараад, араас нь манай нөхөр Мөнхдэлгэр болон Мөнх-Эрдэнийн гэр бүлийнхэн гарч, би сүүлд нь гадуур хувцас, гутлаа өмсөөд гарах гэж байтал Баярмаа, Нэргүй 2 хоорондоо барилцаад бие биеийнхээ үснээс зулгаагаад эхэлсэн. Тэгэхээр нь би дундуур нь ороод арай гэж салгаад Баярмааг унтлагын өрөөнд нь оруулаад хаалгыг нь дараад гаргахгүй гээд байж байсан чинь Нэргүй араас ирээд намайг цохих шиг болсон, нэг мэдсэн би газарт хэвтчихсэн Нэргүй дээрээс миний нүүрэн тус газарт гараа зангидаж байгаад нэлээн хэдэн удаа цохисон. Тэгсэн Баярмаа унтлагын өрөөнөөс гарч ирээд Нэргүйг салгахад би босоод гэрээс нь гараад орцны үүдэнд ирэхэд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....”Тухай үед Нэргүйн хүүхдүүд бид нарыг юм яриулахгүй уйлж ирээд байхаар нь би загнасан чинь Нэргүй өмөөрч янз бүрээр хэлээд л, манай удамд цагаачилж ирсэн гэх мэт үг хэлж байсан. Тэгэхээр нь би хариуд нь чи одоо юу яриад байгаа юм, хүүхдээ бага дээр нь зөв хүмүүжүүлэхгүй, чи ямар гаргаагүй юм гаргачихсан биш, хүн болгон л хүүхэд гаргадаг ш дээ гэж хэлсэн... Миний санаж байгаагаар Нэргүй газарт хэвтчихсэн, Батжаргал хажууд нь газарт өвдөглөчихсөн бие биеийнхээ энгэрээс заамдчихсан, Нэргүйн хүүхэд Батжаргалын мөрнөөс нь татчихсан, тэгсэн Батжаргалын царайг харахад ам хэсгээс нь цус гараад энгэр нь цус болчихсон, Нэргүйн хацар хэсэг нь цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр үед том өрөөнд Баярмаа эгчийн найз манай ээжийг газарт унагаагаад дээр нь дараад суучихсан алгадаад, цохиж байхад ээж уйлаад миний хүү авраарай гэж надад хэлсэн, тэгэхээр нь би очоод нөгөө эгчийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохиод түлхээд босгосон. Тэгээд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №73 дугаар дүгнэлтэд “...1.*******ын биед дээд эрүүний үүдэн 1 шүдний сул мултрал, тархи доргилт, дээд уруулд шарх, баруун нүдний зовхи, баруун шанаа, дух, цээж, баруун, зүүн гарт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх, цус хуралт, шүдний гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь хатуу ирмэгтэй /хумс/ зүйлийн 1 удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Бусадтай зодолдох үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой 5. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 6. Ул мөргүй эдгэрэх боломжтой. Хэрэв сорви гэмтэл үүсэхээр бол бүдгэрч эдгэрнэ. Сорви үүсэхээр гүн шарх гэмтлүүд нүүрэнд учраагүй байсан. 7. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй. 8. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-74-р хуу/,
Шинжээч Л.Амгалангийн 2022 оны 03 дугаар сарын 07-ний өдөр өгсөн “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар дээрх гэмтлүүдээс баруун шанаа, дух, баруун нүдний зовхи, тархи доргилт гэмтлүүд нь хөнгөн зэргийн Гэмтэл... Цээж, баруун, зүүн гарт цус хуралт, хүзүүнд зулгаралт, дээд эрүүний үүдэн 1 шүдний сул мултрал, дээд уруулд шарх зэрэг нь мөн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Уг гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа юм...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 79-80-р хуу/
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №74 дугаар дүгнэлтэд “...1. *******н биед цээж, баруун гар, зүүн гар, баруун хөлд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт, баруун гарын 1,2 дугаар хурууны 3 дугаар үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх цус хуралт, хурууны гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь хатуу ирмэгтэй /хумс, захны ирмэг зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Бусадтай зодолдох үед үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-64-р хуу/,
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 90, 99, 100, 102-107-р хуудас/,
Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч*******, ******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч*******, ******* нар нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганга-Орхон багийн нутагт байрлах 25 айлийн орон сууцны 1-4 тоотод оройн 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч*******, ******* /хх-ийн 36-37, 22-24-р хуу/, гэрч , насанд хүрээгүй гэрч /хх-ийн 42-43, 52-р хуудас/ нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №73 дугаар дүгнэлт /хх-ийн 72-74-р хуу/, Шинжээч Л.Амгалангийн 2022 оны 03 дугаар сарын 07-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуу/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №74 дугаар дүгнэлт /хх-ийн 62-64-р хуу/, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч*******, ******* нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч*******, ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч*******, ******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Хохирогч*******, ******* нар нь шүүх хуралдаанд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж тайлбарладаг бөгөөд шүүгдэгч*******, ******* нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч*******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах. торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн,
Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Ц.Хонгорзул “...Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, бусдад төлөх хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажиллаж байгаа, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, тодорхой оршин суух хаягтай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн,
Шүүгдэгч *******н өмгөөлөгч Г.Гандөш “...шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, бага насны хүүхдүүдтэй өрх толгойлсон эмэгтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү..” гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч*******, ******* нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч*******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч*******, ******* нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч*******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй тул шүүгдэгч*******, ******* нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болохыг дурдав.
Шүүгдэгч*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******, шүүгдэгч******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******, шүүгдэгч******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч******* нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлсүгэй. .
4. Шүүгдэгч*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН