| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/01014/И |
| Дугаар | 102/ШШ2018/01261 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2018/01261
| 2018 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2018/01261 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Б-т холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Ч.Б-тэй 2008 онд танилцаж хамтран амьдарч 2014 оны 1-р сарын 02-нд хүү Б.Н, 2016 оны 10-р сарын 27-нд охин Б.О нар төрсөн. Батбилэг нь зан ааш муутай, гэр орондоо айдас түгшүүртэй амьдардаг, архи уудаг, уусан үедээ намайг зоддог, 2017 оны 5-р сарын 25-ны өдөр охиноо өшиглөж байсан, 2018 оноос зан ааш нь эрс өөрчлөгдөж намайг болон хүүхдүүдээ гэрээсээ хөөдөг болсон. Хамгийн сүүлд 2018 оны 2-р сарын 08-нд зодсон үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Амьдрах хугацаандаа би энэ хүнээс юм нэхэж байгаагүй. Би хүүхдүүдтэйгээ 2017 оны 5-р сард гэрээсээ хөөгдсөн, одоо гэр оронгүй айлаар амьдарч байна. Цаашид үр хүүхдээ болон өөрийгөө бодсон ч энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй. Бидний эрүүл мэнд, амь насанд аюултай гэж бодож байна. Иймд 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авч хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2007 оноос хамтран амьдарч 2014 оны 1-р сарын 02-нд хүү Б.Н, 2016 оны 10-р сарын 27-нд охин Б.О нар төрсөн. Охиноо төрсөний дараа О гэрээсээ явж би хүүгээ асарч 1.4 нас хүргэсэн, өөрөө буцаад ирсэн. Г.О нь ааш авир догшин, ширүүн түргэн ааштай, эдийн шуналтай энэ бүгдийг ойлгуулах гэж оролддог байсан ч ойлгохгүй хэрүүл, маргаан болдог байсан. Би байнга архи дарс ууж гэр бүлээ зовоодоггүй. Би сайхан амьдарч үр хүүхдээ зөв шударга өсгөн хүмүүжүүлэхийг хүсдэг. О нь одоо өөрийн гэсэн гэр оронгүй учраас 2 хүүхдээ яаж өсгөх нь тодорхойгүй байна. Иймд хүү Б.Нийг эцэг миний асрамжинд байлгахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь Ч.Б-т холбогдох хүүхдийн хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Г.О, Ч.Б нар нь гэр бүл болох зорилгоор 2008 оноос хамт амьдарч 2014 оны 1-р сарын 02-нд хүү Б.Н, 2016 оны 10-р сарын 27-нд охин Б.О нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Харин талууд хамт амьдрах хугацаандаа зан ааш таардаггүй, үл ойлголцох байдлаа хэрүүл маргаан үүсгэдэг, улмаар Ч.Б архи уух, зодох зэргээр хүчирхийлэл үйлддэг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн 181000443 дугаартай эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа тухай 14/1203 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Энэ нөхцөл байдал нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах, эцэг, эх нь хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй боловч цаашид хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж дүгнэлээ.
Иймд бага насны хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж, эцэг Ч.Б-ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 01-р сарын 02-нд төрсөн хүү Б.Н, 2016 оны 10-р сарын 27-нд төрсөн охин Б.О нарыг эх Г.О-ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Н, охин Б.О нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Ч.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА