Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

     2022        05          09                                        2022/ШЦТ/60

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2204000000028 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                           С.Б

Улсын яллагч                                                             З.Х

Шүүгдэгч                                                                     Э.Э нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, чанар шалгагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4-14 насны 4 хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, нарийн хэсгийн 12 дугаар гудамжны 01 тоот хашаанд оршин суух М овгийн Э-ын Э /РД: /.

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар:

            Э.Э нь 2022 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 11 цагийн орчим Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлээд гарахдаа гээгдүүлсэн Б.С-н эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг тухайн өдөр Эрүүл мэндийн төвийн хашаан дотроос олж авсан бөгөөд уг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж 2022 оны 2 дугаар сарын 5-ны өдөр үүрэн телефоны Мобиком компанийн сим карт хийн ашиглаж бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

           Шүүгдэгч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 4-ний өдөр 10 цаг өнгөрч байх үед хүү Э-н шүдийг Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлчихээд 12 цагийн үед эмнэлгийн хашаанаас гарах үедээ засмал зам дээрээс А/52 маркийн гар утас олсон. Би гээгдэл эд зүйлийг цагдаагийн байгууллагад авчирч өгөх, эзэнд нь хүлээлгэн өгөх ёстой талаар ямар нэгэн ойлголтгүйгээс болоод охин А-т уг олсон гар утсаа ашиглуулсан. Манай охин 94971432 дугаарын сим картыг хийж ашигласан. Би олсон гар утсаа бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Би 4-14 насны хүүхдүүдийн хамт өрх толгойлон амьдардаг. Хүүхдийн 400.000 төгрөг авдаг мөн халамжаас сар бүр хүнсний талон 48.000 төгрөг өгдөг....” гэсэн мэдүүлэг /хх-н 47, 48-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Ухаа булаг эмийн сангаар үйлчлүүлж эм тарианы зүйл аваад гар утасныхаа арын кейсэнд байсан хаан банкны картаа авч тооцоо хийсэн. Тэгээд эмийн сангийн гаднаас нөхрийн хамт машинтай хөдлөөд гэртээ ирсэн. Манай хүү эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд би гэртээ ирээд гэрээс шаардлагатай зүйлс аваад эргээд эмнэлэг рүү явсан. Эмнэлгийн хүлээн авахаар ороод хүү рүүгээ утсаар ярих гэхэд миний гар утас байхгүй байсан. Би тухайн үедээ машинд үлдээчихсэн байна гэж бодсон. Тэгээд хүүтэйгээ уулзаад хүүгийнхээ утсаар нөхөр лүүгээ залгаад гар утсаа машинд байна уу гэж асуухад миний гар утас машинд байхгүй байсан. Нөхөртэйгөө хамт гэртээ ирээд гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд гар утсаа гээгдүүлсэн талаар цагдаагийн байгууллагад хандсан. Миний гээгдүүлсэн гар утас Самсунг А/52 маркийн гар утас байсан. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дахь тал/

         Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 40 тоот дүгнэлтэд “...Samsung Galaxy A52 маркийн гар утас 750.000 төгрөг...” гэжээ /хх-н 38-р хуудас/

         Үүрэн телефоны “Мобиком” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 4/1636 дугаартай “...355595471668749 имей кодтой утсанд 94971432 дугаарыг хийж ашигласан байна. 94971432 дугаарын эзэмшигч нь Э-н Э /РД: /...” гэсэн албан бичиг /хх-н 12-р хуудас/

         Эд зүйл хураан авсан тухай “...ард тал нь цагаан өнгөтэй, ард талын дээд хэсэгт босоо байрлалтай 3 ширхэг камер, хажуу талд нь 1 ширхэг жижиг камер, жижиг камерийн доод талд гэрэл, доод хэсэгт саарал өнгөтэй, SAMSUNG гэх бичигтэй 355595471668749, 358463321668749 имей кодтой Samsung А/52 загварын 1 ширхэг гар утсыг хойшлуулашгүй тохиолдолд түр хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6, 7, 8-р хуудас/

         Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...Э.Эрдэнэтуяагаас хураан авсан “ард тал нь цагаан өнгөтэй, ард талын дээд хэсэгт босоо байрлалтай 3 ширхэг камер, хажуу талд нь 1 ширхэг жижиг камер, жижиг камерийн доод талд гэрэл, доод хэсэгт саарал өнгөтэй, SAMSUNG гэх бичигтэй 355595471668749, 358463321668749 имей кодтой Samsung А/52 загварын гар утас 1 ширхэгийг хохирогч Б.С-д хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-н 9-р хуудас/

              Э.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэх хуудас /хх-н 59-р хуудас/

  Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, /хх-н 52-58 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

              Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Э.Э нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Прокуророос ирүүлсэн яллах дүнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй  шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь Мобиком компанийн албан тоот, хохирогчийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа.

Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч Э.Э нь 2022 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 11 цагийн орчим Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлээд гарахдаа гээгдүүлсэн Б.С-н эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг тухайн өдөр Эрүүл мэндийн төвийн хашаан дотроос олж авсан бөгөөд уг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж 2022 оны 2 дугаар сарын 5-ны өдөр үүрэн телефоны Мобиком компанийн сим карт хийн ашиглаж бусдын эд хөрөнгийг завшиж 750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хохирогчийн мэдүүлэгүүд, хөрөнгийн үнэлгээ, Мобиком компаний албан тоот зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Э нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

Э.Э нь гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй санаатай хандсан болох нь олсон гар утсыг бусдын эзэмшлийн гар утас гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүй ашигласан үйлдлээр нь тогтоогдож байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “хууль зүйн болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний талаар зохих мэдлэггүй, иргэний үүргээ ухамсарлаагүй, үнэгүй эд хөрөнгөтэй болох санаатай, хувь хүний хэнэггүй байдал” зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Монгол улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар “Гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч, эзэмшигчийг мэдэж байгаа бол нэн даруй хүлээлгэн өгөх, хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Шүүгдэгч энэ үүргээ биелүүлээгүй төдийгүй гар утсыг өөрийн эзэмшилд байлгаж ашигласан болон зохих байгууллагад мэдэгдээгүй нь гээгдэл эд хөрөнгийг  завшсан үйлдэл мөн.

Гээгдэл эд зүйлс болох гар утас нь нийт 750.000 төгрөгийн үнэтэйг үнэлгээний байгууллага тогтоосон байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 750.000 төгрөг  буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Эрдэнэтуяаг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.С нь “...Миний хувьд гар утсаа хүлээн авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр шүүгдэгч нь хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
                    Улсын яллагчаас “…Шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн

            Шүүгдэгчээс ”...торгууль төлөх чадваргүй, ажилгүй, орлогогүй...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, 4-14 насны 4 хүүхдүүдийн хамт өрх толгойлон амьдардаг, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Э.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог талаарх баримтгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэхээр байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дэх хэсгүүдэд тус тус зааснаар Э.Э-н хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, тус нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй болохыг  тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн Э-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овгийн Э-ын Э-г нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Э-г нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, тус нутаг дэвсгэрээс явахыг хориглож, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Э-д мэдэгдсүгэй.

5. Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

6. Тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Э.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

             

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                А.БЯМБАЖАВ