Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2022/0061/Э |
Дугаар | 146/ШЦТ/63 |
Огноо | 2022-05-31 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Д.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 146/ШЦТ/63
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал,
Хохирогч ******* /цахим/,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга: А.Батцог нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 2227000000057 тоот хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн орчим *******,******* хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн үед их согтуу байсан. Юу болсон талаар сайн санахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу” гэв.
Хохирогч *******н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр ******* нь ажил дээрээ байж байгаад хэсэг байхгүй болчхоод буцаж ирэхдээ согтуу ирсэн. Би ажлаа хийж байтал ******* нь гадаа манай эхнэр Туяацэцэгтэй хэрэлдэж, маргалдаад байх шиг байсан. ******* нь намайг өрөөндөө ажлаа хийж байхад орж ирээд төмрөөр миний гар луу цохисон. Тэгээд миний гар хугарсан. Би насаараа гараараа юм хийж амьдралаа авч явдаг хүн. Эмч хэлэхдээ миний гарыг 1 жил болж бүрэн эдгэрнэ гэж хэлсэн. Би гараа хугарснаас хойш ажлаа хийж чадахгүй байгаа. Миний гар өнөөдрийг хүртэл сайн эдгэрч өгөхгүй байна. Би дулааны улиралд ажил ихтэй байдаг. Гэтэл энэ жил гараа хугалуулаад ажил зогсоод байна. Би ажлаа алдсандаа гомдолтой байна гэв. Хохирогч *******н мөрдөн байцаалтад өгсөн “...Миний гарыг Бадарч төмрөөр цохиж гэмтэл учруулс сан. Тухайн үед Гантулга, Заяат нар байсан. Бадарч манай эхнэр Туяацэцэгийн эгчийнх нь хүүхэд байгаа юм. Тухайн өдрийн өглөө нь Бадарч ирээд хэсэг байж байгаад явчихсан тэгтэл Туяацэцэг Бадарч байхгүй болчихлоо архи уучихсан гэж яриад байж байтал Бадарч архи уучихсан орж ирээд Туяацэцэгтэй хэрэлдсэн. Бадарч би чиний амаар архи уусан юм уу гээд хэрэлдээд байсан. Би ажпын байрнаас гарч ирсэн чинь Бадарч төмөр барьж цохих гэсэн тэгэхээр нь баруун гараар хаах гэтэл төмрөөр гарын шуу хэсэг рүү цохисон үүний улмаас гар хугарсан. Төмрөөр хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл Заяат, Гантулга хоёр ирж Бадарчийг татаж авсан...Ямар учраас намайг цохиж байгааг мэдэхгүй байна. Эгчтэйгээ хэрэлдээд уурлаж байсан тэр .уураа надад гаргаж байна гэж ойлгосон. Би ажил дээрээ эрүүл байсан Бадарч гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд эгчтэйгээ хэрэлдсэний дараа намайг төмрөөр цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуу/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Нэргүй ахын хашаанд байсан. Тэгэхэд гаднаас Баагий буюу Бадарч архи уучихсан шинжтэй ирсэн Нэргүй ахын гэрт шууд орсон. Хашаанд болохоор Гантулга, Нэргүй ах бид 3 төмрөөр юм хийж байсан. Тэгэхэд Бадарч Туяацэцэг эгчтэй хэрэлдчихсэн гэрээс гарч ирээд хашаан дотор хэрэлдсэн...Бадарч нь Туяацэцэг эгчийг гэр рүүгээ орчихсон цаг хугацааны дараа Нэргүй ах руу төмөр /труба/ барьж дайрсан би Бадарчийг төмрөөр хүн цохино гэж бодоогүй тэгтэл Бадарч труба төмрөөр Нэргүй ахыг цохисон. Цохих үед Нэргүй ах гараараа хамгаалсан. Тэрний дараа Гантулга бид 2 Бадарчийг барьж авч хорьсон. Нэргүй ахын гар тухайн үед гэмтсэн. Ямар учраас Нэргүй ахыг зодож цохих болсон талаар мэдээгүй тухайн үед Бадарч архи уучихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуу/,
Гэрч С.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн “...Миний бие 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 10-11 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах хоёрдогч түүх эд худалдаж авдаг Туяацэцэгийн хашаанд гагнуур хийж байхад гаднаас Баагий гэх залуу архи уучихсан бололтой орж ирсэн. Нэргүйн хашаан дотор гагнуурчин Заяат бид хоёр гагнуур хийж байсан юм, харин Нэргүй хашаан дотор төмрийн дэргэд зогсож байсан. Би Нэргүйн хашаанд төмөр гагнаж байсан болохоор яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг харсан чинь Баагий төмөр барьчихсан Нэргүй тэр хоёр ноцолдож байсан. Тэгээд Заяат бид салгасан Нэргүй гэр рүү орсон. Баагий явчихсан... гэсэн мэдүүлэг/хх-ийн 17-р хуу/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан №245 дугаар дүгнэлтэд: “...1. *******н биед зүүн гарын шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4 Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25-р хуу/,
Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 30-31-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 38-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******ид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэр,******* хашаан дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх 11-12-р хуудас/, гэрч *******, ******* нарын мэдүүлэг /хх-ийн 17, 19-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан №245 дугаар дүгнэлтэд: “...1. *******н биед зүүн гарын шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4 Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25-р хуу/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 30-31-р хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 38-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******н биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч *******н шүүх хуралдаанд “...Би насаараа гараараа юм хийж амьдралаа авч явдаг хүн. Эмч хэлэхдээ миний гарыг 1 жил болж бүрэн эдгэрнэ гэж хэлсэн. Би гараа хугарснаас хойш ажлаа хийж чадахгүй байгаа. Миний гар өнөөдрийг хүртэл сайн эдгэрч өгөхгүй байна. Би дулааны улиралд ажил ихтэй байдаг. Гэтэл энэ жил гараа хугалуулаад ажил зогсоод байна. Би ажлаа алдсандаа гомдолтой байна...” гэж тайлбарласан бөгөөд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Хохирогч *******н гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 75 см урттай труба төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН