| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/01063/И |
| Дугаар | 102/ШШ2018/01262 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2018/01262
| 2018 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2018/01262 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: О.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б, Б.Э нар нь 1999 оноос хамтран амьдарч 2002 оны 5-р сарын 03-нд гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 1999 оны 9-р сарын 22-нд хүү Б.Э, 2001 оны 7-р сарын 09-нд охин Б.А нар төрсөн. Хоорондын таарамжгүй байдлаас болоод 2003 оноос тусдаа амьдарч байгаа. Хүү Б.Э нь эцэг Ба-ын асрамжинд, охин А нь эх Э-ийн асрамжинд байдаг. Нэхэмжлэгч О.Б нь тусдаа гэр бүлтэй болсон. Дундын эд хөрөнгө болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1999 оноос хамтран амьдарч 2001 онд албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас 1999 оны 9-р сарын 22-нд хүү Б.Э, 2001 оны 7-р сарын 09-нд охин Б.А нар мэндэлсэн. Бид зан ааш, хоорондын таарамжгүй байдлаас болоод 2003 оноос тусдаа амьдарсан. Б хүү Э-ийг, би охин А-ийг асрамжиндаа авсан. Баярбат хүнтэй гэр бүл болоод одоо 3 дахь хүүхэд нь гарах гэж байна. Би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгө, үр хүүхдийн асуудал дээр маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь Б.Э-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
О.Б Б.Э-д нар нь 2001 онд гэр бүл болж, 1999 оны 9-р сарын 22-нд хүү Б.Э, 2001 оны 7-р сарын 09-нд охин Б.А нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.
Харин талууд хамт амьдрах хугацаанд үзэл бодол таарахгүй байснаас хэрүүл маргаантай, хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2003 оноос тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, нөхөр О.Б нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж хүүхэдтэй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Зохигч хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаагүй байна.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2017 оны 4-р сарын 07-ны өдөр дуусгавар болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан О.Б, Б.Э нарын гэрлэлтийг цуцалж, 2001 оны 7-р сарын 09-нд төрсөн охин Б.А-ийг эх Б.Э-ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Талуудын хооронд эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүйг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА