| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2022/0062/Э |
| Дугаар | 146/ШЦТ/64 |
| Огноо | 2022-05-31 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Д.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 146/ШЦТ/64
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн,
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболор,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Гандөш
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2127000840059 тоот хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй,******* ажилтай, ам бүл 3, эх, охины хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо Бага тойруу 23 дугаар байр 13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах “Их хорум” зочид буудлын өргөтгөлийн барилгын ажлыг хариуцан ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4 дэх заалтуудыг зөрчсөний улмаас 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчим ажилтан ******* нь барилгын ажил явагдаж байсан талбайд байрлах усанд орох байранд усанд орж байхдаа цахилгаанд цохиулан нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Манай компанид ажиллаж байсан залуу боловсон ажилчин талийгаачийнхаа гэр бүлээс уучлалт гуйж, гүн эмгэнэл хүсэж байна. Манай компани 2020 оны 03 дугаар дугаар сараас Их хорумд барилгын гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. 2021 оны 06 дугаар сард талийгаач Пүрэвдорж нь манай компанид туслах ажилтнаар орж ажилласан. Тухайн үед Улаанбаатар хотоос хүмүүс ирж ажиллаж байсан. Хүмүүсийнхээ ажлын шаардлагаас шалтгаалж ариун цэврийг хангаж хүйтэн усаар усанд ордог байсан. Үүнийг өөр аргаар боловсронгуй болгох зорилгоор бойлуур хийсэн. Тухайн ажилчдын эрүүл аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй нь миний буруу. Мөрдөн байцаалтын шатанд гэрч нарын өгсөн мэдүүлэг байгаа тул би маргахгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би Улаанбаатар хотоос гарч Хархорин суманд ирэхэд дүү Пүрэвдорж нас барчихсан байсан... Хохиролд оршуулгын зардалд шүүгдэгчээс 14,300,000 төгрөг төлсөн. Одоо талийгаач *******ийн 36 сарын хугацааны дундаж цалин хөлс болох 32,400,000 төгрөгийг компаниас гаргуулж өгнө үү...гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед миний утас унтарчихсан байсан. Ажил тараад 20 цагийн үед утсаар мэдсэн. Надад манай эгч Оюунжаргал хэлсэн. Тэгээд шууд Улаанбаатар хотоос гарч Хархорин суманд ирэхэд дүү Пүрэвдорж нас барчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуу/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед Топологи ХХК-ийн ажилчид ажлаас буугаад амралтын байр /гэрт/ байж байтал хүн тогонд цохиулж байна гэж сан, салхивч хариуцан ажиллаж байгаа хоёр залуу. Тэгэхээр нь гэрээс гартал ажилчдын усанд ордог душь дотор хүн тогонд цохиулсан гэсэн, очиж хаалгаар нь хартал амь хохирогч газар шалан дээр ойчсон байсан. Тэгэхээр нь тэнд байсан хүмүүсийн хамт душийн хаалгыг эвдэж амь хохирогчийг гаргасан. Тухайн байранд амь хохирогч Пүрэвдоржоос өөр хүн байгаагүй. Эмч эмнэлгийн ажилтан ирж үзээд нас барсан талаар хэлсэн тэгээд аваад явсан. Барилгын гадна душийн ойролцоо явж байсан хүмүүс надад болон манай гэрт байсан тогооч Эрдэнэтуяа, цахилгааны туслах инженер Өлзийбаяр бид нарт гадаа душь дотор хүн тогонд цохиулж байна гэж хэлсэн тэрнээс бид нар нүдээр үзэж хараагүй харин душийн хаалганы завсраар харахад талийгаач газар унасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуу/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Улаанбаатар хотоос Улсын баяр наадмын өмнөх нь зам нээгдэх үед Хархорин суманд ирсэн тэгэхэд талийгаач ажилдаа орчихсон байсан. Тэгээд бид нар цуг амьдардаг байсан ба 2021 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 07 цагт ажилдаа явган алхаж явсан тус өдрийн орой утсаар яриад 19 цаг гээд гэртээ харина гэдгийг хэлсэн. Тэгтэл 19 цаг өнгөрч байхад манай гэрт хоёр эрэгтэй хүн ирээд талийгаачийг тогонд цохиулсан эмнэлэг дээр байна гэдгийг хэлсэн би тухайн хоёр залуугийн хамт Хархорин сумын нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд талийгаачийг нас барсан гэж эмч эмнэлгийн ажилтан хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуу/,
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хэрэг болсон цаг хугацаанд би Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт “Их хорум” зочид буудлын өргөтгөлийн барилгын хашаанд байрлах гэр дотор Норовсүрэн болон тогооч Энхтуяа нарын хамт байсан. Гэтэл гадна хүмүүс шуугилдах чимээ сонсогдож гараад хартал душь буюу усанд орох зориулалт бүхий байранд хүн байна. Дотор нь байгаа хүн орилоод байна гэсэн яриа сонсогдсон. Очиход сангийн ажил хийж байсан Шагай буву Нямдалай, салхивч хийж байсан Аагий буюу Алтангэрэл хоёр дотор хүн байна гэж хэлсэн. Норовсүрэн бид хоёрыг эхэлж очиход хүн тогонд цохиулж байна гэхээр нь би гэр рүү гүйж ороод гэрт дотор байсан тог цахилгааны утсыг салгасан. Бид хоёрыг очихоос өмнө бойлерийн тог цахилгааны розеткийг салгасан байсан. Байрны хаалга нь дотор талаасаа түгжээтэй байсан тул гаднаас онгойлгох хэрэгтэй гэж бодож гэр рүү буцаж дрель авчирсан, хаалганы нугасны шрүпнүүдийг тайлж хаалгыг онгойлгож дотор ороход талийгаач газар ойчсон байсан, гаргаж ирээд эмнэлэгт дуудлага өгсөн. Уг үйл явдал богино хугацаанд болж өнгөрсөн. Би БОДЖ ХХК-ний ажилтан биш би бойлер буюу ус халаах зориулалт бүхий тоног төхөөрөмжийг огт засан янзлаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуу/
Мэргэжилтэн ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би цахилгааны инженер мэргэжлээр 16 жил ажиллаж байна. Таны үзүүлж байгаа гэрэл зургуудыг харлаа, 56 дахь гэрэл зураг дээр бойлерийн ёроол хэсэгт цахилгаан гүйдэл газардуулах зориулалт бүхий тэмдэглэгээ байдаг бөгөөд тухайн тэмдэглэгээний хажууд төмөр боолт байна. Тухайн төмөр боолтоос газардуулгад холбох ёстой байсан. Гэрэл зургаас харахад газардуулга хийгдээгүй байна. Мөн усанд орох зориулалт бүхий байр нь төмөр хийцтэй учир газардуулгатай байх ёстой гэвч газардуулга байхгүй байна. Иймд тухайн гэрэл зургуудаас харахад бойлерийг цахилгаанд холбосон нь техник ашиглалтын дүрмийг зөрчиж байна. Ямар нэгэн газардуулга байхгүй учир тухайн нөхцөлд хүн усанд орж байсан тохиолдолд хүний биеэр цахилгаан гүйдэл гүйх боломжтой. Гэхдээ аль хэсгээс цахилгаан гүйдэл үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй. Учир нь гэрэл зургаас харахад усанд орох зориулалт бүхий байрны монтажны утсыг харуулсан 58 зураг, 59 зураг дээр шаардлага ханаагүй харагдаж байна. Мөн 56, 55, 54 зураг дээр бойлерний холбосон утсан холболтууд хайлж шатсан байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-р хуу/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №760 дугаартай дүгнэлтэд: “...Амь хохирогч *******ийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун мөр, бугалганы доод хэсэгт цахилгаан тэмдэг, зүрхний ховдолд цусны бүлэгнэл, эд эсийн шинжилгээгээр зүрхний булчингийн ширхгийн фибриляци, долгионтол, цус эргэлтийн цочмог алдагдал зэрэг түргэн үхлийн шинж тэмдгүүд илэрсэн зэргээс үзэхэд амь хохирогч нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 87-92-р хуу/,
Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Б.Загдзэсэмийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-101-р хуу/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-31-р хуу/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-41-р хуу/,
Талийгаач *******ийн нас барсны гэрчилгээ /хх-ийн 155-р хуу/,
БОДЖ ХХК-ийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 07/2021 дугаартай “ажилд авах тухай” тушаал /хх 157-р хуудас/,
Хохирол төлсөн баримт /хх 189-р хуудас/,
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 183-р хуу/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт байрлах “Их хорум” зочид буудлын өргөтгөлийн барилгын ажлыг хариуцан ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4 дэх заалтуудыг зөрчсөний улмаас 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчим ажилтан ******* нь барилгын ажил явагдаж байсан талбайд байрлах усанд орох байранд усанд орж байхдаа цахилгаанд цохиулан нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуу/, гэрч *******, *******, , мэргэжилтэн нарын мэдүүлэг /хх-ийн 48, 53-54, 65-66, 106-р хуу/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн 760 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-92-р хуу/, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Б.Загдзэсэмийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-101-р хуу/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-31-р хуу/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-41-р хуу/, талийгаач *******ийн нас барсны гэрчилгээ /хх-ийн 155-р хуу, хохирол төлсөн баримт /хх 189-р хуудас/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 183-р хуу/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******ийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч ******* нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “хохиролд 14,300,000 төлсөн, одоо талийгаач *******ийн 36 сарын хугацааны дундаж цалин хөлс болох 32,400,000 төгрөгийг компаниас гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан бөгөөд талийгаач *******ийн тус компанид ажиллаж байхдаа авч байсан цалин хөлстэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авах саналтай...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболор “...хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэсэн санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 14,300,000 төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүй болохыг тус тус дурдаж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 14,300,000 төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нотлох баримтаа бүрдүүлэн талийгаачийн цалин 32,400,000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН