Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/01263

 

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/01263

Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: С.С-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.З-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Схариуцагч Д.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 онд гэр бүл болж 2011 оны 7-р сарын 05-нд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2011 оны 6-р сарын 19-нд охин С.Н , 2013 оны 11-р сарын 03-нд охин С.А нар төрсөн. Бид 2015 онд салж байсан боловч үр хүүхдээ бодоод эвлэрч хамт амьдарсан байсан. Одоо тусдаа амьдраад 1 жил болж байгаа зан харилцаа, үзэл бодол таардаггүй, хэл амаар их доромжилдог, цаашид хамт амьдрах боломжгүй, 2 охин маань миний асрамжинд байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 2 охиноо өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Д.З  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид 2011 онд гэрлэлтээ батлуулсан. 2011 оны 6-р сарын 19-нд охин С.Н , 2013 оны 11-р сарын 03-нд охин С.А нар төрсөн. Тусдаа амьдраад 6 сар болж байна. С болон ээж нь намайг хүүхдүүдтэй уулзуулдаггүй, бага насны хүүхэд ээжийгээ “авгай” гэж хэлсэн. Надад одоогоор өөрийн гэсэн гэр орон байхгүй боловч төрүүлсэн хүүхдүүддээ өөрийн асрамжиндаа авмаар байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  С.С нь Д.З д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

С.С, Д.З  нар нь 2011 онд гэр бүл болж, 2011 оны 6-р сарын 19-нд охин С.Н , 2013 оны 11-р сарын 03-нд охин С.А нар нарыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

 

Харин талууд хамт амьдрах хугацаанд бие биеэ хүндэтгэдэггүй, хэл амаар доромжилдог, хэрүүл маргаан үүсгэдэг, үзэл бодол таардаггүй зэрэг маргааны улмаас хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2017 оноос тусдаа амьдарч байгаа  нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Харин гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд бага насны охин С.Н , С.А нар эцгийн асрамжинд байгаа, одоогоор Д.З нь өөрийн гэсэн орон гэргүй байгаа, хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөлийг харгалзан эцгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийнхээ эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд туслах үүрэгтэй, хүүхдийг эцгийн асрамжинд үлдээснээр эхтэй нь уулзуулахгүй байх, түүний эсрэг хүмүүжүүлэх, үг хэл заах, эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.

 

Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2018 оны 3-р сарын 12-ны өдөр дуусгавар болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан С.С, Д.З нарын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 06-р сарын 19-нд төрсөн охин С.Н , 2013 оны 11-р сарын 03-нд охин төрсөн охин С.А нарыг эцэг С.С-ын асрамжинд үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.З аас 70 200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.  

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Р.АЛТАНТУЯА