Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 146/ШЦТ/66

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

          Улсын яллагч: Б.Түвшинтөр,

          Шүүгдэгч *******,

          Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн 2227000740083 тоот хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт Ө******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД: *******/,

       Холбогдсон хэргийн талаар:

       Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ******* гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд болох эхнэр *******г үл ялих зүйлээр шалтаглан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг өгөхөөс татгалзав.

         Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн “...Нөхөр бид 2 анх 2008 онд танилцаад гэр бүл болж байсан юм. Тухайн үед би өөрийн 1 охинтойгоо *******той хамтран амьдрах болсон бөгөөд тухайн жилдээ Батболд бид 2 дундаасаа 1 охин төрүүлсэн, дараа нь 2018 онд 1 хүү төрүүлсэн юм. Батболд бид 2 хамтран амьдраад 2-3 жил бусадтай адил гэр бүл шиг сайхан амьдарч байгаад, 2011 оноос хойш манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэж, заримдаа агсам согтуу тавьж явсаар өдийг хүрсэн. 2018 онд намайг ажилтай байх хойгуур миний охиныг манай аавынх руу хөөгөөд явуулчихсан байсан. Тухайн үедээ би Батболдыг уучлаад бага 2 хүүхдээ бодоод нөхөр Батболдтой, 2 хүүхэдтэйгээ дөрөв үүлээ хэсэг хугацаанд амьдарсан. Тэгтэл манай нөхрийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх болон надад агсам согтуу тавьж, цохиж зодох нь ихсээд сүүлдээ би тэсэхээ байгаад 2021 оны 07 дугаар сард бага хүүгээ аваад аавындаа очиж амьдарч байна. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүтэн сайн өдөр байсан ба үдээс хойш 15 цагийн орчимд би гэртээ ус авах гэж найз Үүрийнцолмон руу залгаж найздаа ирээд ус аваад өгөөч гэхэд манай найз хүрээд ирсэн. Тэгээд бид 2 усныхаа савыг аваад худаг орж усаа авчхаад найзын ажил дээр бид 2 хэсэг юм ярьж сууж байхад манай дунд охин залгаад “ээжээ та хаана байгаа юм” гэхээр нь би хариуд нь “ээж нь Үүрээ эгчтэй нь хамт байна одоо харих гэж байна гэж хэлсэн. Тухайн үед охинтойгоо утсаар ярьж байхад цаана нь Батболд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа юм шиг сонсогдсон. Тэгэхээр нь би шууд гэр рүүгээ очоод удаагүй байтал миний араас Батболд согтуу ороод ирсэн. Орж ирээд баруун талын орон дээр суучхаад нь би баганын эсрэг талаар тойртол шууд босож ирээд энгэрээс заамдаад авахаар нь би гарыг нь салгахад газарт унаад өгсөн. Би гэрээс гараад хажуу талын айлд ороод сууж байсан чинь гэрийн гадуур хүний алхах чимээ гараад яг миний байгаа гэр рүү чиглээд ирэхээр нь би Батболд орж ирж байна даа айлд хэрэлдэж маргалдаад яахав гээд орж ирэхээс нь өмнө гартал гэрийн үүдэнд миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиод авахаар нь би зөрүүлээд нүүрэн тус газарт нь 1 удаа алгадсан чинь газарт унаад өгсөн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Намайг аавынд байхад Батболд 3 удаа ирж байсан Эхлээд ирэхэд нь манай аав, ээж 2 Улаанбаатар хот руу явчихсан, хүүг Батболд аваад явчихсан байсан ба би гэртээ ганцаараа байх үед Батболд архи үнэртүүлчихсэн нэг найзтайгаа хамт ирээд шууд гэрт ороод гэрийн хойморт байх миний цүнхийг ухаад, түрийвчийг маань аваад гараад явсан, тэгэхэд нь би миний түрийвчийг авч яах гэж байгаа юм гэхэд чамд хамаагүй гээд яваад өгсөн.Дараа ирэхэд нь аав, хүү бид 3 хамт байхад согтуу орж ирээд аавтай хэсэг юм ярьж байгаад гэнэт намайг гарч уулзъя гээд гараас татахаар нь би айгаад үгүй гэсэн чинь гараа далайгаад цохих гэхэд аав дундуур ороод болиулсан, тухайн үед манай хүргэн Улаанбаатар хотоос ирж байсан учраас зөрөөд гараад явсан. 3 дахь удаах нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр болсон асуудал байгаа юм. 2017 оны 01 дүгээр сард гэрээс гарах гээд байхаар нь гаргахгүй орой болсон байна гэхэд тэгвэл хоёулаа хамт шатаж үхье гээд шалаар бензин асгаад шүдэнз зураад хаясан, тэгэхэд шалаар гал асаад битүү утаа униар болж байсан. 2017 оны 09 дүгээр сард хэрэлдэж байгаад миний үснээс зулгааж хашаан дотор газраар чирсэн, 10 дугаар сард цасан шуургатай байхад гэрээс хөөж гаргасан. 2018 оны 10 дугаар сард манай бага хүү төрөөд 2 сартай болж байхад согтуу орж ирээд ямар нэгэн шалтгаангүйгээр намайг гэрээс хөөж гаргаад оруулахгүй байсан. 18 цагаас 00 цаг хүртэл намайг оруулаагүй, Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгч байгаад гэртээ орсон. Намайг гэрт оруулахгүй байх хугацаанд миний 2 сартай хүү уйлаад л байсан. Тухайн үеүдэд Батболд согтуу байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

          Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 5-6 цагийн үед хүргэн ******* гэрт орж ирээд охин Нансалмааг гичий нохойгоор нь дуудаад багалзуурдаад авсан тэгэхээр нь айлынхаа хүн Сарааг дуудсан сараа орж ирээд чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн тэгээд би гэрээсээ гараад гадаа сууж байхад Нансалмаа хажуу талын хамар хашааны айл руу орсон. Хойноос нь нөхөр Батболд орсон тэгээд удаагүй байж байтал охин Нансалмаа гүйж гарч ирээд миний нүд рүү цохичихлоо гэж хэлсэн тэгээд Батболд гэр рүү орчихоор нь би араас нь ороод чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь миний өөдөөс чи надад муу чи намайг үздэггүй гэж хэлсэн. Би хаалга дарчхаад яв гэсэн чинь явахгүй байсан тэгээд Нансалмаагийн гар утсыг авах гээд дайраад байсан. Хүргэн Батболд надад би танай охиныг хаа явсан газар нь ална гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуу/,

          Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны орой 20:00 цагийн үед гэртээ байж байхад Нансалмаа ажпаасаа гэртээ ирж байсан. Удалгүй намайг Нансалмаагийн ээж Дариймаа гэх хүн Батболд гэрт ирээд агсам согтуу тавиад Нансалмаатай зодоо хийгээд байна гэж дуудаад байхаар нь гэрт нь ортол Батболд, Нансалмаа хоёр хоорондоо маргалдсан байдалтай байж байсан. Би яах гэж тэгж байдаг юм боль гэж хэлтэл мангар авгай гээд өөдөөс цохиж авах гээд дайраад байхаар нь гараад гэртээ орсон. Тэгсэн араас Нансалмаа манайд гүйгээд ороод ирсэн. Манайд орж ирж сууж байтал Батболдын дуу гараад манайх руу ирж явахаар нь байж бай гэтэл айлд хэрүүл, зодоон хийгээд яах юм гээд гараад явсан. Тэгсэн Нансалмаагийн нүд рүү Батболд цохиж зодсон гээд нүд нь хавдсан байсан. Дүү Эрдэнэбаяр нь Батболдыг манайд ороод унт гээд гэр рүүгээ чирээд авч явсан. Хэрүүл маргаан юунаас болж үүссэн талаар би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуу/,

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Батболд ахын мотоциклыг засварлаж өгчхөөд Батболд ах, эгчтэй чинь уулзах гэсэн юм гээд байхаар нь ахыг гэрээс нь хүүхэдтэй нь аваад хашаандаа очсон. Би гэртээ ороод Батболд ах аавын гэр рүү орсон. Гэртээ байж байтал эгч гаднаас хашигчаад Эрдэнэбаяраа аллаа энэ хүнээ аваач гэсэн. Би гараад очтол эгчийн нүд рүү цохиж зүүн нүд нь хавдсан байсан. Би салгаад Батболд ахыг гэрээсээ авч гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуу/,

          Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан №260 дугаар дүгнэлтэд: “...1.*******гийн биед зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4.Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй. б.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт/хх-ийн 19-20-р хуу/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******од холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

        Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ******* гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд болох эхнэр *******г үл ялих зүйлээр шалтаглан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх 33-34-р хуудас/, гэрч *******, Д:Саранцэцэг, ******* нарын мэдүүлэг /хх-ийн 39, 14, 15-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан №260 дугаар дүгнэлт /хх 19-20-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Тухайн гэмт хэргийн онцлог нь ахуйн хүрээнд буюу гэр бүлийн гишүүдийн хүрээнд, нууц далд аргаар үйлддэг.

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.

             Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

          Шүүгдэгч ******* нь эхнэр *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

          Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

          Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

          Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Хохирогч ******* нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч *******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч *******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна. 

          Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,

          шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

          шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

              Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно. 

                                                                                                                                                                                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХ-АМГАЛАН