Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2019/ДШМ/509

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, Э.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

хохирогч Д.Т,

яллагдагч Б.Б, Э.Г нарын өмгөөлөгч О.Аззаяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 676 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Б, Э.Г нарт холбогдох 1808019730108 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. У овгийн Б-ийн Б, 1997 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай Овоотын 7 дугаар гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. Б овгийн Э-ын Г, 1998 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Архангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өнгөлөг” авто угаалгын газарт машин угаагч ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Хотонт сум, 1 дүгээр баг, Хотонт цагаан сүм гудамжны 8-2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнгөлөг авто угаалгын газрын байранд түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй,

            Б.Б, Э.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2018 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рич" баарны гадаа иргэн Д.Ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хоёрлосон далд хугарал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Яллагдагч Б.Б, Э.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл ... эрүү ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсч болно гэж шинжээч мэдүүлсэн байх ба, харин прокуророос хохирогчид учирсан хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч нар нь бүлэглэж учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд хэрхэн яаж бүлэглэж үйлдсэн нь тодорхой бус, үйлдэл оролцоог ялгаагүй байна.

Иймд шүүгдэгч нарын үйлдэл оролцоог ялгаж, хохирогчийн эрүүл мэндэд учирсан эрүү ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг хэн учруулсныг нь нарийвчлан тогтоох нь шүүгдэгч нарын холбогдсон хэргийг зөв зүйлчлэх, эрүүгийн хариуцлагын шинж чанарт шууд хамааралтай байна.

Түүнчлэн, хэрэгт "Рич" нэртэй баарны хяналтын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан байх ба шүүх хуралдаанд бичлэгийг судлахад шүүгдэгч нараас хохирогч Д.Тг зодсон хэсэг энэ бичлэгт бүрэн авагдсан байна гэж мэдүүлсэн.

Иймд дээрх хэргийн газраас хураан авсан гэх бичлэгт тусгай мэдлэгийн шинжээчээр шинжилгээ хийлгэх, уг бичлэг дээр гарч буй хүмүүсийн өмссөн хувцас, биеийн хэмжээ, төрх хийсэн үйлдэл зэргээр шүүгдэгч нарын оролцсон оролцоог ялгах, эдгээр ажиллагааг хийснээр шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв тогтооход ач холбогдолтой.

Зөрчлийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг бүрэн, зөв тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэж үзээд Б.Б, Э.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гансүлд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан гол үндэслэл нь  яллагдагч Б.Б, Э.Г нарын үйлдэл оролцоог ялгаж, хохирогчийн эрүүл мэндэд учирсан эрүү ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтлийг хэн учруулсныг нь нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн байдаг. Анхан шатны шүүхээс шинжээч Энхбаатарын мэдүүлгийг үндэслээд бусад нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд яллагдагч Б.Бын хувьд тухайн үед хохирогч Түмэннасантай маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж баарнаас маргалдаад гарсан ба гарах явцдаа Б.Б нь Түмэннасанг баарны хаалгаар түлхэж гаргаад Түмэннасангийн нүүр, их бие хэсэгт нь өшиглөж гараараа цохиж зодож байгаа болох нь камерийн бичлэгээр тогтоогддог. Ингэж цохиж зодож байх явцад яллагдагч Гантогтох гарч ирээд ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хохирогчийн эрүүн тус газарт нэг удаа цохисон, дараа нь Бадгар эрүүн тус газар нь өшиглөөд хохирогч ухаан алдаж унадаг.

Хэрэгт авагдсан баримтаар ийм нөхцөл байдал тогтоогддог. Мөрдөн байцаалтын явцад шинжээч эмч Энхбаатараас мэдүүлэг авахдаа хөтөлсөн байдлаар мэдүүлэг авсан. “...Хохирогчийн биед учирсан гэмтэл буюу эрүү ясны далд хугарал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой юу. ...” гэх асуултад шинжээч “...Нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...” гэж мэдүүлдэг. ...Яллагдагч Б.Б нь цохиж зодож байх явцад Э.Г нь хажуунаас нь ирж цохисон ба нэг цаг хугацаанд үүссэн. Үүнийг яг хэний цохилтын улмаас үүссэн болохыг ялгах боломжгүй юм. Өшиглөх, цохихын аль аль үйлдлийн улмаас учрах боломжтой гэж шинжээч эмчийн зүгээс тайлбарладаг.

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дахин шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтлийг хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжгүй гэдэг. Шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулаад хэний үйлчлэлийн улмаас уг гэмтэл үүсэх боломжтой вэ гэдгийг асууж, тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой. Мөн шүүгчийн захирамжид “Рич” бааранд тухайн үед болсон асуудлын талаарх камерийн бичлэг авагдсан. Уг бичлэгийг шинжээч томилж, үйлдэл оролцоог нь ялгах гэж тусгасан байдаг. Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч Б.Б, Э.Г нарын үйлдэл оролцоо тодорхой бичигдсэн байдаг.

Дүрс оношлогооны шинжээч томилсноор хэний үйлдлийн улмаас хохирогчид эрүү ясны далд хугарал учирсныг тогтоох боломжгүй. Харин үзлэг хийсэн шинжээч эмч нарыг анхан шатны шүүх хуралд оролцуулж тогтоох боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна.” гэв.

Хохирогч Д.Т “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Яллагдагч нарын өмгөөлөгч О.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтас хэргийн 77 дугаар хуудсанд байх шинжээчийн дүгнэлтийн 3 дахь заалтад “...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй. ...” гэсэн дүгнэлт байдаг. Энэхүү дүгнэлтийг гаргахад оролцсон шинжээч эмч Энхбаатар нь мэдүүлэг өгөхдөө “...Энэхүү хугарал нь нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...” гэсэн эсрэг мэдүүлгийг өгсөн. Мөн “...Хоёр яллагдагчийн хэний үйлдлээс уг гэмтэл үүсэх боломжтой вэ. ...” гэх асуултанд шинжээч Энхбаатар “...Нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, хэн хаана нь өшиглөсөн, цохисон болох нь тодорхойгүй учраас нарийн задлах боломжгүй. ...” гэсэн байдаг.

Хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон камерийн бичлэгээс харахад Б.Б нь эхлээд 3 удаа нүүр лүү нь цохиод өшиглөж, Гантогтох нь нэг цохиж, дараа нь Бадгар нь нэг өшиглөж байгаа үйл баримт тодорхой харагддаг. Бичлэгээс яллагдагч нарын үйлдэл оролцоог тогтоох боломжтой.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч нарыг дуудан оролцуулж, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийн хүрээнд шаардлагатай гэрч, шинжээч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж, прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтойг дурдаж байна.

Иймд прокурор Ц.Гансүлдийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 676 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Б, Э.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Б.Б, Э.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ