Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0814

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр               Дугаар 128/ШШ2020/0814                   Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.П   

Хариуцагч: ЦЕГД

Нэхэмжлэлийн шаардлага: “ЦЕГД 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/657 дугаар тушаалын холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч З.П, түүний өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н р нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.П шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие З*******ын П нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 553 дугаар тушаалаар Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газарт тусгай хамгаалалтын хэлтсийн дэг журам сахиулагчаар томилогдон ажиллаж байсан.

Гэтэл ЦЕГД2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б/657 дугаартай тушаал гаргаж Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, Хууль зүйн сайдын 2015 оны А/64 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн албан тушаалын цол олгох журам-ын 6 зүйлийн 6.1.2-т заасныг тус тус үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр З.П******* надад төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахмад цолыг хураасан.

Ийнхүү төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үед миний бие 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх тухай төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн үйлдэл огт гаргаагүй бөгөөд нийтлэг үүргийг зөрчсөн болохыг ч тогтоосон үйл баримт байхгүй.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/657 дугаар тушаал гарах үед миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаа хийгээгүй буюу эмнэлгийн акттай байсан. Гэтэл намайг ажлаа хийгээгүй байхад энэ тушаал гарсан. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн гэх үйлдлийг шалгаж тогтоогоогүй, мөн энэ талаар надад танилцуулж, тайлбар авахгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна. Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж эрхээ хамгаалуулах боломжоо хэрэгжүүлэх хугацаа алдсан.

Тодруулбал 2016 он 11 дүгээр сард намайг ажлаас халагдах үед эхнэр жирэмсэн 2 ихэр урагтай байсан. Тухайн үед эхнэр 36 настай байсан. Тухайн үед 14 хоногийн чөлөө авч хадам аавыгаа эмнэлэгт сахиж байсан. Ураг ямар нэгэн согогтой гарч магадгүй гэсэн эмчийн шийдвэр гарсан. Хятад улсад очиж өндөр технологийн эхо оношилгоо хийлгэх, шинжилгээнд хамрагдах шаардлагатай байсан. Уг 14 хоногийн чөлөөг үргэлжлүүлэн нэмж чөлөө авч болох эсэх талаар хариуцсан даргаас асуухад нэмж чөлөө олдохгүй ажилдаа орох шаардлагатай гэсэн хариу өгсөн.

Тухайн үед ажилдаа орох, ар гэрийн асуудал гэсэн 2 сонголт гарч ирсэн. Ингээд би Хятад улс руу шинжилгээнд хамруулахаар эхнэрийн хамт явсан. 2017 онд 02 дугаар сарын 17-ны өдөр 8 сартай дутуу төрж 2 ихэр охинтой болсон. Эхнэр бие султай. Эдгээр шалтгааны улмаас эхнэрээ асрах шаардлагатай болоод төрийн албыг 1 жилийн хугацаанд хааж чадаагүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр А/657 дугаар тушаалыг яагаад илт хууль бус гэж үзсэн бэ? гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг зөрчсөн. Тушаалыг үндэслэсэн заалтууд учир дутагдалтай байна. Яагаад гэвэл Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, бусад хуулийг үндэслэсэн боловч Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т.албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулж болно гэж заасан байдаг. гэтэл бууруулах биш, ажлаас нь 1 жилийн хугацаанд халсан.

Тэгэхээр дээрх заалтыг ашигласан нь илт хууль бус гэж харагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтлахдаа яг аль заалт болохыг тодруулаагүй. 26.1 дэх хэсэг гэж заасан байна. Тушаалын хэсэгтээ Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 буюу төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлээгүй гэдэг заалтыг баримтлан 1 жил хүртэл ажлаас халсан.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 заалтыг баримталсан бол бууруулах байсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар 26.1 гэсэн боловч яг аль заалт болох нь тодорхойгүй.

Тиймээс хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, З.П*******ийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

Энэ үйл баримт 2013 оны 11 дүгээр сард болсон. 10 дугаар сард орон нутгийн сонгууль болсон. Нэхэмжлэгчийн эхнэр н.Ч******* Сонгинохайрхан дүүрэгт дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хуралд нэр дэвшсэн. Эсрэг тал нь нөхөр болох З.П*******ийг цагдаагийн байгууллагад ажилладаг болохыг судлаад ахмад цолтой хүн улс төрийн хэрэгт оролцсон гэж Цагдаагийн ерөнхий газарт мэдээлэл хүргүүлсэн. Улс төрийн хэрэгт оролцсон асуудал огт байхгүй.

Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 заалтыг зөрчсөн асуудал байхгүй. Хэргийн гол асуудал нь үүнээс үүдэлтэй. Мөн ар гэрийн гачигдал гарсан байхад сануулах, сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байхад шууд ажлаас халаад тушаал нь хууль бус гарсан байна гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газарт тусгай хамгаалалтын офицероор ажиллаж байсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд удирдлагадаа мэдэгдэлгүй 18 хоног ажил тасалж гадаад улс руу зорчсон. Албан шалгалтаар гаргасан зөрчил тогтоогдсон. Нэхэмжлэгч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Ар гэр өвчин зовлонтой байсан байдал нь тогтоогдсон.

Гэхдээ ажил тасалсан зөрчил нь байгууллагын дотоод журам зөрчсөн. Гаргасан тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6- д заасан шаардлагыг гаргасан. Албан шалгалтаас үзэхэд зөрчил гаргасан нь тогтоогдсон. Нотлох баримтаас үзэхэд эрх ашиг сонирхолд халдах, үйл баримтууд бий болсон байсан. Маргаан бүхий захиргааны актын хувьд сахилгын арга хэмжээ авах, сануулах, ажлаас чөлөөлөх, цол хураах зэрэг олон албан хаагчийн асуудлыг шийдвэрлэсэн байна. З.П*******ид хамаарах хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан.

Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх заалтаар ажлаас халсан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, албан хаагчийн сахилгын дүрэмд албан хаагч ажил тасалсан бол ажлаас халах хүртэл зохицуулалт байдаг. Цагдаагийн албан хаагч гадаад улсад зорчихдоо даргаасаа заавал зөвшөөрөл авдаг зохицуулалттай бөгөөд энэ журмаа зөрчсөн үйл баримт тогтоогдсон. Үндэслэх хэсэгт дурдсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 заалт бол нэхэмжлэгчид хамааралгүй” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь үгүйсгэгдэж байна. Чөлөө зөвшөөрөлгүй, ажил тасалж явсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу зохих шийтгэлийг хүлээлгэсэн гэж үзэж байна.

Хууль буруу хэрэглэсэн зүйл заалт нь  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны илт хууль бус акт болох гэдгийн аль үндэслэлд нь хамааралтай вэ? үүнд таарах үндэслэл байхгүй байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч З.П******* нь “ЦЕГД 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/657 дугаар тушаалын холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий актаар буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлж томилох, цагдаагийн цол хураах тухай” Б/657 дугаар тушаалын 11 дэх заалтаар З.П*******ийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахмад цолыг хураасан байна. 

Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан байна.

Нэхэмжлэгч З.П******* нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажил тасалсан зөрчил гаргасан болох нь албаны шалгалт хийсэн материалд авагдсан З.П тайлбар[1], Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэгдүгээр газрын даргын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанд гаргасан З.П*******ийн тайлбар[2] зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч З.П нь Цагдаагийн байгууллагад ажиллаж байх үедээ төрийн тусгай буюу жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулиар болон байгууллагын холбогдох дотоод, дүрэм журмаар хүлээсэн үүргээ чанд биелүүлэх үүрэгтэй.

            Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг буюу албан тушаал бууруулахтай холбоотой заалтыг баримталсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа Төрийн албаны тухай хуулийн албан тушаал бууруулах заалтыг баримталсан нь буруу” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

            Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх хуралдаанд “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/657 дугаар тушаалаар зөвхөн З.П*******ид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлээгүй, олон асуудлыг шийдвэрлэсэн, уг тушаалын 11 дэх заалтаар З.П д сахилгын шийтгэл ногдуулсан, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт бол бусад албан хаагчдад хамааралтай” гэсэн агуулгаар тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг баримталсан нь буруу гэх тайлбар үндэслэлгүй.

           Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/657 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д  заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. 

           Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д захиргааны актыг илт, илэрхий хууль бусад тооцох үндэслэлүүдийг тусгайлан тоочиж заасан ба хуульд заасан эдгээр илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй.

            Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/657 дугаар тушаалын 11 дэх заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан захиргааны актыг илт, илэрхий хууль бусад тооцох үндэслэлүүдэд хамаарахгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь ЦЕГДнь маргаан бүхий 2016 оны Б/657 дугаар тушаалыг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан байх ба нэхэмжлэгч З.П******* нь ажил тасалсан зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/657 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэж шүүх дүгнэлээ. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.  Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “ЦЕГД 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/657 дугаар тушаалын холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч З.П нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч З.П улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             М.БАТЗОРИГ

 

 

[1] Хавтаст хэргийн 74 хуудас

[2] Хавтаст хэргийн 57 хуудас